1. ХӨГЖЛИЙН ЧАДАВХИ
Төрийн хөгжлийн бодлогын амжилт нь үндэснийхээ онцлог давуу тал, стратегийн нөөц бололцоог хэр оновчтой харж, төлөвлөн дайчилж чадахаас шууд хамаарна.
Ойрын жилүүдэд эдийн засгийн эргэлтэд оруулж болох манай хамгийн том нөөц бол Монгол орны минерал түүхий эдийн баялаг билээ. Энэ нөөцийг оновчтой ашиглаж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь бидний өнөөгийн гол зорилт юм. Харин, үүнтэй зэрэгцэн, эдийн засгийн өсөлтийг улс орныхоо хөгжил болгон хувиргах түүхэн шийдлийг томьёолон хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.
Даяарчлагдсан дэлхийд 3 сая монголчууд бид хэрхэн өрсөлдөн амьдрах вэ? Энэ тулгуур асуултад төрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги үзэл баримтлал тод хариулт өгөх ёстой.
Хэрэв дээрх асуултын хариултыг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын суурь гэж үзвэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн богино болон дунд хугацааны бодлого ямар байхаас үл хамаарч бид хэтийн амжилтад зөвхөн үндэстнийхээ сэтгэн бодох, ажиллах, бүтээх чадавхийг тасралтгүй өсгөх замаар хүрч чадна гэдгийг харж болно.
Монголчууд бидний өрсөлдөн амьдрах чадавхи бол орчин ахуй, оюун сэтгэлгээний хөгжлөө дагаж олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон үндэсний соёл, орчин цагийн, шинжлэх ухаанжсан мэдлэг, бидний эрчтэй ажиллах чадварын синергетик нэгдэл юм. Харин энэ чадавхийг тасралтгүй өсгөн хөгжүүлэх тулгуур нөхцөл, дэд бүтэц бол төрийн урт хугацааны туйлбартай бодлого, монгол хүн бүрт хүрсэн үндэсний боловсролын шинэ тогтолцоо болно.
2. ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАЖ, БҮТЭЭХ ТОГТОЛЦОО
Хүний нийгмийн хөгжил бүтээснээрээ хэмжигдэнэ. Тиймд улс үндэстэн мэдлэг чадвараараа өрсөлдөнө. Харин мэдлэг өдөр бүр шинэчлэгдэж, шинэ чадвар тасралтгүй шаардагдана. Энэ бол 21-р зууны даяарчлагдсан дэлхий буюу бидний амьдарч, улс орноо хөгжүүлэн авч явах шинэ орчны үндсэн дүрэм билээ.
Дэлхийн улс орнууд хүүхэд залуусаа ижилтгэн сургадаг “мэдээллийн” боловсролоос, бүх иргэддээ, насан туршдаа, хэрэгцээгээрээ сурах бололцоог хангадаг “чадварын” боловсролын тогтолцоонд эрчтэй шилжиж байна. 21-р зууны хөгжингүй орны дундаж иргэн амьдралдаа 5-8 удаа ажлаа, 2-3 удаа мэргэжлээ сольж байна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх, тэтгэврийн насанд хүрмэгц хувийн бизнесээ эхлэх нь хэвийн үзэгдэл боллоо. Технологийн эрчтэй хөгжил нь сургалт, үйлдвэрлэлийн хил хязгаарыг улам бүр арилгаж байна. Энэ бүх үйл явц улам бүр эрчимжиж, тасралтгүй суралцаж, амьдрах шинэ соёлыг бүрэлдүүлж байна.
21-р зууны Монгол нь тасралтгүй суралцаж, бүтээдэг үндэстэн байна. Үүний тулд бид насан туршийн, тасралтгүй суралцах үндэсний тогтолцоог бий болгож эрчтэй хөгжүүлэх шаардлагатай. Энэ шинэ тогтолцоо нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог солих бус, харин түүнийг шинэ үзэл баримтлал, арга барилаар сэргээн сэлбэж, орчин үеийн сургалтын технологийг өргөн нэвтрүүлж, бүх нийтийн оролцоотой, нээлттэй, төр-бизнес-олон нийтийн хамтын ажиллагааны өргөн талбар болгон өөрчлөх юм.
3. НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ
Хүн төрөлхтөн нээлттэй мэдлэг, боловсролын шинэ эринд шилжиж байна. Интернэтийн Википедиа толь бичгийг дэлхийн бүх орны 80 мянган эрдэмтэн, нийтлэлчид хамтран бүтээж, нэртэй олон арван их дээд сургуулиуд сургалтын материал, сурах бичгээ нээлттэй болгож, хамтран бичиж, онлайн сургалтын үйлчилгээний даяар зах зээл эрчтэй өргөсч байна.
Улс орондоо болон дэлхий даяар оюуны бүтээл, бүтээгдэхүүн хамтран бүтээх хөдөлгөөн аажмаар шинэ соёл, шинэ үйлдвэрлэл, бизнесийн асар том салбар болон хувирч байна. Үүнийг нээлттэй софтвэрийн хөдөлгөөний зөвхөн нэг бүтээгдэхүүн болох Linux програмын хөгжлөөс харж болно. Хэдийгээр Linux програм нь бүрэн нээлттэй, үнэ төлбөргүй бүтээгдэхүүн боловч уг програмыг тойрсон үйлчилгээний зах зээлийн багтаамж дэлхий даяар жилд 50 тэрбум долларт хүрээд байна.
Боловсрол, сургалтын олон зуун төслийн нэг болох Khan Academy нь 4000 гаруй видео хичээлийн онлайн сан байгуулж, сард тутам 5 сая хүнийг нээлттэй, үнэгүй үйлчилж байна. Анх англи хэл дээр гарсан энэ санг өнөөдрийн байдлаар дэлхийн 24 улс орон, түүний дотор Монгол улс, өөрийн үндэсний хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд байна.
Оюуны нээлттэй хамтын өмчийн (Creative Commons) хууль, эрх зүйн шинэ ойлголт аажмаар олон улсын оюуны хамтын ажиллагааны шинэ дүрэм, стандарт болон төлөвшиж байна. Оюуны нээлттэй хамтын өмчид бүртгүүлсэн анхны монгол бүтээлүүд бий боллоо.
ЮНЕСКО-гоос “Боловсролын нээлттэй нөөц” дэлхийн чуулганыг (2012.6) зохион байгуулж Тунхаг гаргасан юм. Уг тунхагт Боловсролын нээлттэй нөөцийг төрийн санхүүжилтээр дэмжихийг дэлхийн улс орнуудад уриалж, ард түмний татварын мөнгөөр санхүүжиж бүтээгдсэн аливаа оюуны өмч нь тухай улсынхаа Оюуны нээлттэй хамтын өмч байх үзэл санааг зөвлөмж болгосон.
4. ШИНЭ ДАВАЛГАА
Нээлттэй мэдлэг, боловсролын бүтээл (нөөц) нь оролцогч бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааны үр дүн, бүх нийтийн бүтээлч хамтын өмч юм.
Монголын эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд, олон нийт хамтран ажиллаж хэл соёлынхоо болон шинжлэх ухаан, боловсролын нээлттэй бүтээлүүд гаргах давлагааг үүсгэх нь улс орны хөгжлийн хамгийн том нөөц болох үндэсний оюуны чадавхийг нэгтгэн дайчлах, хурдтай хөгжүүлэх цоо шинэ боломжийг бидэнд олгоно.
Дэлхийн улс орнуудад өрнөж буй нээлттэй мэдлэг, боловсролын санаачлага, төслүүдэд Монголын эрдэмтэн, багш, мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцуулах нь 21-р зууны дэлхийн хөгжлийн том давлагааг улс орныхоо боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах өргөн боломжийг нээж байна.
Олон мянган эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд, иргэд улс орон, салбарынхаа хүрээнд болон дэлхий даяар хамтран ажиллах, сургах, суралцах технологийн суурийг Интернэт бүрдүүлж байгаа билээ. Монгол улс Интернэтийн сүлжээгээ цаашид өргөтгөн, бүх шатны сургуулиудийг бүрэн хамруулж, багш нарын мэдлэг, чадвар, сургалтын арга технологийг олон улсын тэргүүний стандартад хүргэж, Монголын шинэ үеийг үндэсний соёлоороо хүмүүжсэн, орчин үеийн мэдлэгтэй, шургуу ажиллаж, өрсөлдөн амьдрах чадвартай болгон хүмүүжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх нь үндэсний боловсролын шинэ тогтолцооны хамгийн чухал зорилт юм.
Нээлттэй мэдлэг, боловсролын дотоод, гадаад давлагаа нь Монголын боловсролыг цоо шинэ түвшинд гаргах боломжийг бидэнд нээж байна. Энэ боломжийг ашиглах нь урт хугацааны, өргөн хүрээтэй ажил байх боловч анхны алхам, санаачлага, бүтээлээсээ эхлэн нийгмийн амьдралд үр дүнгээ өгч эхлэх үйл явц байх болно.
Нээлттэй мэдлэг боловсролын давлагаа нь зөвхөн боловсролд төдийгүй төрийн байгууллагууд, бизнес, олон нийтэд нөлөөлнө. Хэл, түүх, соёл, шинжлэх ухааны нээлттэй бүтээлүүд олон түмэнд хүрч нийгмийг гэгээрүүлнэ. Бүх нийтийн, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо нь нийгмийн бүх салбарт боловсон хүчний мэдлэг чадварын шинэ түвшинг тогтоож, хөгжил дэвшил дагуулах болно.
Нээлттэй мэдлэг боловсролын сангийн тэргүүн Д.Энхбат
Сэтгэгдэл бичигдээгүй байна