Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 багийн иргэн Ширнэнгийн Очирбаттай Хүслийн хадны орчим Бүжинлхам бурханы шав тавих ёслолын ажиллагааны талаар хором ярилцлаа.
- Энэ 3сарын 25-нд Хүслийн хадны орчим Бүжинлхам бурханы шав тавих ёслолын ажиллагаа болох гэж байна. Цаашлаад тэр газарт бүхэл бүтэн цогцолбор бүхий хийд, буян номын газар болохоор төлөвлөгдөн эхний ажлууд хийгдээд явж байна. Таныг энэ ажлыг дэмжиж байгаа гэж сонслоо?
- Ах нь 1990 он хүртэл социализмийн материал техникийн бааз байгуулна гээд явж байсан, МАХН-ын дайчин бэлтгэл хүчнээр хүмүүжсэн хүн. Тэгж явахдаа ээжийнхээ эрх бариад маань мэгзэм уншихыг нь хүртэл хориглож явлаа. Тэр байтугай Булган ууланд зул өргөхийг нь ч хүртэл хориглодог байсан. Монгол оронд ардчилал орж ирэх үеэс л түүхийн хар цагааныг ялгаж эхэлсэн. Хөөрхий муу ээжийгээ яаж зовоож, гомдоож байснаа ойлгож маш их харамсаж явдаг хүн л дээ. Гэтэл саяхнаас Баянбэрх ууланд орших бурхан номын газрыг түшиглэн хийд, номын газар байгуулахаар зүтгэж байгаа хүмүүстэй уулзсандаа олзуурхангуй явж байна даа хүү минь. Ээжийгээ гомдоосон тэр их үйлээ багахан ч гэсэн нимгэлэх үүднээс энэ үйл ажиллагааг дэмжин тэтгэврийн мөнгөнөөсөө сар бүр цуглуулж байна. Эрдэнэхүү их буянтай ажлыг эхлүүлж Архангайчууд төдийгүй Монгол улсдаа гайхагдахаар бүтээн байгуулалт хийх гэж байгаад талархаж дэмжиж байгаа. Олон ахмадууд энэ ажлыг маш ихээр дэмжиж байна.
-Баянбэрх уулын талаар мэддэг зүйлээсээ та хуваалцаач? Архангайн иргэд маань сүүлийн үед “Хүслийн хад” л гэж мэдэхээс бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байх шиг байгаа юм?
- Монголын 33 говь гэдэг шиг энэ Баянбэрх ууланд 33 шид бий. “Хүслийн хад”, хоёр Дарь-Эх гэдгээр нь л там тум ойлгоод байгаа юм. Бурханч лам Пүрэвбатын бүтээсэн Аглагийн хийд гэж байдаг даа. Тэр хийд бол байгалийн үзэсгэлэн, тогтоцыг ашиглаад хүний гараар бүтээсэн хийд юм. Харин энэ хайрханыг байгаль дэлхий өөрөө бүтээчихсэн. Үүнийг мэдэж байсан учраас 4-р Зая гэгээн ээжийнхээ дурсгалд зориулж хоёр Дарь-Эхийг бүтээсэн гэж хуучцуул ярьдаг. Баянбэрх хайрханы ид шид үүнээс л эхэлдэг. Тэнд бүх өвчнийг анагаадаг шидтэй хад байна. Өвдөг, хөл бөөр, толгойн өвчнийг анагаадаг, таарамжгүй гэр бүлийн хоёр очиж хэвтдэг яг ор шиг хад, орон байр, албан тушаал, машин техник хүртэл хүсдэг хад гээд 33 төрлийн шидтэй хад бий. Хаан, хатан суудал, үр хүүхэд хүсэх хад, эхийн умай гээд гайхамшигтай, байгаль ээжийн бүтээл бий. Үүнийг тэр болгон хүн мэдээд байдаггүй нууцалдаг байсан гэдэг. Мөн хажууханд нь тэр бүр хүн анзаараад байдаггүй хувхайрсан хоёр мод бий. Хэлмэгдүүлэлтийн үед доорх жалганд нь 600 ламыг буудаж хороосон. Тэр шөнөд нь тэр хоёр мод хувхайраад хоносон гэж ярьдаг юм билээ. Тэр хавьд буюу эмээл хадны орчим хохимой толгой шиг овон товонтой сонин тогтоцтой газар ч бий.
-Баянбэрх уулыг түшиглэн бурхан номын цогцолбор байгуулах гэж байгаа мэдээллийг та хаанаас авав?
- Дам сонсож байсан. Яг энэ талаарх бодит мэдээллийг энэ ажлыг эхлүүлэхээр зүтгэж байгаа Эрдэнэхүүгээс сонссон. Энэ хүүхэд хайрханы талаар маш их судалгаа явуулсан юм билээ. Тэр байтугай сансрын нисэгч Ганзоригтой уулзаж “Хүслийн хад”-наас “Эмээл хад” хүртэлх газрын энергийг хүртэл тодорхойлуулсан байгаа юм. Эрдэнэхүү өөрөө арав гаруй жил хийдэд суусан лам хүн, энэ хүний эхлүүлсэн ажлыг дэмжиж, өөрийн үйлийн үрээ нимгэлэх үүднээс сэтгэл шулуудаад байна л даа.
-Та хэдийнээс ямар дэмжлэг үзүүлж байна вэ? Цөөнгүй ахмад дэмжиж байгаа гэж сонслоо? Ямар байдлаар дэмжиж байна?
- Хандив өргөж байна энэ тэр гэж хүмүүс буруугаар ойлгох вий. Энэ бол хүн ард, Архангайн иргэдийн тусын тулд бүтээгдэж буй буянтай ажил учраас сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа юм. Би 2017 оны 10-р сараас эхлээд тэтгэврийнхээ мөнгөнөөс хорин мянган төгрөгийг оруулж байгаа.
- Энэ бүтээн байгуулалт иргэдэд, нутаг оронд ямар ач тустай юм бэ?
-Энэ бүтээн байгуулалт Архангайн брэнд болох ёстой. Дараагаар нь дэлхийн соёлын өвд бүртгэгдэх гайхамшигтай цогцолбор болно гэдгийг ухаарсан учраас бид дэмжиж байгаа. Энэ бол дэлхийн өвд бүртгэгдэх бүрэн боломжтой гайхамшигтай газар нутаг юм. Баянбэрх уул маань их догшин хайрхан л даа. Аргагүй юм л даа. Энэ хайрхан дээр тэр олон лам хуврагыг устгасан болохоор тэр биз. Энэ газарт буян номын хийд байгуулна гэдэг маш зөв асуудал юм. Энэ ажлыг Эрдэнэт, Дарханы иргэд Монгол хүн бүр маш их дэмжиж байгаа. Энэ цогцолбор байгуулагдаад ирэхээр аймгийн аялал жуулчлалд том хувь нэмэр оруулах болно. Олон мянган жуулчид байгалийн бүтээлийг сонирхох нь гарцаагүй, тийм л зүйлийг дэлхий нийт үзэхийг хүсдэг болсон цаг үе л дээ. Архангайн брэнд төдийгүй Монгол улсын бүр дэлхийн хэмжээнийх болно гэдэгт итгэл дүүрэн байна.
-Танд баярлалаа, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна