Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр бас өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Энэ үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах, хүүхдийн зуслангуудын талаарх мэдээлэл авах, политехник, коллежид элсэх, элэгний С вирусийн үзлэг, оношилгоонд хамрагдах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөвлөгөө, тэтгэврийн насны, хэмжээний тогтоолын талаарх мэдээллүүдийг авч болох төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувиллын талаарх мэдээлэл өгч байгаагаас гадна “Насны хишиг”-т шинээр хамрагдах 65 нас хүрсэн иргэд бүртгүүлэх боломжтой юм.
Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэж байгаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.
-Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд 21 аймагт зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгж 20,000 ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Энэ бүртгэл маргааш ч үргэлжилнэ. Тиймээс ажлын байр хайж байгаа хүмүүс ирээд бүртгүүлэх боломж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
-Иргэдийг ажлын байранд бүртгэх ажил цаашид үргэлжлэх үү. Зөвхөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр л бүртгэх үү?
-Үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж байна. Энэ жил 45,000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Үүнээс өнөөдөр 20,000 ажлын байрыг нь бүртгэж байгаа юм. Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ. Эхлүүлээд ч явж байна. Тодруулбал, энэ сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд залуучууд, ахмадууд эмэгтэйчүүдийн ажлын байраар хангаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.
-Гадаадаас ажиллах хүч авах тоо хэр их нэмэгдэж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Тодруулбал, Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авахад 50 хувь нь монголчуудаас бүрдүүлнэ гэсэн зорилт хэрэгжүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар Гадаадад ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг гарч байгаа. Тун удахгүй нэгдсэн тоо гарна.
-“Старт ап” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?
-Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд олсон бас нэг том зорилт бол залуучуудын бизнесийг дэмжих “Старт ап" хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, мэргэжлийн сургууль төгссөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих жижиг бизнесийн зээлийг олгоно гэсэн бодлого зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг дүүрэг болгонд залуучуудын “Старт ап" хөтөлбөрийг баталж өгсөн байгаа. Гарааны бизнесийг сонирхож байгаа залуучууд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт очиж мэдээлэл авах, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэдээлэл авах боломжтой” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна