Ам.долларын ханш буурна

2017/03/30
Нэг хэсэг дур зоргоороо өсөж байсан ам.долларын ханш сүүлийн үед жаахан тогтворжоод байна. 2,500 төгрөг рүү дөхөж байгаад багахан буурсан. Өнөөдрийн байдлаар ам.долларын дундаж ханш 2,460 төгрөг байгаа юм. Ямар ч байсан буурах маягтай л байгаа. Цаашид ч ам.долларын ханш буурах магадлал өндөр байна. Энэ сарын 22-нд Монголбанкныхан цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан.

Энэ үеэрээ иргэдийн хүлээлт ам.долларын ханш цаашид улам суларна гэсэн тал руугаа эргэж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, сүүлийн гурван сарын байдлаар төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламжийн хэмжээ буурах хандлага ажиглагджээ. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжаа төгрөгт хөрвүүлэх болсон байна.

Иргэдийн төгрөгийн хадгаламж 231.1 тэрбумаар өссөн бол байгууллагуудынх 159.8 тэрбумаар нэмэгджээ. Ерөнхийдөө долларжилт хумигдах шинжтэй байгаа нь энэ гэдгийг албаныхан хэлсэн. Ерөөс ам.долларын ханш цаашид сулрах боломж байгаа юм. Манай улс ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдах нь тодорхой болсон.

Эрх баригчид нэгэнт асуудлаа тохироод, төсвийн тодотголоо өргөн барьчихсан байгаа. Ирэх сарын 5-нд хаврын чуулган эхлэхээр хамгийн түрүүнд энэ асуудлыг хэлэлдэж, шийдвэрлэх байх. Хэрвээ асуудал шийдэгдчихвэл эхний ээлжинд ОУВС-гаас 440 сая ам.доллар орж ирнэ. Үндсэндээ манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. 

Цаашлаад шат дараатай олон зээл, тусламж, хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилж, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 850 сая ам.долларын зээл авах асуудлыг эцэслэн шийдээд ирсэн. Тэгэхээр ойрын үедээ Монголд 1.3 тэрбум ам.доллар орж ирэх гээд байна. Өөр нэг сайн мэдээ байгаа нь нүүрсний үнэ өссөн. Засгийн газраас мэдээлснээр бол ирэх сарын 1 гэхэд Чалькогийн өр дуусаж, манай улс Тавантолгойн нүүрсний орлогоо төсөвтөө авч эхлэх юм гэсэн. Ингэвэл валютын нөөц бас л нэмэгдэнэ.

Гэх мэтээр валютын орох урсгал илт сэргэх гээд байна. Тийм болохоор ирэх зунаас ам.долларын ханш мэдэгдэхүйц буурах болов уу гэсэн таамаглалыг зарим эдийн засагчид гаргаад байна. Ер нь таамаглал гээд байх ч юмгүй, ам.долларын ханш буурах нь тодорхой болов уу. Валютын орох урсгал илт нэмэгдээд, ам.долларын ханш сулраад ирэхээр хүмүүс хөдөлгөөнд орно.

Нэг хэсэг хүн бүр төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж, дөвчигнөсөн. Харин ханш буураад, төгрөгийнх чангараад эхэлбэл энэ хөдөлгөөн эсрэгээрээ эргэнэ. Ам.долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлж эхэлнэ гэсэн үг л дээ. 

Ам.долларын ханш ердөө л 30-40 төгрөгөөр буурахад л олон хүн, байгууллага төгрөгийн хадгаламжийг сонгож байна шүү дээ. Хэрвээ энэ хавартаа багтаад тэрбум гаруй ам.доллар ороод ирвэл хүссэн хүсээгүй ханш нь суларна. Хүмүүс ч ам.долларын ханш сулрахаас өмнө хэдэн ногооноо төгрөгт шилжүүлж, ашиг олохыг бодно биз дээ. Энэ мэтээр бужигнаан ширүүсвэл ам.долларын ханш огцом буурах ч магадлал бий.

Эх сурвалж:Монголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна