Т.Ганболд: Ц.Элбэгдорж лааз өшиглөөд явж байхдаа над дээр ирж байсан

2019/01/08
“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын ярианаас хүргэж байна.

Т.Ганболд: Дөрвөн сая доллар гэдэг Д.Дорлигжавын авсан мөнгөний нэг л хэсэг нь. Д.Дорлигжавын дүүгийн дансанд андуурч орсон гэх хоёр сая доллараас нэг ч цент буцаж орж ирээгүй.

 ...“Алтан Дорнод Монгол”-ын хувьцааг худалдан авах гэж байхад Д.Дорлигжаваар толгойлуулсан “Их замын дээрэмчид” гарч ирсэн. Д.Дорлигжавын баруун гар гэдгээ өөрөө сонин дээр ярьж явсан Чангаагийн Бямбаа над руу замаас зайл гээд ярьж байсан.

...Д.Дорлигжав бол Монголын бүх компаниудын захирлыг нийлүүлсний хэмжээний баян хүн. Д.Дорлигжав хуучны, ховор машины цуглуулгатай. Охин нь үнэтэй цүнхнүүдээр номын сан шиг цуглуулгатай байсан.

...Э.Бат-Үүл гээд нэг цагаан үстэй чоно гарч ирээд манай найз бид хоёр хонь иддэггүй юм гэж ард түмнийг доромжилсон.

...Хүн улайран хамгаалах гуравхан шалтгаан байдаг. Нэгдүгээрт нялх хүүхдийг, хоёрдугаарт янаг амрагийн холбоотой хүнээ, гуравдугаарт хам хэрэгтнээ ингэж хамгаалдаг.

...Д.Дорлигжав байгалийн жаахан тэнэгдүү хүн.

...Миний өгсөн мөнгө авлига биш. Албан тушаалаараа далайлган сүрдүүлсэн дээрэм байсан.

 ...“Алтан Дорнод Монгол”-ыг авсныхаа таксыг төл гэсэн. Би төлөхгүй гээд шоронд орсон.

...Намайг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхад манай үйлдвэр ганбөмбөлгийн бэлдэц үйлдвэрлээд түүнийгээ “Эрдэнэт”-ийг аваач ээ зургаа долоон удаа хандсан. “Эрдэнэт” аваагүй.

...Төмөрлөгийн үйлдвэр 1200 ажилтантай, бэлдцээ худалдахгүй бол үйл ажиллагаа зогсох аюултай байсан. Би гадаадын таньдаг хүнээсээ мөнгө босгоод 20 сая доллар Монгол руу оруулж ирээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зарж байснаас өндөр үнээр тэр компани дээрээ бэлдцийг худалдаад авчихсан юм. Үйлдвэрийг эрсдэлээс гаргах үүднээс ингэсэн. Дараа нь яаж ийж байгаад Эрдэнэтэд өгчихнө дөө гэж бодоод ийм алхам хийсэн. Эрдэнэт авахгүй бол яахав дээ, компанийн л хохь болно шүү дээ.

...Энэ бизнесээс арав гаруй хувийн ашиг гарсан.

...Тэр ашгийг Н.Энхбаярт өгчихсөн гээд хэлчихээч гээд надаас олон сонирхол гуйж байсан. Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрэг олдохгүй их зовж байсан үе л дээ.

...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсоныхоо маргаашаас нь хувиасаа 300 мянган доллар гаргаад цалин тавьж эхэлсэн.

...“Жаст”-ын Ш.Батхүүг дэмж гээд том албан тушаалтнууд, баргил хоолойтой хүн ярьдаг байсан.

...Ш.Батхүүг дэмж гэж ярьсан хүн нь С.Баяр мөн эсэхийг би дараа тодорхой хэлнэ. Одоо дэндүү олон дайсантай болох гээд байна.

...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг би ганц ч хүн, байгууллагад зээлээр өгч байгаагүй. Бүгдийг бэлэн мөнгөөр өгч байсан. Түүний хүчинд ашигтай ажиллаж байсан.

...Ш.Батхүүд, “Жаст”-д баталгаа гаргаж өгөөгүй ганц газар нь бараг Дарханы төмөрлөгийн үйлдвэр.

...Би бүтээгдэхүүн зээлээр өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн учир Ш.Батхүү Төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая доллар шилжүүлсэн байсан.

...Төмөрлөгийн үйлдвэрийн Голомт банкин дахь дансаар энэ гүйлгээ хийгдсэн.

...Би гадагшаа явчихаад ирсэн чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас энэ 15 сая долларын гүйлгээг миний гарын үсэггүйгээр хийсэн байсан. Уг нь би нэгдүгээр гарын үсгийн эрхтэй байсан.

...Яагаад ингэв гээд Голомт руу хандсан чинь Ш.Батхүүгээс манай руу бичиг ирүүлсэн. “Голомт банкинд өртэй учир Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар орсон мөнгийг Голомт руу шилжүүлнэ үү” гээд. Би бараа худалдан авах гэж байгаа мөнгийг өгөхгүй гэсэн чинь миний гарын үсэггүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон мөнгийг “ЖАСТ”-ын зээл гээд суутгаад авчихсан.

...Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим бусдаас нууж хаагаад байлгаж л байлаа. Дараа нь бас хагас лааз өшиглөөд явж байхдаа над дээр ирж л байсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна