ХЭҮК илтгэлийг дөрөвдүгээр сарын 01-ний дотор мэдүүлэх ёстой. Энэ дагуу хуулийн хугацаандаа мэдүүлсэн. Гэвч сая л хэлэлцлээ. Өнгөрсөн жил ч ингэж таарсан хэдий ч нэг хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл гарсан учраас гишүүд идэвхтэй байсан” гэж ХЭҮК-ийн дарга ярьжээ.
Юуны өмнө хүний эрхийн асуудлыг авилгын индекстэй адил дугаарлаад, байр эзлүүлэх боломжгүй аж. Яагаад гэхээр улс орон болгон өөрийн онцлог, ёс заншил, хууль дүрэмтэй. Хүний эрхийн зөрчил нь ч улс болгонд өөр байдаг байх нь. Дэлхийн хаана ч хүн болгон заяамал, жам ёсны эрхээ эдэлж, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох алтан дүрэм үйлчилдэг.
Манай улсын хувьд жил бүрийн хүний эрхийн илтгэлд түгээмэл гардаг зөрчил бол эрүү шүүлт болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал байдаг ажээ. Тухайлбал 2017 оны илтгэлд хилийн боомтод ажиллаж буй Гашуунсухайт боомт дахь хилийн хяналтынхан болон бусад албан хаагчид маш хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг онцолжээ. Тэдний нийгмийн асуудлыг шийдээгүйгээс гэр бүл салах хүртэл байдал бий болсныг оруулсан байна.
Эсэргүү болж хувирсан иргэд
Баримт: Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ашиглахаар харилцан тохиролцож нэг жилийн хугацаатайгаар түр орон сууцаар хангах гэрээг 64 өрхтэй байгуулсан ч өнөөг хүртэл түр орон сууцаар хангаагүй. МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 17 ДАХЬ ИЛТГЭЛ
Энэ хугацаанд бид түрээсийн төлбөрөө төлөхийн тулд банкнаас зээл авах, бусдад өр тавих, айлаас айл дамжин амьдрах зэргээр сэтгэл санаа, эдийн засгийн маш их дарамт, хохирол амсч, улмаар энэ нөхцөл байдлыг давж чадалгүй 9 иргэн нас бараад байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах асуудлыг дэмжиж, төрд итгэсэн итгэлээрээ бид гурвалсан гэрээг байгуулж, газраа чөлөөлсөнөөрөө хохироод байна. (“Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагын гишүүд Б, А, М нартай хийсэн ярилцлагаас...)
Нийслэлийн хот төлөвлөлт иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай нэгэн бүлэг Хүний эрхийн тухай илтгэлд оржээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслүүд хүний амьдрах орчныг сайжруулах зорилготой хэдий ч үүнээс болж иргэдийн эрх зөрчигдөж тэр байтугай төсөл хөтөлбөрийг эсэргүүцэгч гэсэн нэр зүүгээд байгаа аж.
Ялангуяа энд өртөж буй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг онцлог, хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийн эрх, ашиг сонирхол, оролцоог хангасан тусгай зөвлөлдөх арга, аргачлал байхгүйгээс тэд төслийн үйл ажиллагааны үе шат бүрт оролцож чадахгүй, тодорхой мэдээллээр тэр бүр хангагдаж чаддаггүй байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн гурван талт гэрээний нэг субъект нь төр учраас иргэд ямар ч нөхцөлд орон гэргүй болох эрсдлээс хамгаалагдана гэсэн итгэл найдварын үндсэн дээр газар, орон байраа чөлөөлсөн талаар ярьж байна. Гэвч төрийн эрх бүхий байгууллага гэрээний үүргээ биелүүлэн, хяналтаа бүрэн тавьж чадахгүй байгаагаас иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгааг илтгэлд онцолжээ.
Иргэдийн дунд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй бол багахан хэмжээний нөхөх олговор аваад нүүх, эсвэл нөхөх олговор авч чадалгүй албадан нүүлгэлтэд өртөх эрсдэлтэй гэсэн ойлголт хандлага түгээмэл байна. Тиймээс иргэд хоосон үлдэхгүйн тулд, эсвэл санал болгосноос бага нөхөх олговор авах эрсдэлтэй гэх ойлголтоор төсөл хэрэгжүүлэгчийн тулгасан шаардлагыг дагахаас өөр аргагүй байдалд хүрч байна.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийхээр заасан байдаг. Гэвч бодит байдалд төсөл хэрэгжүүлэгчид болон төрийн холбогдох байгууллагуудаас хуульд заасан хугацаанаас өмнө өвлийн хүйтэнд нүүлгэх мэдэгдэл удаа дараа өгөх, мэдэгдэлд заасан хугацаанд нүүх, газар, орон байраа суллахыг шаардах зэргээр иргэдэд дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдлээ нийтээр амрах баярын өдөр буюу Цагаан сарын битүүний шөнө хийсэн талаар иргэд мэдээлжээ.
Тиймээс нийслэлийн хот төлөвлөлттэй холбогдох хүний эрхийн асуудлаарх саналаа ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн байна. Эхний ээлжид хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж,үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг энд дурджээ.
Монголчуудын гуравны нэг нь эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д байгаль орчин, хилийн боомт дахь жолооч болон албан хаагчдын эрх зөрчигдөж байгаа тухай олон баримт байна. Харин илтгэлээс харахад нийслэлд амьдардаг иргэдийн эрх хамгийн олон талаар зөрчигдөж байгааг анзаарч болохоор байна.
Баримт: Улаанбаатар хотын хүн амын дунд зүрх, уушиг хавсарсан өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29 хувь нь, уушигний хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй / Канад Улсын Саймон Фрэйзерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа/
Хажуудахаа хардмаар Улаанбаатарын өмхий үнэр нийслэлийн орчны бохирдлын бодит байдал билээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд хамгийн эхэнд буюу нэгдүгээр бүлэгт нийслэлийн орчны бохирдлыг онцлохоос аргагүй байжээ. Улаанбаатарчууд бид Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах , эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрхээ зөрчүүлэн амьдарч байна.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн салшгүй нэг хэсэг нь цэвэр усаар хангагдах эрх хэдий ч ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол нь Монгол Улсын хамгийн их бохирдолтой гол бөгөөд Улаанбаатар хотоос баруун тийш буюу Сонгинын булангаас Хаданхясаа хүртэлх газарт хамгийн их бохирдолтой гарчээ.
Өдгөө Улаанбаатар хотод хаягдал, бохир ус цэвэрлэх томоохон 12 цэвэрлэх байгууламж байна. Эдгээр байгууламж хоногт ойролцоогоор 160-170 мянган шоо метр бохир ус цэвэрлэн Туул голын усанд нийлүүлж байна. Агаар, хөрсний бохирдлоос шалтгаалан Улаанбаатар хотын баруун хэсэгт өмхий үнэртэх болсноор иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тайланд өгүүлжээ.
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж хоногт 7,000-8,000 метр куб бохир ус хүлээн авч саармагжуулан төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байна. Уг байгууламжийн тоног төхөөрөмж хуучирч, технологийн горимоор ажиллаж чадахгүй болсноор төвлөрсөн сүлжээнд цэвэршүүлсэн биш, харин ч их бохирдолтой ус нийлүүлсээр байгааг лабораторийн шинжилгээгээр нотолжээ.
Улаанбаатар хотод хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдол их байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна