Уран зохиол... тэгээд бас судлана гэж байгаа. Зохионо гэдэг бол өөрөө худлаа зүйл юм. Сэтгэцийн асуудалтай хүн зохиодог. (3 настай хүүхэд л хамгийн их худлаа ярьдаг). Хорвоо дэлхий дээр цоо эрүүл хүн гэж байхгүй л дээ. Нийгэмд хэдий чинээ сэтгэцийн асуудалтай хүмүүс байна яг төдий чинээ худлаа зохиолууд борлогддог. Уншигддаг. Тэр зохиолуудаар дуу хийж дуулна. Ном болгож уншина. Кино хийж үзнэ. Алгаа хорстол ташна. Цаг ямагт нийгэм байнга ийм явж ирсэн. Бас ийм зүйлийг судалж удирдана гэдэг гайхалтай луйвар. Монголд уран зохиолоо судалж байсангүй. Ерөөсөө уран зохиол нь өөрөө хүмүүнлэгийн ажил учраас судлах нь ч мөн хүмүүнлэгийн ухаан юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан биш гэсэн үг. Сайн дурын магадгүй бага зэрэг шизо нэмсэн, үгэнд хайр дурлал зарлагчдын хүрээний асуудал. Тийм ч учраас монголд задгай тамхи шиг байдаг докторуудыг бусад ШУ-ы доктороос ялган ”утга зохиолын доктор”, ”теологийн доктор” хэмээн нэрлэдэг газар ч бий. Манайхан яахав дээ. 100 хээлтэгчид ноогдох докторынхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг улс хойно.
За энэ ч яахав. Яагаад уран зохиолыг судалдаг болчихсон юм бэ? Энэ бол нийгмийг тэр чигээр нь илбэдэж, зөвхөн нэг үзэл бодол, нэг хэл, нэг бичиг үсэгтэй болгохыг мөрөөддөг коммунистуудын л бодож олсон шинжлэх ухаан юм. Яахав дээ? Шинжлэх ухааны нэрийг барьж, өөрөөр сэтгэгч, чөлөөтэй сэтгэн бодогчдыг олж тодруулаад, тэдэн рүү шөнө хар Мария, савхан цамцтай чекистуудийг л явуулчихна. Нар мандахад нөгөө чөлөөтэй сэтгэгч, шоронд гяндлуулж, шонд өлгөгдөх юм уу? Духанд нь 35 мөнгө зоогдчихдог байлаа. Ийм зүйлийг судлаачид нөгөө орчин үеийн уран зохиолыг судалдаг эрдэмтэн, доовтор, шүүмжлэгчид ариун гараараа үзэг барьж байгаад л цаасан дээрээ хийчихдэг байлаа. Ийм зүйлийг 1991 онд Оросын “Тройцкий мост”, Францын ”La Sept” суваг, «Sodaperaga Productions» кино компанийн хамтран бүтээсэн ”Чекист” киноноос ой гуттал харж болно.
”Эх оронч”, ”Эх орон”, ”Эх орноосоо урвагч” гэдэг цол бол хиймэл нэр томъёо болох тухай буруугүй хүнийг буруутгах зүйл анги болох тухай ч тэр Солжиныцины ”Гулаг олтриг”-оос хангалттай нүүр нүүрээр нь уншиж болно. Үр дүнд нь юу болсон бэ? Үр дүнд нь үү? Одоо ихэнх залуучуудын огт дуулж байгаагүй, 40-өөс дээш насныхан сайн мэдэх ”айдас”-тай нийгэм бий болсон юм. Үнэхээр тийм нийгэм байсан юм. Өөрсдийгөө “Шинэ мянганыхан” гэж нэрлэж хочилдог ойворгон залуучуудыг ”Цагаан толгой”-д тайлагдаж, цаад наад учрыг ойлгохоос урьд тийм нийгэм байлаа шүү. Тийм нийгмийг устгахын тулд их юм хийсэн. Нэг хүн бүх зүйлийг мартуулахгүйн тулд ”Бүү март” гэдэг ном бичээд, хуудас хуудсаар нь дамжуулан уншиж байж, үг хэлэх эрх чөлөөтэй болсон юм. Дараа нь тэр хүн ”Хаан шалдан байна” гэж ”Цог” сэтгүүл дээр цогтой бичсэн юм. Энэ бол ХХ зууны түүх. Нэг залуу бүр шалдлаад ичимдэг эрхтнээ архины шилээр таглаж, номын хавтсан дээрээ тавин байж, энэ эрх чөлөөг олж авчээ. Харин нөгөө угжиж, хөхүүлээд зогсоогүй, ҮГ-ээр нь ялладаг байсан систем нь алга болчихсон ч Шинжлэх ухаанд үүрлэсэн орчин үеийн уран зохиолчид тийм ч амар алга болсонгүй. Д.Нацагдоржийн ”Миний нутаг” шүлгийг өмнөө барьчихаад л үржээд байв. (Үнэндээ Д.Нацагдоржийн ”Миний нутаг”, ”Од” шүлэг бол 1920-1930-аад онд Өрнөд, түүний суралцаж асан Германд хүчээ авч байсан модернист чиглэлийн уран бүтээлчдээс шууд болон дам санаа авсан орчуулга гэдэг нь улам бүр батлагдчих гээд л байгаа) Монголын хамгийн хямдхан орчин үеийн уран зохиол судалдаг доовторуудыг яг л талх шиг үйлдвэрлэв. Тэнд ямар ч бодлого байсангүй. Багш нар нь орос, англи хэл дээрхи хаанахын хэний ч хамаагүй уран зохиолын онолыг хуудас хуудсаар нь хайчлан авч, оюутандаа өгч, монгол хэл рүү орчуулан дүн тавина. Дараа нь тэр бүгдийгээ нэгтгээд, оюутнууддаа зарчихна. Тийм ч учраас онолын сэтгэлгээ нь ихээхэн Франкштейн шинжтэй аймаар зүйл болж хувирсан юм. Янз бүрийн хүний хаа гуя, хавирга сүвэргэнээс бүтсэн. Хичнээн аймаар байх тусмаа ашигтай. Ард түмэн болоод зохиолчид тэднээс улам л их айдаг байх ёстой. Төдий чинээ ашигтай байлаа. Ямар бэртэгчид байсан гэж санана. За тэгээд үнэхээр ШИНЖЛЭХ УХААН болж төлөвшсөн бол шинжлэх ухаан л шүү дээ. Ширээний ард тойрч сууж байгаад үнэн худал, зөв буруугаа ярьчихаж болно. Ядахад нөгөө яруу үгийн маасчирууд нь хоёр хуваагддаг юм. Чөдөртэй Зохиолчдын Эвлэл, Чөдөргүй Зохиолчдын Эвлэл гэнэ үү? Санаа нь бол зохиолчдоо, уншигчидаа, хорвоо дэлхий, хорхой шавьжийг ч хоёр хуваах хүсэлтэй байлаа. Энэ хорвоо дэлхий тэмцэлгүй нэг ч хором орших учиргүй билээ. Тэр дундаа Асури нарын орон болох МОНГОЛ шүү. Хэн нь ЧӨДӨРТЭЙ, хэн нь ЧӨДӨРГҮЙ зохиодог болохыг ялгаж салгахын тулд тэдэнд дахиад судлаач нар, орчин үеийн уран зохиолын доовторууд хэрэгтэй болов.
Орчин үеийн уран зохиол судалдаг Монголын хамгийн хямдхан доовторууд аугаа их Цэндийн Дамдинсүрэнгийн бичсэнээс хойш 6 онол, 8 түүх бичжээ. Ихэнх нь бие биенээсээ будаа идсэн. Бас хаанаас ч юм хэнээс ч юм хуулсан. Тэгээд ч тэднийг нийгэм хүлээж авсангүй. Саяхнаас тэд нөгөө ШУА-даа, ШУА-д өгч буй татвар төлөгчдийн мөнгөөр ”Монголын уран зохиолын их тайлбар толь”-ийг хийхээр болжээ. Хичнээн эрдэмтэн, хичнээн жил, ямар мөнгөөр хийх, ямар АРГАЗҮЙ-ээр хийх ямар ч тодорхой чиг баримтлал байхгүй. Хажууд нь Да багшийн дүрмээр ”Болор толь” гээд зөв бичгийн алдаа шалгадаг дүрэм боловсруулаад, онлайн хэлбэрээр зараад, амьдраад ашиг олоод, хүн амьтан ангасан адуу шиг хэрэглэж болж байхад, Да багшийн 3 ботийг онлайн номын санд тавьчихаад хүүхдүүдийг гар утсаар уншуулах нь бол хамаагүй эдийн засгийн үр ашигтай ШИНЖЛЭХ УХААНЧ ажил юм шүү дээ. За энэ ч яахав. Ингэсээр ингэсээр 30 жил өнгөрчээ. Бүх юм буцаад, коммунистууд ч амь орж эхлэв. Тэд хаанаас ч юм мөнгө олоод, ХХ зууны уран зохиолыг дахиж бичүүлэхээр шийджээ. Тэнд үнэндээ ямар ч Шинжлэх ухаан байсангүй. Тийм зорилго ч байхгүй. Тэдэнд академич Цэндийн Дамдинсүрэнгийн гэрээслэж үлдээсэн судлах аргазүй ч хэрэггүй. Ер нь Европ болоод дэлхий рүү хандах, тэнд өрсөлдөх ч сонирхол байхгүй. Зүгээр л Дорно зүгт мандсан коммунист ах дүү судлаачдын дэмжлэг байхад л хангалттай. Тийм ээ? Мухардал эргэн ирлээ. Коммунизм ч эргэн ирлээ. Алга ташин хүлээж авцгаа. Цаагуураа Үнэгүй шахуу тарааж байгаа ”ХХ зууны Монголын уран зохиол” гэдэг номыг олж аваад дотроос нь зарим тодруулах зүйлээ харчихна биддээ. Тэртэй тэргүй даргын мөнгөөр хэвлээд, даргын карьерийн төлөө тарааж байгаа номыг МӨНГӨ-өөр битгий худалдан аваарай л гэж захья даа.
“Хүрээ ахан дүүс”
Сэтгэгдэл бичигдээгүй байна