IPO гэдэг үг моодонд орж, анхны даатгалын компаниуд бирж дээр гаран, улмаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид Монголд үүсч байна. Ард (http://bolomj.ard.mn/), Мандал даатгал (https://ipo.mandal.mn/?paramurl=retail) компаниуд салбартаа түүчээ болон олон нийтэд хувьцаагаа санал болгож байна. Даатгалын зах зээл, IPO хийх шалтгаан, хүлээгдэж буй үр дүн, ирээдүйн боломж ба эрсдлийн талаар энэ удаагийн дугаараар онцлон ярилцлав. Нэвтрүүлгийн зочноор Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Ард даатгалын ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Мандал даатгалын ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн нар оролцлоо.
В.Ганзориг: Нэг салбарт хүчээ үздэг хоёр компани олон нийтэд нээлттэй болж байна. Энэ утгаараа даатгалын бизнесийн онцлог юу вэ, Монголын даатгалын зах зээлийн хэмжээ нь хэр том бэ гэсэн асуултаар нэвтрүүлгээ эхэлье?
Ө.Ганзориг: Голомт банкны гүйцэтгэх захирлын хувьд хэлэхэд Монголын банкны салбарын нийт актив 30 их наяд төгрөгт хүрч байна. Энэ сүүлийн 28 жилийн бидний амжилт. Гэтэл даатгалын салбарын нийт актив үүний дөнгөж 1 хувь буюу 300 тэрбум төгрөг. Барууны улсуудад энэ харьцаа бараг тэнцүү шахуу байдаг. Ихэнхдээ 1:2 харьцаатай байдаг. Энэ утгаараа даатгалын бизнес хөгжих маш их боломж Монголд байна. Нөгөө талаас хийх ажил маш их байна гэсэн үг.
Ч.Ганхуяг: Бид сая залуус, бизнесменүүд, ахмадууд гээд хэд хэдэн фокус групп судалгаа хийлээ. Гайхамшигтай зүйл нь даатгал гээд нарийвчлаад асуухаар хүмүүст сайн тогтсон ойлголт байдаггүй юм байна. Ялангуяа залуучуудад. Эрсдлийн удирдлага монголчуудад огт байдаггүй гэж дүгнэсэн. Үндэсний хэмжээнд байдаггүй гэдгийг хэдэн жилийн өмнө судалж гаргаж байсан ч айл өрхийн төвшинд шашин, мухар сүсгээр явсан хэвээр байна. Нүгэл хийчихээд дараа нь очиж наминчилдаг, амны билгээс ашдын билэг гээд муу юмны тухай ярьдаггүй, муу юм тохиолдохгүй гэж бодож амьдардаг өөдрөг үзэлтэй хүмүүс. Гэхдээ ядуурлын учир шалтгааныг судлахаар өрхийн сард хоёр сая төгрөгийн орлоготой нэг тэжээгч нь ямар нэг шалтгаанаар ажлаасаа завсардахаар л хүүхдүүдийн сургалтын төлбөр, банкны зээл гээд мөхлийн тойрог руу шууд ордог. Учир нь даатгалгүй, бас хуримтлалгүй. Ийм учраас бид иргэддээ даатгалын салбараа маш сайн ойлгуулах ёстой.
Даатгалыг энгийнээр хэлбэл, жишээ нь, бид дөрөв нийлээд утсаа арав арван төгрөгөөр даатгуулж нэгэндээ мөнгөө өгөөд, хэн нэг нь утсаа эвдэлбэл тэр хүндээ шинэ утас авч өгнө гэдэг тохироо шүү дээ. Үүнийг л бид хийгээд сурчих хэрэгтэй байгаа юм. Даатгалын компаниуд иргэдээс машины даатгал гээд мөнгийг нь аваад энэ цуглуулсан мөнгөө хөрөнгийн бирж дээр байршуулж болдог. Гэх мэтчилэн шат болгонд санхүүгийн боловсролын ажлыг хийхгүй бол бид дэндүү оройтож байна.
Х.Алтай: Монголын хөрөнгийн зах зээл дээр урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутагдаж байсан. Даатгалын компаниуд нээлттэй болж байгаа нь бидний хувьд энэ сул талаа нөхөж эхлэж буй түүхэн үйл явдалд тооцогдоно. Саяхан бас хамгийн анхны давхар бүртгэлтэй компани болох Эрдэнэс ресурс девелопмент бирж дээр гарсан. Энэ бүгд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирж байгааг онцолж хэлмээр байна.
А.Билгүүн: Даатгалын хоёр компани IPO хийхээр зэрэг гарч ирснийг зарим хүмүүс уралдуулж, бас өрсөлдөгч гэж харж байна. Иймээс даатгалын салбарын хөрөнгө оруулалтын онцлогийг бид энд ярилцах ёстой. Ямарваа даатгалын компани өөрийн гэсэн хөрөнгөтэй байдаг. Энэ нь голцуу банкны хадгаламж, Засгийн газрын үнэт цаас зэрэг эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд байршдаг. Энэ бол хөрөнгө оруулалтын өгөөжийн суурь баталгаа нь болдог. Нэмээд даатгалын компаниуд зах зээлд борлуулалт хийж, бүтээгдэхүүнээ зардаг. Миний харж байгаагаар даатгалын компаниуд банкны хадгаламжаас эрсдэл арай өндөр ч хөрөнгийн бирж дээр байгаа бусад компанитай харьцуулахад эрсдэл багатай бизнес, ийм төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Монгол Улсын даатгалын салбарын жилийн борлуулалтын дүн 140 тэрбум орчим төгрөг буюу манай ДНБ-ий 0.5 хувь. Бидэнтэй хөгжлөөр ойролцоо яваа улсуудын хувьд энэ хэмжээ 3.2 хувьтай байдаг. Тэгэхээр манай даатгалын зах зээл дор хаяж зургаа дахин өсөх боломжтой гэсэн үг. Энэ өнцгөөс харахад, одоо бирж дээр гарч байгаа даатгалын компаниудын аль аль нь засаглал, менежмент сайтай тул ирээдүйн боломж нь гайгүй юм болов уу гэж харагдаж байгаа.
В.Ганзориг: Хөрөнгийн зах зээлийн талаар өмнө нь хоёр ч удаа Синдикат ярилцлага хийж байсан. Хэдий тийм ч иргэдийн энэ талын мэдлэг хангалттай төвшинд байхгүй байгааг судалгаанууд харуулж байна. IPO гээд яриад байгаа энэ гурван англи үсгийн утга учрыг маш энгийнээр тайлбарлаж өгөөч.
Ч.Ганхуяг: Ө.Ганзориг Мандал гээд даатгалын компани байгуулсан. 24 жилийн өмнө Тогтохбаяр гэдэг хүн Ард даатгалыг байгуулсан. Энэ хугацаанд бид хувь хүмүүс дээр очоод бизнесээ тайлбарлаад хөрөнгө оруулаач гээд хаалттай хүрээнд яриад явж байсан. IPO гээд энэ гурван үсэгний цаана бид бүхэн бүтээж байгуулсан, ашигтай ажиллан жил бүр ногдол ашиг тараадаг, нийгмийн асуудлыг шийдэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа компанийнхаа 30 хувийг та бүгдэд санал болгож байгаа юм. Энэ жил гарсан IPO-р жишээ авахад та Лендмн-д хөрөнгө оруулсан бол мөнгөө нугалах боломжтой байсан, зарим дээр нь орсон бол хэвээр байх байлаа, бүр зарим дээр нь хөрөнгө оруулсан бол үнэ нь уначих ч эрсдэлтэй байсныг хараад хүмүүс эргэлзэж байгаа байх. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг утгаар та даатгалын компанид хөрөнгө оруулбал олон жил салбартаа ажилласан мэргэжлийн хөрөнгө оруулагчдын баг таны мөнгийг өсгөх зорилготой ажиллана.
Ө.Ганзориг: Даатгалыг яг банкны бизнес гэж ойлгох хэрэгтэй. Банк санхүүгийн эрсдлийг удирддаг бол даатгал үлдсэн буюу гал ус, эрүүл мэнд, газар хөдлөлт зэрэг эрсдлийг удирддаг. Энэ хоёр бизнес нийгэмд байх ёстой. Байх байхдаа хэмжээ нь адилхан байх ёстой. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Голомт банк хоёр мянга дахин томорсон. Ганхуяг захирал бид хоёр даатгалын салбар ирэх 3-5 жилд 10 дахин, цаашилбал 100 дахин томорно гэж тооцоолж байгаа. Томрох ч ёстой. Томруулах ч болно. Энэ бол бидний бас төр засгийн ч үүрэг.
Өнөөдрийн хүртэл олон компани IPO хийсэн. Ард, Мандал даатгал аль аль нь Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) олон улсын стандартад нийцүүлж гаргасан хатуу чанд журмуудыг мөрдөж ажилладаг. СЗХ даатгалын компаниудын тайланг Монгол банктай яг адилхан өдөр болгон авч шалгаж хянадаг. Даатгалын компанийн гүйцэтгэх захирлыг томилохдоо СЗХ-ноос зөвшөөрөл авдаг. СЗХ тухайн хүнийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, шударга ажиллаж чадах эсэх, салбарын туршлагатай эсэхийг судлан шалгадаг. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхий нябогоо томилохдоо хүртэл СЗХ-ноос зөвшөөрөл авдаг. Нэмээд сар болгон олон төрлийн тайланг хүргүүлдэг. Ердийн компани бол улиралд нэг удаа санхүүгийн тайлан гаргаад л явдаг шүү дээ. IPO хийснээр засаглалын хувьд бид Хөрөнгийн биржийн давхар хяналтад орно.
IPO-г Мандал даатгалын зүгээс тайлбарлаж хэлэхэд компанийнхаа өсөлт, бидний өмнө байгаа асар том боломжийг хүмүүстэй хуваалцмаар байна. Би олон жил санхүүгийн салбарт ажиллахдаа дандаа хүний мөнгө л удирдаж ирсэн. Хүмүүсийн мөнгө, хөрөнгийг өсгөж өгөх нь сайхан ажлуудын нэг. Тэр утгаараа би өөрийгөө эмч, багштай адилтгаж боддог. Даатгалын салбарын өгөөжийг 500, 1000 хүн хувьцаа эзэмшиж, магадгүй 10 мянган хүн хувь нийлүүлэгч болж мэдрээсэй гэж хүсч байна. Өнгөрсөн хугацаанд банкны зах хоёр мянга дахин өссөн бол ирээдүйд ийм өндөр өсөлт авч ирэх санхүүгийн бизнес даатгал байх юм. Тийм учраас даатгалын компаниа олон нийтэд нээлттэй болгохоор шийдсэн.
Х.Алтай: Компани олон нийтийнх болж буй процессийг IPO гэнэ. Мөнгөтэй хүмүүсийг бизнесийн төсөлтэй хүмүүстэй холбож өгч буй талбарыг хөрөнгийн зах зээл гэдэг. Аливаа бизнесийн салбарын өсөлтийг зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн, компанийнхаа хувьцаагаар дамжуулан жинхэнэ утгаараа олон нийттэй хуваалцах үйл ажиллагааг л хэлээд байгаа юм.
Ч.Ганхуяг: Гадны нэг жишээг хэлмээр байна. АНУ-д очихоор ТВ-р GEICO гээд реклам тувт явна. Ямар учиртайг нь ухаад үзэхээр Уоррен Баффетийн Berkshire Hathaway компанийн гол хөдөлгөгч хүч болох Government Employees Insurance Corporation компанийн товчлол. Машины даатгал голцуу хийдэг энэ компанийн сурталчилгаа маш их явдаг. Машины даатгалын хураамжийн орлогоор Berkshire Hathaway–ийн хийдэг хөрөнгө оруулалтуудыг тэтгэдэг. Нөхөр тэр том бизнесийн эзэнт гүрнээ босгохдоо даатгалын компаниар дамжуулаад төмөр зам, эрчим хүч зэрэг урт хугацаанд хэрэгжих, өндөр өртөгтэй хөгжлийн төслүүдийг санхүүжүүлж чадсан байдаг. Нэг хөрөнгө оруулсан компаниасаа бараг салдаггүй, харин ч тэр компаниа өсгөөд, улам томруулаад явдаг. Бидэнд ийм хөрөнгө оруулагч дутагдаад байгаа.
Хүн банканд нэг жилээр, хоёр жилээр мөнгөө хадгалуулдаг бол даатгалын мөнгө урт хугацаанд байршдаг. Түүнчлэн амьдралын даатгал, тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сангууд гарч ирэх ёстой. Бүх юм дөнгөж эхлэх шатандаа явж байна.
В.Ганзориг: Даатгалын компаниуд нээлттэй болохын сацуу мэргэжлийн хөрөнгө оруулагч болсноор хөрөнгийн зах дээр үе үе гардаг савалгаа багасна гэсэн үг үү?
Ч.Ганхуяг: Тийм. Татаж авч байгаа мөнгөний хугацаа даатгалын компаниудын хувьд урт байдаг. Арилжааны банк бол хүний нэг жил хадгалуулсан мөнгөөр хувьцаа худалдаж авч хөрөнгийн бирж дээр орж ирдэг байгууллага биш. 1997 онд Berkshire Hathaway–ийн А зэрэглэлийн хувьцааг Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрээс 7900 доллараар авсан бол өнгөрсөн хагас сайн өдөр үнийг нь шалгахад 321 мянган доллар болсон байсан. Тэгэхээр салбараа зөв хөгжүүлээд, бодлогоо зөв гаргавал даатгал манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж чадна. Үүнийг дагаад хувьцаа авсан хүмүүс ямар том өгөөж авах боломжтойг харуулж буй жишээ. Шууд Berkshire Hathaway–тай харьцуулж болохгүй ч гэсэн миний хэлэх гээд байгаа том боломжуудыг ойлгуулж чадах болох уу.
Нийгэмд үл итгэх байдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Лэндмн-ийг харахаар 7 мянган хүн орж ирээд хувьцаа захиалж байгаа нь нэгийг хэлж байгаа юм. Бид тэнгэрээс унасан амьтад биш. Өнөөдөр өөрсдийн хийж бүтээснээ нэр нүүрээрээ та бүхэнд танилцуулж байна. Саяны хэлсэн боломжуудыг олон түмэндээ хүртээх, гараа тосоод суух биш хамтдаа хөдөлмөрлөж энэхүү арилжаануудад хоцролгүй ороорой. Өнгөрсөн хойно нь бүү харамсаарай. Berkshire Hathaway–ийн хувьцаа жил хагасын өмнө 200 мянган доллар байсан санаж байна. Тэр үед ганц ширхэгийг аваагүйдээ би одоо ч харамсдаг.
Ө.Ганзориг: 2012 онд 100 мянган доллар байсан шүү дээ.
В.Ганзориг: Хөрөнгийн зах зээлийн давуу талуудыг зөндөө ярьлаа. Гэвч Анод банкны гунигтай жишээ байдаг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалд ХХБ-ны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр оролцсон гээд маргаан одоо хүртэл явж байна. Түүнтэй адил даатгалын компаниуд хөрөнгийн зах дээр мэргэжлийн хөрөнгө оруулагч болоод ороод ирэхээр даатгалын хамаг орлогоо тавиад туух эрсдэл үүсэх үү?
Ө.Ганзориг: Үүнийг Даатгалын тухай хууль, СЗХ-ны журмаар чанд зохицуулдаг. Харин компанийн удирдлага гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх эсэхийг би энд хэлж мэдэхгүй. Үүнийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ хууль эрхзүйн хүрээнд хязгаарласан, зохицуулсан бүх зүйлс нь байгаа. Нөгөө талаас хүмүүс даатгалын компани хувьцаа гаргаж мөнгө босгоод яах гээд байгаа юм бэ гэж асуудаг. Банк хувьцаа гаргаж мөнгө босговол илүү их хэмжээний зээл олгох чадвартай болно. Даатгалын компани мөнгө босгосноор илүү олон хүний эрсдлийг даана гэсэн үг. Өнөөдөр Монголын даатгалын салбарын голлох орлого уул уурхай, барилга, худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдээс орж ирдэг. Энэ эрсдлийг бид бүгдийг нь олон улсын хамгийн шилдэг давхар даатгалын компаниудад шилжүүлдэг. Даатгал хөгжөөд хоёр мянган жил болчихсон, яаж ажилладаг нь маш тодорхой бизнес.
1990-ээд оны эхээр ганзагын наймаа хөгжсөн. 1990-ээд оны дунд хавьд хувьчлал явсан. Дараа нь газрын наймаа эхлэсэн юм шиг байгаа юм. 2000 оны дундаас уул уурхайн лицензийн наймаа газар авсан. Харин өнөөдрөөс эхлээд шинэ бизнесийн тренд үүсч байна. Энэ бол даатгалын бизнес. Уул уурхайн лиценз аваад хятадуудад зарахтай адилгүй даатгал бол маш буянтай бизнес. Хохирсон, гэмтсэн хүмүүс нөхөн төлбөрөө авах гэж ирэхэд бид үйлчилгээгээ үзүүлэхээс гадна сэтгэл засал хүртэл хийдэг. Олон зуун мянган хүн даатгалаас баярлаад гарч явдаг. Даатгалын зах зээл дээр луйвар бас гардаг. ТВ харж байхад банкнаас зээл авчихаад зээлээ төлөөгүй хүмүүс банкийг муулаад ТВ-ээр яриад суугаад байдаг. Даатгалын компанийн захирал би арав гаран жил хийж байна. Луйврын материал бүрдүүлж ирээд нөхөн төлбөр авах гэж оролддог хүмүүс ТВ дуудна шүү, ингэнэ шүү тэгнэ шүү гэж зүй бус аашлах нь цөөнгүй байдаг. Цөөн хэдхэн ийм жишээнээс болж даатгалыг буруугаар ойлгох вий. Саяхан 30 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байсан энэ салбар одоо бас ч гэж 300 тэрбум төгрөгтэй болж өсөөд байна.
Х.Алтай: Та сая эрсдлийн тухай асуулаа. Олон нийтэд нээлттэй болж байгаа компаниудын үнэт цаасны танилцуулга дээр нэг юм байдаг. Тэр нь энэ компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар эрсдлээс бүрэн хамгаалагдахгүй гэсэн өгүүлбэр. Мэдээж зах зээлд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ үйлдвэр байгуулна гэж мөнгө босгочихоод машин аваад унавал энэ нь шууд гэмт хэргийн чанартай үйлдэл болно. Ер нь ирээдүйг бүрэн хэлэх боломж хаа ч байдаггүй. Тухайн компани биржийн гишүүн болж хувьцаагаа гаргаж байгаа ч хувьцааг нь худалдан авч буй та эрсдлээс бүрэн хамгаалагдаагүй шүү гэсэн үг. Үүнийг хувьцаа гаргаж буй компани бүр танилцуулга дээрээ бичсэн байдаг.
В.Ганзориг: Банк мөнгө босговол зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Даатгалын компани хураамжийн орлогоор мөнгө олж байгаа ч нэмж мөнгө босгох үед харилцагч, хувь нийлүүлэгчдэд наалдах бодит өгөөж нь юу байх тухай улам тодорхой хариулт авмаар байна.
Ө.Ганзориг: Нийгэмд эрсдлийг удирддаг хоёр багана байдаг тухай би дээр хэлсэн. Жишээ нь, би өнөөдөр нэг хадгаламж эзэмшигчийн мөнгийг Алтай захиралд зээл болгоод өгөөд явууллаа. Үүгээрээ би Алтай захирлын санхүүгийн хариуцлагын эрсдлийг авч байгаа юм. Энэ хүн зээлээ төлөхийг хүсвэл төлнө, хүсэхгүй бол төлөхгүй байж магадгүй. Би энэ эрсдлийг өөр дээрээ авсан. Харин би Алтай захирлын машиныг даатгавал хувь хүний хариуцлагыг нь өөр дээрээ авч байна гэсэн үг. Хүмүүсийн машин эвдэрч гэмтэх эрсдлийг нь даахын тулд даатгалын компаниудад санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөхөн олговрын сангаа томруулж, чадамжаа сайжруулах замаар улам олон хүнд даатгалын үйлчилгээгээ хүргэнэ гэсэн үг.
А.Билгүүн: Уул уурхай, дэд бүтцийн том төслүүд Монголд хэрэгжих үед асах их хэмжээний санхүүжилт орж ирдэг. 2030 он хүртэлх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг хангахын тулд 20 тэрбум орчим долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа бий. Энэ мөнгө орж ирээд зөвхөн банкуудад байршдаггүй бөгөөд бодит төслүүдийг санхүүжүүлдэг. Үүнийг дагалдаад асар их хэмжээний даатгалын бүтээгдэхүүн зарагддаг. Эдгээрийг одоогийн байдлаар дандаа гадаадын том даатгалын компаниуд ирж эрсдлийг нь авч байгаа. Дотоодын даатгалын компаниуд томорсноор энэ зах зээл руу орж өөрт ногдох хэмжээгээр борлуулалт хийх боломж үүсэх юм.
Ч.Ганхуяг: Хөрөнгийн хэмжээнээсээ хамаараад бидний эрсдэл даах чадвар жижиг байгаа юм. Таван сая долларын үнэтэй уул уурхайн ганц тоног төхөөрөмж нурж унахад манай гурван даатгалын компани дагаад явчих гээд байгаа байхгүй юу. МИАТ-ийн онгоцууд, том үйлдвэрүүд, уул уурхайн том тоног төхөөрөмжүүд гэх зэрэг нь бүгд даатгалтай байж гэмээнэ цаанаас нь худалдаа хийхийг зөвшөөрч, гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулдаг юм. Даатгалын компани хөрөнгийн захад хөрөнгө оруулах хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Үүнийгээ байнга тайлагнах үүрэгтэй. Тиймээс даатгалын компаниуд дураараа хөрөнгө оруулалт хийхгүй. Банк бүх зээлээ нэг хүнд өгдөггүйтэй адил гэсэн үг.
Би 1991 оноос хойш санхүүгийн зах зээлд ажиллаж байна. Харин анх удаагаа энэ долоо хоногт би Үндэсний телевизээр ярилцлагад орж ирээд манай хувьцааг ав гэж хэллээ. IPO-ийн цаана хариуцлагын асуудал байдаг. Зоос, Анод гээд жишээ бий. Бидний хувьд урдах ажлаа тооцоолсон, арын ажлаа хийчихсэн төдийгүй аудитор, үнэлгээ, хууль, татвар, андеррайтер, брокер, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны бүх шалгалтыг давж гараад, үнэт цаасны танилцуулгын хуудас болгон дээрээ гарын үсэг зурж байж хувьцаагаа олон нийтэд гаргах зөвшөөрлөө авдаг. Хоолоор бол мэргэжлийн хяналтынхан шалгаад аюулгүй, эрүүл хүнс байна гэж баталгаажуулж буйтай адил юм.
Энэ бүх ажлыг хийгээд, энэ бүх эрсдлийг тооцоод бид бүхэн иргэдэд хандан хадгаламжийн мөнгөө аваад манай хувьцааг ав гэж хэлж байгаа юм. Энэ нь таныг хордуулахгүй бөгөөд илүү ашиг өгөөжтэй хөрөнгө оруулалт байх боломжтой гэж хэлж байгаа хэрэг. Бид нэр төрөөрөө дэнчин тавихаас гадна хуулийн хариуцлага хүлээнэ. Өдий хүртэл ном журмаар нь бизнес хийгээд ирсэн бид цаашдаа ч гэсэн нэр төртэй ажиллаж чадна гэдэг итгэлтэй байгаа.
В.Ганзориг: Үндэсний даатгалын компаниудын чадамжаас үүдээд гадны давхар даатгал руу багагүй мөнгө урсдаг юм байна. Жилд ойролцоогоор хэр хэмжээний мөнгө ингэж гадагшаа гардаг вэ? Дотоодын зах зээл дээр гадны даатгалын компани ажилладаг уу?
Ө.Ганзориг: Мандал даатгалын хувьд нийт орлогын 80 орчим хувийг давхар даатгалд төлдөг. Энэ нь манай ТУЗ-өөс барьж буй стратегитэй холбоотой. Бид санхүүгийн хувьд хүчирхэг болтлоо том эрсдлүүдээ Герман, Швейцарын дэлхийд тэргүүлдэг давхар даатгалын компаниуд руу шилжүүлж байгаа. Энэ 80 хувиа аажмаар бууруулан, эсрэгээрээ дотооддоо голлох орлогоо үлдээдэг болно. Үүний тулд IPO хийж байгаа гэсэн үг. Оюу толгой гэх мэтээс орж ирдэг хэдэн зуун сая долларын даатгалын эрсдлийг дангаараа авдаг дотоодын компани өөрөө эрсдэлтэй компани болж хувирна. Монголын даатгалын компаниуд нэлээд консерватив ажилладаг. Том эрсдэл дээр тэр нь ч зөв. Эсрэгээр иргэдийн автомашины, зуслангийн байшингийн, эрүүл мэндийн, мөн дундаж компанийн эрсдлийг бүрэн даах төвшинд бид хүрчихсэн. Гадны тоглогч дотоодын зах зээл дээр байхгүй.
Ч.Ганхуяг: Хөрөнгийн захаас босгосон мөнгөөр даатгалын компаниуд технологийн шинэчлэл хийж, үйлчилгээгээ хялбар болгон цахимаар иргэдэд улам ойртоно. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг буурна. Мөн хуулийн эрүүл бус хязгаарлалтууд байдаг. Эдгээрийг зөв болгохын тулд олон нийтийг татаж оролцуулах, тэдний дэмжлэгийг авахад IPO тустай. Улстөрчид сонгогчдоо сонсдог шиг сонгогч болохын тулд манай хувьцаа эзэмшигч болооч ээ гэж байгаа хэрэг. Машинаа гамтай унангаа даатгалын хураамжаа төлөөд компанийнхаа ашгаас хувь хүртдэг болохыг хэлээд байгаа юм.
Хадгаламжийн, давхар, хөдөө ахуй ахуйн гээд даатгалын олон төрлүүд гараад ирсэн. Банкны салбар дангаараа байна, эдийн засаг нэг хөл дээр догонцож байна гэж ярьдаг атлаа эдгээр эх үүсвэрээ хөрөнгийн бирж рүү оруулдаггүй. Хадгаламжийн даатгалын корпораци хөрөнгө бирж дээр байдаггүй.
В.Ганзориг: Энэ боломжийг мэдэхгүй болоод ингээд байдаг юм уу, эсвэл мэддэг атлаа ямар нэг шалтгаанаар хөрөнгийн зах зээр энэ мөнгийг оруулдаггүй юм уу?
Ө.Ганзориг: Ойлгохгүй болоод л тэр.
Х.Алтай: Сайн ойлгохгүйгээс болгоомжлоод байгаа байх.
Ө.Ганзориг: Банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн гурван тулгуур багана эдийн засагт байдаг. Энэ бол сүүлийн 1000 жил дэлхийд тогтсон жишиг. Бид барилга бариад сурчихлаа. Үүнтэй адил эдийн засгаа барьж сурах хэрэгтэй байна. Банкин дээр 30 их наядын актив байхад даатгал түүний 1 хувь байгаад байдаг. Хөрөнгийн зах гээд брокер, дилерүүдийн компаниудын активийг нэмээд ч 0.1 бүр 0.01 хувь болох байх. Сүүлийн жилүүдэд шийдвэр гаргагчдын чих онгойж ойлгож эхлээд хөгжүүлье гээд ажлууд явж байна.
Ч.Ганхуяг: Барилгаар бол суурь байхгүй болчихоод улсын эдийн засгийн хөгжил гацаад байгаа.
Ө.Ганзориг: УИХ Жолоочийн хариуцлагын тухай гээд гайхамшигтай хууль баталсан. Энэ хууль дотор хураамжийн дүн тавьсан байдаг. Гэхдээ л энэ хууль гарснаар өмнө нь бид машинтай зам дээр явж байгаад мөргөлдөхөөрөө гарч зодолддог, эсвэл хэн нь замын цагдаад танил ихтэйгээрээ дийлдэг байсан явдал зогссон. 2008 онд анх би даатгалын компанийн захирал болоод барууны улсуудад жолооч нар мөргөлдөөд хоорондоо уулзахгүй, машиндаа сууж байгаад даатгал дуудаад асуудлаа шийддэг юм байна гэхэд үлгэр шиг сонсогддог байсан. Энэ мэтчилэн хэд хэдэн заавал даатгалын төрлүүдийг манай улс нэвтрүүлэх хэрэгтэй.
В.Ганзориг: Монголд ер нь даатгалын хэдэн төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ? Үүнээс хэд нь заавал даатгуулах төрөл вэ?
Ө.Ганзориг: Хариуцлагатайгаар хэлэхэд дэлхийд байдаг бүх даатгалын бүтээгдэхүүн Монголд бий. Одоогоор жолоочийн хариуцлагын даатгал л заавал даатгуулах төрөлд ордог.
Ч.Ганхуяг: Хүмүүс одоог хүртэл НДШ, ЭМД-аа даатгал биш татвар гэж ойлгоод яваад байдаг. Үүнийг нь улс удирддаг болохоор юун хөрөнгийн зах зээл байтугай санг удирдаж буй хүний үзэмжээр л эргэлдэж байдаг гаж тогтолцоотой. Энэ бүхнийг бид өөрчлөх ёстой. Маш олон хүн эрүүл мэндийн хувийн даатгал авдаг болсон. Хувийн тэтгэврийн сан яг адил. Өнөөдөр хоёр сая төгрөгийн орлоготой байсан хүн маргааш тэтгэвэрт гарахад улс сарын 300 мянган төгрөгөөр л амьдар гэдэг харгис тогтолцоотой. Энэ тогтолцоог засахад хувь хүний асуудал шийдэгдэхээс гадна улс орны асуудал давхар шийдэгдэх юм. Урт хугацааны хөрөнгийн хуримтлал бий болгох боломж нь уг нь бидэнд бий. Даанч тийм улс төрийн сайн санаачлага гарч ирэхгүй байна.
Гаднаас дандаа мөнгө зээлнэ. Зээлсэн мөнгөний дийлэнхийг нь эргүүлээд гадны бараа, үйлчилгээний төлбөрт явуулчихдаг. Дээрээс нь даатгалын мөнгөө бид ихэнхийг нь давхар даатгал гээд гадагшаа гаргаж байна. Иймээс дотроо хамтраад боломжтой зүйлсээ органик бусаар хүчээр өөрсдөө хийх хэрэгтэй болсон байна.
Ө.Ганзориг: Улсын эрүүл мэндийн даатгалд жилд 400 тэрбум цугладаг нь манай хувийн даатгалын компаниудын эргэлтээс том гэсэн үг. Нэмээд жилд нийгмийн даатгалд 800 тэрбум төгрөг эргэлддэг. Дэлхийн бусад улсуудын жишгээр үүний талыг нь хувьчилж, хувийн салбарт шилжүүлдэг. Бид сар бүр ЭМД төлдөг хэдий ч тэрийгээ ашигладаг хүн хэд байна? Ирээдүйд бид улсад төлдөг ЭМД-ын талыг нь Ард, Мандал шиг хувийн даатгалын компанид төлнө. Энэ мөнгөний өгөөжөө хамгийн сайн үйлчилгээ, хамгийн өндөр эмчилгээний зардлаар буцааж авна. Эмнэлгийн үйлчилгээ муу, тэнд авилга байна гэж бид олон жил ярьж байгаа. Эрүүл мэндийн даатгалыг хувийн хэвшил руу шилжүүлэх замаар энэ асуудлыг шийддэг. Эмнэлгийн гүйцэтгэх захирлыг хувийн даатгалын компанийн захирлууд очиж шахаад ажлыг нь хийлгэдэг юм. Манай харилцагч өвчтөнг та дутуу эмчлээд байна, үхүүлэх гээд байна. Нас барвал бид өндөр төлбөрт унах тул манай хүнийг сайн эмчил гээд хянаад шахна шүү дээ. Төр бүгдийг хийх гэдэг коммунист үзэл яваад байна л даа, манайд даанч.
Х.Алтай: Жилийн өмнө Синдикат ярилцлагаар орж байхад хувийн тэтгэврийн сангийн тухай ярьж байсан. Харин өнөөдөр даатгалын компаниуд хөрөнгийн зах руу орж байгаа нь эхний том алхам шүү. Хэдийгээр засч залруулах юм олон байгаа ч бид байрандаа зогсоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
А.Билгүүн: Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо 2017 онд 2.1 их наяд төгрөгийг орлоготой байснаас 1.9 их наяд төгрөгийг тэтгэвэрт гаргасан. Одоогийн байдлаар бид хамгийн их ажил хийдэг, хамгийн бага тэтгэвэр авдаг иргэдтэй, хүн амын пирамидын хувьд нийгмийн даатгалын тогтолцооны хувьд хамгийн боломжтой үе дээрээ явж байгаа. 2030, 2040 он гараад ирэхээр энэ тогтолцоо ажиллахгүй. Энэ үед төрөөс өөр бодлого гаргах ёстой болно. Магадгүй ЭМД, НДШ-ийг татвараас хасагдах зардалд оруулах ёстой болно доо.
Ч.Ганхуяг: Энэ реформыг хийхэд улс төрийн асар их зориг шаардагдана. Энэ шинэчлэл буруу явбал улсын эдийн засаг том эрсдэлд орно. Уг нь иргэдээс цуглуулж буй мөнгийг эргээд тэтгэвэрт гаргах ёстой байтал энэ нь хүрэхгүй бид татварын мөнгөөр зөрүүг нь нөхөж байгаа шүү дээ. Уг нь бол юун тэр тэтгэвэр нэмэх байгаа шүү бодит нөхцөл байдал. Иргэдийн нийгмийн даатгалд төлсөн хуримтлагдсан дүн хүү тооцохгүйгээр 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг төр эргээд иргэдэд тэтгэвэр хэлбэрээр төлөх боломж байхгүй. Зайлшгүй реформ хийхгүй бол энэ цагийг нь тохируулсан тэсрэх бөмбөг гэсэн үг. Бид үүн дээр юу ч хийхгүй суусаар л байна.
В.Ганзориг: Мандал даатгал хөрөнгийн бирж дээр цан цохисон. Ард даатгал ирэх долоо хоногт цохих гэж байна. Уур амьсгал, хүлээлт, мэдрэмж ямар байна вэ?
Ч.Ганхуяг: Энэ мөчийг олон жил мөрөөдсөн учраас сэтгэл их хөдөлж байгаа. Мэргэжлийн санхүүгийн бизнес хийж буй хүний хувьд компанийн хувьцаагаа олон нийтэд санал болгоно гэдэг нь карьерийн оргил үед тооцогдоно. Энэ утгаараа би маш их аз жаргал мэдэрч байна. Нөгөө талаасаа энэ бол асар том хариуцлага. Тийм ч учраа өнөөдөр энд даатгал, IPO гэдгийг тайлбарлаад, гурван сая иргэндээ аль болох их мэдээлэл өгөх гээд хичээж байна. Манай хувьцаануудыг аваад, дээрээс нь энэ ондоо 1072 хувьцаа амь орвол, миний яриад байдаг Хөрөнгө оруулагч үндэстэн гэдгийг зарлахад ойртоно.
1998 онд бид монголчууд зээлээ төлдөг гээд анх барьцаагүй зээл олгож байсан бол өнөөдөр энэ хэвийн үзэгдэл боллоо. Үүнтэй адил тун удахгүй иргэн бүр хувьцаатай, хувьцаагаа гар утсаараа удирддаг болно. Бид урьдчилсан байдлаар захиалга аваад эхлэсэн. Аль болох иргэдэд хүртээмжтэй байлгахын сацуу иргэдийн авъя гэсэн хэмжээнд нь өгөхийг зорьж байгаа.
Ө.Ганзориг: СЗХ-ноос салбарын өрсөлдөгч хоёр компанид зэрэг зөвшөөрөл өгсөн ч бид захиалгын хугацаагаа зөрүүлж байгаа. Бид захиалгаа аваад эхлэсэн. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийн захиалгын дүндээ хүрсэн байна. Үлдсэн хоногуудад 10 тэрбум төгрөг гараад захиалга даваад биелэх болов уу. Хувьцаа аваад нэг сар дараад 20 хувийн ашиг хийгээд гарах хүмүүс бидэнд хэрэггүй ээ гээд анхнаасаа бид брокерийн компаниудад захисан. Хүмүүс банкинд хадгаламжийг хамгийн багадаа нэг жилийн хугацаагаар хийдэгтэй адил нэг, хоёр жилээр хуримтлал болгож өсгөх хүмүүсийг хөрөнгө оруулагчаар оруулаарай гэж бид хэлж байгаа. Гурван жилийн дотор манай хувьцаа нугарах байх гэж тооцоолж байна.
Би өөрөө Монголын анхны олон улсын дилерийн эрхтэй хүн. Дилер хүн ийм арилжааг удирддаг. Энэ утгаар хөрөнгийн бирж гэдгийг санаа төдий зүйлээ гарган хүмүүсийг төөрөгдүүлж, эсвэл өр зээлтэй компани түүнийгээ нөхөхийн тулд мөнгө босгодог зах зээл бүү болоосой гэж туйлын ихээр хүсдэг. Мандал даатгалын бизнесийн төлөвлөгөөг бид 2006 онд бичиж байгуулсан. Төлөвлөгөөний дагуу байгуулаад анхны эгзэгтэй үеэ өөрсдийн хөрөнгөөр даваад, хэдэн мянган харилцагчтай болоод, менежментийг нь төлөвшүүлээд, брэндийг нь тогтоогоод, олон тэрбумийн орлого, ашигтай болгосон. Хүнээр бол сайхан 16 настай хүүгээ ардын армид өгөх гэж байна. Бид өөрсдөө санхүүгийн зах зээл дээр олон жил ажилласан учраас үүнийгээ хайрлаж хамгаалдаг. Тиймээс хуурамч хулхи бараа гаргах биш маш олон жилийн хөдөлмөрөө гаргаж тавьж байгаа юм. Захиалга дуусаад Алтай захирлын мэдэлд манай компани орно доо.
А.Билгүүн: Алтай захирлын мэдэлд орохоос өмнө мэргэжлийн шинжээчид ажиллах байх. Мэдээж хувийн хоёр компани зөв, сайхан талаа гаргаж сурталчлахыг хичээнэ. Үүний зэрэгцээ эдгээр компаниудын санхүүгийн тайлан тоооцоо, ирээдүйн боломжийг эргэлзсэн нүдээр харж байдаг шинжээчид их болсон. Эдгээр хүмүүст талархах ёстой.
Х.Алтай: 10-аад жилийн өмнөөс л Ө.Ганзориг, Ганхуяг захирал бид нар мэргэжлийн хөрөнгө оруулагчтай болох юмсан, Монголын Волл Стрийтийг байгуулах юмсан гэж ярьдаг байсан. Тэр үед сая хийсэн давхар бүртгэл бол зүүд зэрэглээ шиг л санагддаг байв. Тэр үетэй харьцуулбал бид амжилттай байгаа мэт боловч энэ бол дөнгөж эхлэл. Миний ойлгосноор энэ зах зээл төрийн зохицуулалтаас илүүтэйгээр өөрөө органикаар хөгждөг юм байна. Анхны мэргэжлийн хөрөнгө оруулагчид гараад ирлээ, бизнесменүүд ч гэсэн хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ойлгоод, урт хугацааны капитал тэнд байгааг хараад эхэллээ. Зөвхөн арилжааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан банкууд хөрөнгө оруулалтын банкны шинэ чиглэл рүү эргэлт буцалтгүй орчихлоо. Энэ мэтчилэн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн дардан зам дээр бид гарч чадсан байна.
В.Ганзориг: Та бүхний хувьцааг авахаар сонирхож буй иргэдэд зөвлөгөө өгөөч гэвэл та бүхэн юу гэж хэлэх бол?
Ч.Ганхуяг: Манай дээр БиДиСек компани андеррайтераар орсон. Бүх брокерийн компани дээр очоод үнэт цаасны данстай бол захиалгаа хүссэн дүн дээрээ өгч болно. Хөрөнгө оруулалтын босго байхгүй. Эхэлж захиалга өгсөн хүмүүст хувь тэнцүүлэхгүй бүх захиалгын дүнг биелүүлэх хүсэлтийг бид Хөрөнгийн биржид өгсөн байгаа. Үүн дээр яриа хэлэлцээр явагдаж байна.
Ө.Ганзориг: Танд өөртөө хамгийн ойр байх брокер дээр дансаа нээлгээд л захиалгаа өгөөрэй. Үнийн доод хязгаар гэсэн юм байхгүй.
Х.Алтай: Нэлээд хэдэн жилийн өмнө бид Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтраад дэд бүтцээ шинэчилсэн. Үүний хүрээнд зарим нэг брокероор дамжин иргэд арилжаанд онлайнаар орох боломж бүрдсэн байгаа.
А.Билгүүн: Үнэт цаасны ба төлбөр тооцооны гэсэн хоёр янзын данс байдаг. Брокер таны үнэт цаасны дансыг нээж өгөх үүрэгтэй бол төлбөр тооцооны данс нээхэд арилжааны банк оролцдог. IPO-д оролцохын тулд энэ хоёр дансаа нээлгээд, мөнгөн хөрөнгөө арилжааны төлбөр тооцооны төвд байршуулсан байх шаардлагатай.
В.Ганзориг: Хөрөнгийн зах дээр байгаа мэргэжлийн шинжээчийн хувьд Билгүүн захирал, Хөрөнгийн биржийн захирлын хувьд Алтай захирал үзэгчиддээ хандан Ард, Мандал даатгалын алины хувьцааг нь авахыг санал болгох вэ? За тоглосон юм. Мэргэжлийн ёс зүйгүй асуулт асуучихлаа (Инээлдэв).
Ө.Ганзориг: Буландуулах гэж байна.
А.Билгүүн: Нэг зүйл тодруулж хэлмээр байна. Сүүлийн үед олон IPO гараад, хөрөнгийн зах зээл өндөр өсөлттэй байгаа тул хүмүүс авсан хувьцаагаа долоо хоног, нэг сар бариад зарах гэсэн хүмүүс их байна. Эдгээр хүмүүс хувьцаа уралдаж аваад, уралдаж зараад хөөс үүсгэдэг. Ийм хөрөнгө оруулагчид бага байгаасай, аль болох урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.
В.Ганзориг: Үнэтэй цаг зав гарган манай нэвтрүүлэгт ирсэн та бүхэнд маш их баярлалаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна