С.Чинзориг: Япончуудын олгох гэж байгаа нэн хөнгөлөлттэй зээл маш их хэрэгтэй

2017/03/30
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн.  Энэ уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжсэн нөхцөлд Японы Улсаас нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй  зээл олгохоо  илэрхийлсэн юм.  Энэ  асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нэн хөнгөлөлттэй зээл гэж юуг хэлээд байна вэ гэдгийг тодруулж хэлье. Нэн хөнгөлөлттэй зээлийн талаар олон улсын тодорхой аргачлал байдаг. Олон улсын аргачлалаар аваад үзэхэд хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош байгаа бол арилжааны зээл болдог. Харин хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас дээш байгаа бол нэн хөнгөлөлттэй зээл гэсэн нөхцөлд ордог. Японы Ерөнхий сайдын амлаж байгаа энэ зээлийг аваад үзвэл хөнгөлөлтийн хэмжээ нь 55 хувьд хүрсэн зээл юм байна гэж би хувьдаа баримжаа, тооцоо хийж үзсэн. Тийм учраас эдийн засаг хүндрэлтэй, хямралтай байгаа ийм цаг үед энэ зээл манай улсад маш хэрэгтэй зээл гэж харж байна.

Бидний авсан мэдээллээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй, үүнээс эхний 7-8 жилд үндсэн зээлд хүү төлөхгүй ийм нөхцөлтэй зээл гэж ойлгож байна. Ер нь Япон Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол Улсад хамгийн их өндөр дүнтэй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Нийтдээ энэ хугацаанд гурван орчим тэрбум ам.долларын санхүүгийн зээл, тусламж олгосноос нэг тэрбум нь дээрх зээлтэй ижил нөхцөлтэй буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл эзэлж байгаа судалгаа бий. Нөгөөтэйгүүр Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь хоёр талын ач холбогдолтой гэж би боддог.

Нэгд, Олон улсын валютын сан манайд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр манайд санхүүгийн сахилга бат сайжрах нөхцөл бүрдэнэ гэж эдийн засагчид үздэг.  Хоёрт, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр Монгол Улс нэгдсэн санхүүгийн бодлоготой явах, санхүүгийн сахилга сайжрах, үүнийг дагасан урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээлүүд нэмэгдэх гэсэн давуу талууд бий болно.

Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэж мэдэгдсэнээс хойш Японы Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаатай, хүү багатай, хөрөнгө оруулалтын зээл олгохоо амласан явдал юм. Ингэснээр урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл орж ирэх шугам нээгдэж байна" гэжээ. 
 
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна