Сайд Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзлаа

2017/03/29
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Оюу толгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрес уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хүлээн авч уулзан,  компанийн үйл ажиллагааны талаар санал солилцож байгаад талархал илэрхийллээ. Тэрээр цааш нь “Бидний  эн тэргүүний зорилго байгаль орчин, эрүүл аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулж ажилладаг. “Оюу толгой” компани “Рио Тинто” грүппийн төвшинд аюулгүй ажиллагааг хангаж, усны зүй зохистой хэрэглээг маш чанд сахидаг. Байгаль орчны яамтай мэдээллээ ямагт солилцож, хамтарч ажиллаж байгаадаа талархаж байна. Хамтарч ажилласны үр дүнд ирэх жилүүдэд байгаль орчны үзүүлэлтүүдээ ахиулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Оюу толгой” компанийн одоо ажиллаж буй ажилчдын 96 хувь нь монголчууд байгаа аж. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч  ажиллаж буйгаа ноён Армандо Торрес энэ үеэр онцолсон. Өнгөрсөн онд хийсэн нийт худалдан авалтын 80 хувь нь монголд зарцуулагджээ. Үүнээс орон нутагт 70 сая ам.долларын худалдан авалтыг хийсэн байна.

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс “Оюу толгой” төслийн усны эрэл хайгуул 2013 онд эхэлсэн. Энэ хүрээнд маш олон газрыг өрөмдсөн. Өнгөрсөн хугацаанд есөн шүүрэлттэй цооногыг  битүүмжилж орон нутагт хүлээлгэн өгсөн. Цаашдаа ийм цооногуудыг  битүүмжилж орон нутагт хүлээлгэж өгнө. Даланзадгад, Хан богд суманд  дэд бүтцийг хөгжүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж буйгаа энэ үеэр дуулгасан юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Оюу толгой“ монголд маш чухал, томоохон төслөөс гадна их хэл амыг дагуулдаг. “Оюу толгой” төслийн үйл ажиллагаа хэр хариуцлагатай, орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлхөөс дараагийн томоохон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих загвар төсөл гэж би хувьдаа хардаг. Та бүхний ярианаас сонсоход орон нутагт их зүйлийг хийдэг юм байна. Харин нийт ард түмэнд мэдээллээ хангалттай өгч чадахгүй байна. “Оюу толгой” төсөл Монголд хэрэгжиж байгаа нь зөв. Говь нутагт хөгжил, цэцэглэлт  бий болж, хүн ард нь амьдрах сайхан орчин бүрдээсэй гэж хүсдэг. Албаны зарим баримтаас харахад тодорхойгүй бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн байсан. Жишээ нь, түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвшөөрөлгүй ашигласан,  ус ашиглах хэмжээгээ хэтрүүлсэн,  хог хаягдлын ялгалтаа хийлгүйгээр орчныг бохирдуулсан гэх мэт мэдээлэл бидэнд ирсэн. Говь нутаг эмзэг хөрстэйгээс гадна усны асуудал маш хүнд. Энэ мэт асуудал байгааг орон нутгаас бидэнд ирүүлсэн. “Оюу толгой” төсөл Монголд хариуцлагатай уул уурхайн загвар болсон төсөл байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

“Оюу толгой” төслийн 2017 оны менежментийн төлөвлөгөө  орон нутгаас ирүүлсэн мэдээ тайланд үндэслэн батлагдаагүй байгаа ажээ. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа “Бид орон нутгийн байгаль орчны газраас ирүүлсэн  мэдээлэл дээр үндэслэн ажлын хэсэг орон нутагт  ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Жилдээ 187,7 сая төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулдаг. Үүнийг бусад төсөл хөтөлбөрүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Говь нутагт усны асуудал маш хурцаар тавигддаг. Монголын говьд гүнийн усыг нөхөн сэргээх боломжгүй.

Тиймээс бодит байдалтай танилцах шаардлагатай” гэв.  Ноён Стивен Жонс “Мэдээллийн буруу зөрүү ойлголтыг өгсөн юм шиг байна. Бид усаа хэтрүүлэн хэрэглээгүй гэдгээ 100 хувь баталж байна. Газар дээр  нь очиж үйл ажиллагаатай танилцахыг дэмжиж байна. Манай үйл ажиллагаа та бүхний өмнө нээлттэй  байх болно. Та бүхэнд ирсэн мэдээллийг бид бас сайтар нягтлая. Зөв, буруу ойлголт байлгүй яахав. Хамгийн гол нь ойлголцоод хамтран ажиллах нь хамгийн чухал юм”  гэв хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна