Ц.Пүрэвтүвшин: Төр "Эрдэнэт"-ийг булааж авахыг оролдож байна

2017/04/03
 Засгийн газар өнгөрөгч лхагва гаригийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет  компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх чиглэл өгсөн. Энэхүү шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, 49 хувийн хувьцааг  төрийн өмчит бүртгэж авчээ. Дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт очиж хүсэлт гаргасан байна. 

Тэрбээр “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зомпаниудын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан батлаад, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх гээд явж байгаа юм байна. Бидний авсан мэдээллээр бол өнгөрөгч баасан гаригийн оройноос хойш “бүртгэ” гэж шахалт үзүүлээд байж байгаа. Аливаа компанийн хувьцаа гэрээ хэлцлийн хүрээнд шилжих учиртай. Өнөөдрийн байдлаар манай компани 49 хувийг албан ёсоор эзэмшиж байгаа. Гэтэл бидэнд мэдэгдэхгүй төр ийм үйлдэл гаргаж байгаа нь хуульд хэрхэвч нийцэхгүй. Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын тогтоолтой холбоотойгоор төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ямар ч мэдээлэл ирээгүй” гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад   дараах хариултыг өглөө. 

-УБЕГ ямар шийдвэр гаргах нь хуульд нийцэх вэ?

-УБЕГ Хууль зүйн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа байгууллага биш. Олон хүний өмч хөрөнгийн асуудал яригддаг учраас улсын бүртгэл өндөр зохион байгуулалттай явагддаг. Энэ асуудал дээр УБЕГ хуульд заасны дагуу хууль ёсны бичиг баримтыг үндэслэн бүртгэл хийнэ гэж найдаж байна.

-УИХ-аас гаргасан тогтоолынг хүрээнд ямар нэг хэлцэл явагдсан уу?

-УИХ-аас гарсан тогтоол дээр манай компанийг хувьцаа эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрөөд хэлцэл хийх чиглэл өгсөн. Хэлцэл гэдэг нь хоёр тал харилцан зөвшөөрч сайн дураар оролцохыг хэлдэг. Иргэний хуульд “Төр иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасан. Гэтэл Төрийн өмчийн хороо давуу байдлыг ашиглаж хүч түрж байгаа нь зохимжгүй үйлдэл. Мөн Эрүүгийн хуульд аливаа өмчлөх эрхийг хязгаарласан, шилжүүлсэн илт хууль бус хэлцлийг бүртгэх нь гэмт хэрэгт тооцогдохоор заасан. Тиймээс бие даасан агентлаг болох УБЕГ энэ асуудал дээр хатуу байр суурьтай байгаасай гэж хүсч байна. Өнөөдрийг хүртэл манайд хэлцэл хийх тухай мэдэгдэл, албан ёсны бичиг ирээгүй. Төрийн өмчийг авах асуудал нь тусдаа хууль эрхзүйн зохицуулалттай. Манай дээр үүссэн асуудал бол хууль бус.
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна