Б.Даваажанцан: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал байсаар атал нэхэмжлэлийг буцаасанд гайхаж байна

2017/04/03
Мягмар гарагт иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлтэй Э.Цэрэндолгорыг бусдын нэр төрийг гутаасан гэх иргэний хэргийн шүүх хурал болж шүүхээс нэхэмжлэгч талыг хуралдаанд ирээгүй хэмээн гаргасан гомдлыг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл шүүхээс гаргасан уг шийдвэрийг Б.Насанбаярын өмгөөлөгч Б.Даваажанцан хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж болсон үйл явдлын талаар бидэнд ярьсан юм.

-Таны үйлчлүүлэгч Б.Насанбаярыг шүүх хуралдаанд ирээгүй хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн хувьд сая болсон шүүх хурлын талаар үнэн зөв мэдээллийг өгнө үү?

-Миний бие гуравдугаар сарын 28-ны өдөр шүүхээс зарлагдсан хуралд нэхэмжлэгч тал болох Б.Насанбаярын өмгөөлөгчийн хувиар хуралд өөрийн биеэр оролцсон. Шүүх хуралд хариуцагч тал болох Э.Цэрэндолгор, түүний өмгөөлөгч нар ирсэн байсан. Шүүх оролцогч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ ч биелүүлж товыг хоёр талд хүргэсэн.

Шүүх хурал дээр хариуцагч Э.Цэрэндолгорын өмгөөлөгч хүсэлт гаргаж, түүнийг шийдэхээр хурал завсарласан. Тэр нь юу вэ гэхээр уг маргаан өргөн цар хүрээтэй тул Э.Цэрэндолгор нэмж өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд тавьсан. Гэтэл шүүх хуралдаан завсарлаад орж ирээд шүүгч уг хүсэлтийг нь шийдвэрлэлгүй, харин хүсэлтэд дурьдаагүй асуудлаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн100.2. дахь үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргасан. 

-Таныг шүүх хуралд оролцож байхад нэхэмжлэлийг нь буцаах шийдвэр гаргаж байгаа юм уу. Таныг шүүх хуралд оролцоогүй гэсэн мэдээлэл байгаа шүү дээ?

-Тийм ээ. Баянзүрх дүүргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн100.2. дахь үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргасан гэдгийг нь задлаад тайлбарлая.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/-ийн 100 дугаар зүйлийн 100.2.-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Тэгэхээр нэхэмжлэгч талыг шүүх хуралд байсаар байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана гэсэн үндэслэлийг шүүх яагаад барьж шийдвэр гаргав гэдэгт гайхаж байна. 

-Нэгэнт шүүх үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу нэхэмжлэлийг буцаасан шүүхийн тогтоол гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл манай талаас ирэх сарын 7-ны дотор Баянзүрх дүүргийн шүүхэд гомдлоо гаргах эрх нь нээлттэй гэсэн үг. Бид хуулийн дагуу гомдлоо гаргана. Бидний гомдлыг шүүхээс хангасан тохиолдолд уг маргаан цааш ердийн журмаар үргэлжлэн явагдана.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна