"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх гэж буйтай холбогдуулан АМГТГ-ын дарга Д.Баатарцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Алтны салбарт хичнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Өдгөө алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө бүртгэгдсэн. Мөн ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж болох ч тодорхой нөхцөл байдалтай уялдан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх боломжтой гэж үзэж буй хэтийн төлөвтэй, нөөц бүхий талбайн судалгааг нарийвчлан гаргаж байна. Ингэснээр байгаль экологио дээдэлсэн алтны үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болон алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө гэдэгт эргэлзэхгүй байна.
-"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын зориулалтаар хичнээн га талбайг шинээр олгох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Засгийн газраас Алт-2 үндэсний хөтөлбөрийг батлан гаргасны дагуу УУХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нарийвчилсан, богино хугацааны болон урт хугацаанд хэрэгжих ажлуудаа хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зэхэж байна. Манай байгууллагын хувьд уг ажлын хүрээнд хайгуулын ажлыг эрчимжүүлэх, улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой ажлууд хийхээр бэлтгэлээ хангасан. Үүнд, Засгийн Газрын тогтоолын дагуу өнөөдрийн байдлаар 1.6сая га талбайг шинээр хайгуулын сонгон шалгаруулалтаар олгохоор зарласан. Бид уг ажлаа эхлүүсэн. Цаашид 13.5 сая орчим га талбайг өргөдлийн журмаар шинээр олгоно. Өргөдлөөр олгох талбайг өмнөх туршлага, дэд бүтцийнхээ хүрээнд цахим хэлбэрээр олгохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа.
-Өргөдлийн журмаар цахим хэлбэрээр талбай олгох ажил хэзээнээс эхлэх вэ?
-Дөрөвдүгээр сарын эхээр өргөдөл хүлээж авах ажил эхэлнэ. Харин сонгон шалгаруулалтын ажил явагдаж байгаа.
-Хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох ажил өмнө нь олгож байснаас ямар онцлог, шалгуурын дагуу явагдаж байгаа вэ?
-Сонгон шалгаруулалтын шаардлагад ямар нэг өөрчлөлт ороогүй. Өмнө нь олгож байсан журмынхаа дагуу явагдаж байгаа.
-Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хууль дүрмэнд өөрчлөлт оруулах ажил хийгдэж байгаа юу. Тухайлбал, “урт нэртэй хууль”-ийг дурьдаж болохоор байна?
-“Урт нэртэй хууль”-ийн хүрээнд дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Тус хуулинд “урт нэртэй хууль”-нд хамрагдаж буй талбайн солбилцлыг нарийвчлан тогтоох, зарим талбайд өөрчлөлт оруулах ажлыг БОНХАЖЯ-ныхан хийж байгаа. Бидний зүгээс Алт-2 хөтөлбөрийн хүрээнд алтны хэтийн төлөв, үйлдвэрлэл, олборлолт, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой талбайнуудыг “урт нэртэй хууль”-ийн солбилцолд өөрчлөлт оруулах санал оруулсан.
-Монголбанкныхан алтны шороон ордын нөөц шавхагдаж байна гэж үзэж байна. Харин танай агентлагийн тайлан мэдээг харахад алтны нөөц эсэргээрээ нэмэгдэж байгаа аж. Энэ зөрүү ойлголтыг тайлбарлана уу?
-Нөөц гэдэг зүйл байнга хөдөлж өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл нөөцийн хэмжээ тооцоолол нь олборлолтын техник технологи, тухайн ашигт малтмалын зах зээлийн байдал, үнэ, татварын орчин зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаарч байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл дээр алтны ханш өсч байгаатай холбоотойгоор хэдэн жилийн өмнө эдийн засгийн хувьд ач холбогдолгүй, нөөц гэж бүртгэгдээгүй байсан талбай шинээр бүртгэгдэж байгаа юм. Тиймээс зах зээл дээр алтны үнэ өсөхтэй зэрэгцэж компаниуд талбайн нөөцийн хэмжээндээ дахин тодотгол хийж, бүртгүүлсэнээр алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж байна. Харин өмнө нь бүртгэгдсэн нөөц багасаж, эдийн засгийн үзүүлэлттэй уялдаатай ашиггүй байсан нөөц үр ашигтай болж нэмэгддэг.
-Улсын хилийн бүсэд орших талбайн асуудлыг холбогдох яамдуудтай нь хамтарч шийдвэрлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Шинээр олгохоор зарлаж байгаа талбайд хилийн бүсийг хамруулаагүй. Харин өмнө нь 511 дүгээр тогтоолоор зарласан сонгон шалгаруулалт болон өргөдлийн журмаар олгосон талбайд хилийн бүсийн нэлээд талбай орсон байдаг. Хилийн тухай хууль хэлэлцэгдэж байна, мөн байгаль орчинтой холбоотой асуудлуудын хүрээнд хилийн бүсэд орших хэтийн төлөвтэй талбайнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлага бий. Тиймээс суурь судалгаа, мэдээллийг манай агентлагийн мэргэжилтнүүд хийж байгаа. Уг асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдвэрлэх болов уу.
-Өмнө нь хилийн зурвас газарт авсан талбайд энэ жил нөөц оруулахад ямар нэг хүндрэл үүсэх болов уу?
-Нэгэнт олгогдсон лицензэд ямар нэг асуудал бэрхшээл тулгарахгүй. Хилийн бүс нь тусгай хэрэгцээний газарт хамаардаг тул тус бүс нутагт ашигт малтмал эрж хайх, ашиглах нь Засгийн Газрын бүрэн эрхийн асуудал юм. Тиймээс уг үндэслэлийг 511 дүгээр тогтоолд тусгаж өгсөн байдаг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна