Монгол Улс ОУВС-ын "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт" хамрагдахаар боллоо

2017/05/25
ОУВС-ийн захирлуудын зөвлөл Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах эсэх асуудлыг өчигдөр шөнө хуралдаж шийдвэрлэсэн. ОУВС-гаас гарсан шийдвэрийн талаар Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийхээр зарлаад байна.

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа дөнгөж сая, "Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээн мэдээлжээ.

Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах тухай монголын асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын зарим заалттай холбоотой байсан бөгөөд УИХ 30 дугаар тогтоол гаргаж гаднын хөрөнгө оруулагчтай холбоотой заалтыг хүчингүй болгоод байгаа юм. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ хүрээнд нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ хэмээн тооцож байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна