Энэ оноос эхлэн ипотекийн зээлийн шинэ журмыг мөрдөж эхлэв. Нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн журамд зээл авсан иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хэд хэдэн заалт нэмсэн. Тухайлбал банкууд зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах эрхгүй болов. Мөн иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулахгүй.
Гэвч эхний заалт бүрэн утгаараа хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна. 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй гэр бүлүүдийн өргөдөлд арилжааны банкууд сүүлийн хэдэн жилийн турш дарагдсан. Иймд материалаа бүрдүүлсэн ч банкнаас ямар нэг хариу аваагүй эсвэл “Санхүүжилт шийдэгдвэл та зээлээ аваарай” гэх хариу авсан олон өрх бий. Тэд санхүүжилт 500 тэрбум төгрөг болж өснө гэсэн сургаар байртай болох нь гэж баярласан нь лав.
Иргэдийн өргөдөл зээлийн эдийн засагчдын ширээн дээр цугласаар. Нэгэнт Монголбанк санхүүжилт олгохгүй, Засгийн газар улсын төсвөөс их хэмжээний хуваарилалт хийх аргагүй болсон тул өөр арга бодож олжээ.
Гэвч шинэ журам мөрдөж эхэлсэн ч ипотекийн зээлд олгох санхүүжилтийн хэмжээ хэвээр байна. Өнгөрсөн онд нийт 300 орчим тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд олгосон. Харин энэ онд 500 тэрбум төгрөг болгон өсгөж, илүү олон хүнийг тохь тухтай сууцанд оруулах зорилгыг Засгийн газраас дэвшүүлсэн юм.
Гэвч ОУВС-гийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Тус сан манай улсад гурван жилийн хугацаатай, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төсвийн зардлаа танах, хэмнэх, улмаар төсвийн алдагдлаа бууруулах, Монголбанк арилжааны шинжтэй зардал гаргахгүй байх, гадаад валютын нөөцөө өсгөх гэх мэт ерөнхий шаардлагыг тус сан эрх баригчдад тавьсан. Иймд Монголбанк дахин ипотекийн зээл санхүүжүүлэх эрхгүй болж, өмнөх зээлийн эргэн төлөлтөөс төвлөрсөн мөнгийг дараагийн зээлд зориулан банкуудад дахин хуваарилах л үүрэг хүлээв.
Гэтэл иргэдийн өргөдөл зээлийн эдийн засагчдын ширээн дээр цугласаар. Нэгэнт Монголбанк санхүүжилт олгохгүй, Засгийн газар улсын төсвөөс их хэмжээний хуваарилалт хийх аргагүй болсон тул өөр арга бодож олжээ. Энэ нь банкуудын санхүүжилтийг энэ зээлд татан оруулах.
Одоогоор арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр ипотекийн зээл олгохдоо жилийн 16-19 хувийн буюу өндөр хүүтэй олгодог. Хүү нь тэнгэрт тулсан өндөр тул цөөн тооны иргэн л энэ зээлийг авч байна. Харин банкууд хадгаламжийн хүү өндөр байгаатай холбон тайлбарладаг юм.
ТЭГВЭЛ БАНКУУДЫН ОЛГОЖ 8 ХУВИЙН ЗЭЭЛ ЯМАР ӨРТӨГТЭЙ ВЭ?
Энэ зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас олгодог. Тэгэхээр төсвийн мөнгө гэсэн үг. Ингэхдээ төрөөс арилжааны банкуудад энэ эх үүсвэрийг 4 хувийн хүүтэй зээлдүүлсээр ирсэн. Банк иргэдэд зээл олгохдоо 4 хувийг нэмж, 8 хувийн хүүтэй олгож байсан юм. Зээл тус бүрээс банкны авах ашиг 4 хувь гэсэн үг. Харин энэ оноос илүү олон өрхийг байртай болгохын тулд Засгийн газар банкуудад олгодог 4 хувийн хүүгээ 1 хувь болгон бууруулах санал тавив. Ингэснээр 8 хувийн зээл олгох банк зээл тус бүрээс 7 хувийн ашиг хүртэнэ гэсэн үг юм. Энэ нь банкуудад мэдээж ашигтай. Мөн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд эзлэх ипотекийн зээлийн хувь хэмжээ бага байдаг. Энэ нь ипотекийн зээл авсан иргэд зээлээ маш хариуцлагатай төлдгийн баталгаа юм.
Азтай өрх л ипотекийн зээлд хамрагддаг, тухайн банкны санал болгосон байранд л хүссэн хүсээгүй ордог байдал үргэлжилсээр.
Засгийн гараас банкуудад таатай санал танилцуулсны сацуу өндөр шаардлагыг ч давхар тавив. Засгийн газраас ердөө 1 хувийн хүүтэй (энэ нь манайх шиг эрсдэл өндөр, зээлжих зэрэглэл доогуур улсад маш бага зардалтай санхүүжилтэд тооцогдоно) зээлийг банкуудад олгохдоо тухай банкны өөрийн хөрөнгөөр олгож буй, ипотекийн зээлийн хүүг 13 хувь болгон бууруулах нөхцөл юм. Банкууд ч зөвшөөрч.
Ингээд Монголбанк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам гурван талын гэрээ байгуулж, дээр дурсан схемийн дагуу ажиллах гэтэл ОУВС зөвшөөрсөнгүй.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт өнгөрсөн сарын 28-30-нд манай улсад айлчилсан. Тэд зургаа дахь удаагийн үнэлгээгээ хийгээд буцлаа. Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй, экспортын үнэ, гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин, хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцолжээ. Гэвч бодлогын арга хэмжээ л авах үүрэгтэй Монгол банк дээрх схемд багтсан нь буруу гэж үзжээ. Иймд ипотекийн зээлийн санхүүжилт өссөнгүй. Монголбанк өнгөрсөн сард өмнөх зээлийн эргэн төлөлт болох 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 277 иргэнд олгуулжээ.
ОУВС-гийн ажлын хэсэг улирал тутам Улаанбаатарт ирж, хөтөлбөрийн явцтай танилцдаг. Тэгэхээр дөрөвдүгээр сарын сүүлээр ирнэ. Энэ үед Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилт бол олон мянган иргэн нь гэр хороололд амьдардаг, үүнээс үүдэн агаарын бохирдол ихэссэн гэх мэт онцлог байдлаа сайтар тайлбарлан ойлгуулах шаардлагатай. Эс бөгөөс цөөн тооны азтай өрх л ипотекийн зээлд хамрагддаг, тухайн банкны санал болгосон байранд л хүссэн хүсээгүй ордог байдал үргэлжилсээр л байна.
Эх сурвалж: News.gogo.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна