Ипотекийн зээлийг засгийн газар хариуцна

2018/08/29
Энэ онд ипотекийн зээлийг улсын төсвөөс болон Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Ингэснээр зээлдэгчдийн тоо 2017 оныхоос мянгаар буурч 5000 орчим хүн хамрагдах төлөвтэйг холбогдох албаныхан хэлж буй.

Тэгвэл өнгөрсөн сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад Төв банкнаас хуваарилжээ. Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 2050 орчим иргэн хамрагдаад байгаа нь энэ аж.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Үндсэндээ Засгийн газар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг шийдэх боломжтой болно. Энэ хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан талаар Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байгаа юм.

Дашрамд, энэ оны долоодугаар сарын байдлаар ипотекийн нийт зээлдэгчдийн тоо 93 мянга гаруй болж, зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна