Монголын геологи хайгуулчдын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Монголын геологи хайгуул 2017” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад уул уурхайн салбарын томоохон байгууллага, олон улсын холбоод, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам оролцож байна.
Чуулганд оролцогчид Монголын геологи, хайгуулын салбарт тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийг тодорхойлон санал бодлоо солилцож байна. Энэ үеэр геологи хайгуулын салбарт төрөөс баримтлах бодлого, практикт хуулийг хэрэгжүүлэх, зарим хуулийн зүйл заалтыг өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлыг эрдэмтэн судлаачид тавьж байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Геологи, хайгуулын салбарын талаар олон нийт, энэ салбарт ажиллаж буй 50 мянган хүн мэдээлэл, мэдлэг дутмаг байна. Өнөөдрийн чуулганаар төр, аж ахуй нэгжүүдийн саналын зөрүүтэй асуудлаа нэгтгэх нь чухал юм. Түүнчлэн төрийн бодлого амьдралд нийцэж байгаа эсэхийг ярилцах боломж олдож байна” гэлээ.
Уулзалтаар ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болохоос гадна Засгийн газрын цаг, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг өрнөж байна. “Монголын геологи хайгуул 2017 чуулган хоёр өдөр үргэлжилж, маргааш өндөрлөх юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна