-Ерөнхийлөгч өө, Монгол Улс таны хувьчлалаар эзэмшсэн “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал чинь биш шүү. Бизнесийн шуналаа улс төрөөс татна уу-
Төгс ардчиллын загварыг эрж хайсаар төөрч будилж суугаа монголчууд та бидний итгэл алдарсан сэтгэхүй зарим нэг ойрын бодолтой, холын шуналтай улстөрчийн хувьд олз ашиг мэт санагдах болсоор удлаа.
Тэр хэрээр 30 жилийг ардаа орхисон Монголын ардчилалд талархал илэрхийлмээр санагдах нь угтаа бол өөрчлөлт шинэчлэлтийн аз завшаан юм.
Тэр дундаа, хаан болох хүсэл хийгээд хязгааргүй эрх мэдлийн төлөөх тэмүүлэлдээ шатаж, шархалж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эрх ашгийг Монгол Улс цаашид хангаж дийлэх үү, цатгаж хүчрэх үү, ер нь тэр хүн цадах уу гэж бодвол аймшигтай төсөөлөл тархинд буух нь ч бий.
Учир нь, тэрбээр Үндсэн хуулиар бэлгэ тэмдгийн хэмээн тодорхойлогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өдгөө хаан болоод хаанчлалын гишгүүр болон ашиглахаар шийдсэн нь нэгэнт ил боллоо.
Энэхүү хүсэл мөрөөдөл, хувь хүний эрх мэдлийн шунал хүслээ хангах, цатгахын тулд “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг ард нийтийн санал асуулгаар асуу гэдэг шаардлагыг УИХ-д энэ сарын 9-ний өдөр тавьсан.
Өдгөө УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, ЖДҮ-гээс эхлээд олон хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдээс бүрдэж буй парламентыг тэрбээр энэ шаардлагаараа жинхэнэ утгаараа хүчирхийлэхээр шийдэж. Яг л ёс бус бэлгийн дарамт, ёс бусаар хүсэл таашаалаа хангахаар улайрсан хүчирхийлэгч мэт.
Энэ нь бусдын шархан дээр давс цацаж, таашаал авахтай нэгэн адил үйлдэл. Тэр дундаа ардчилсан улс орны Ерөнхийлөгчөөс ийм санал гарч, үүнийгээ тулгаж санаснаар нь болохгүйг мэдэхтэй зэрэгцэн “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа” хэмээн зарлаж ч байх шиг.
Энэхүү огцом чанга мэдэгдлээтэйгээ зэрэгцэн Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийхээр аян замд гарч, хоёр алгаа хавсран бурханчлан залбирч буйг нь харахаар төгс хувирал гэдэг энэ байх хэмээн эгдүүцэн эсэргүүцмээр. Харин энэ хооронд нь нохдын дунд мах хаяж өгөх дайны бужигнаан Монголын улс төрд өрнөж байх жишээний. Ерөнхийлөгчийн саналд дагаар мордох уу, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэсэн асуултын дунд яг үнэндээ улстөрчид талцаж, зөрчилдөх нэг шалтгаан нэмэгдчихлээ.
Саяхан л “Парламентын засаглалаа хамгаална” хэмээж байсан улстөрчид “Яагаад засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж болохгүй гэж” гэчихсэн хээвнэг хэвлэлээр хэрэлдэж байна. Ерөнхийлөгчийн гарт зангидагдсан хууль, шүүхээс тэд айсандаа ийн чичирхийлж байна.
Албан ёсны төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхий прокурорыг утсан хүүхэлдэй шиг дагуулж явдаг Ерөнхийлөгчтэй учраас тэд айж байна. Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын хууль хяналтын байгууллагын бодлого, шинэчлэлийг олон улсад зарлаж, “Шударга ёсыг тогтооно” гэж эмээхгүй, ичихгүйгээр хэлсэн, зарласан учраас улстөрчид Ерөнхийлөгчөөс айгаад байгаа юм.
Тэр улстөрчдийг айлгахын тулд төрийн дэг жаяг, давж гишгэж болохгүй хууль хяналтын байгууллагын удирдлагыг тэжээвэр гөлөг шиг араасаа хөтлөөд АНУ-руу дагуулж явсан нь лавтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлгах тактик ганц энэ биш юм. Тэрбээр дөрвөн жил Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийхдээ ч, хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа ч ийм л байсан. Түүний тэрхүү үеийнх нь эрх мэдлээс үлдсэн эерэг шинэчлэл гэж Монголд байхгүй.
Харин өөрийнх нь гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр бол харин өргөжиж тэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Барилгын салбарт ч гал голомтоо бадрааж, өргөжүүлж, тэлж чадсан. Наанаа хэлсэн шударга ёсоо цаашаа хараад мартдаг, Сайншандын аж үйлдвэрийн парк, 280 сая ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт нь золиос болж шалгагдсан цөөнгүй залуусаа тэр хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөс “хулгайл”-аад аваад үлдчихсэн.
Монгол Улс Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж суухдаа хүртэл дээрх төмөр замын төслийн зөвлөх асан, хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байсан Ч.Ганбат гэх залуугийн тухай “Би Ч.Ганбатыг Монголд битгий ир” гэж хэлсэн гээд зурагтаар ярьж байх жишээний. Мөн л өөртэй нь холбоотой асуудлаар шалгагдаж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь өдгөө хоригдох бүү хэл суллагдчихаад “Таван нүдэн” брэнд гэгчийг гаргаад бизнес хийсэн шигээ эрх чөлөөтэй алхаж байна.
Ч.Ганбатын хамт шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь ч эрх чөлөөтэй хэвээр. Учир нь, Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн дээрх хэрэг замхарч, Өмнөд Солонгосын түншлэгч компани нь хариуцлага үүрсэн болоод хэрэг хаагдсан.
Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр 2013 онд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 23 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Дорноговь аймагт 7000 хүний ажлын байр бий болгоно гэж зарласан ч өнөөдөр шороонд булагдсан цэвэр, бохир усны хоолой, хэн ч явдаггүй хэрэглээгүй болсон зам л үлдсэн. Тэрхүү аж үйлдвэрийн паркад ажилд орох хүсэлтэй дорноговьчуудын нүүдлийн жим өдгөө мартагдаж үлдсэн. Тэд нүүсэн, харин аж үйлдвэрийн паркийн ажил зогссон.
Гэхдээ мөнгө нь дууссан. Харамсалтай нь, энэ бол олны мэдэх хоёрхон л жишээ. Нүдэн дээр мөнгөний тооцоо нь дууссан ч ажил нь эцэслэгдээгүй хамгийн дуулиантай төслүүд. Ийм хүн өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон та бидний алдагдсан эрх ашгийг хамгаалах нэрээр өөрийнхөө хүсэл сонирхлыг хаанчлахаар улайрсаар хоёр жилийг ардаа үдлээ.
Дахиад хоёр жил, магадгүй улиран сонгогдлоо гэхэд нэмээд дөрвөн жил, хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглаж амжилттай улс төр хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд бүх насаараа та бидний эрх чөлөөг төрийн нэрээр булааж, хулгайлж, өөртөө хувьчилж авах боломжтой болно. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуух нь бүү хэл үг унагахгүй болтол нь эсэргүүцэх ёстой юм.
Үүний тулд ердөө өнгөрсөн хоёр сарын турш болж өнгөрсөн мэдээллийн түүврийг эргэн харцгаая. Учир нь, тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн фанат, харилцан зөвшилцөгч нь байсан. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, зангидан нэгэн багц хууль болгохоор өөрийн зүгээс хангалттай олон заалт бүхий төслөө өргөн барьсан.
МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлсэн. Тэр ч бүү хэл энэ дагуудаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Энэ бол ердөө нэг сарын өмнөх шийдвэр. Гэтэл гэнэт Зөвшилцлийн ажлын хэсгээс гарах шийдвэр гаргасан.
Үүнийгээ мөн л “Шударга бус өөрчлөлттэй санал нийлэхгүй” гэдгээр тайлбарласан. Уг гоё үгнийхээ цаана жинхэнэ утгаараа “Би хаан болмоор байна. Намайг хаан болгоод өг” гэдэг тулгалтыг хийсэн. Түүнийг хаан болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхийг асуух ёстой ард нийтийн санал асуулгын дундуур “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт оруулах ёстой юм гэнэ ээ.
Гэтэл УИХ ч, МАН ч энэ асуултыг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэхтэй зэрэгцэн дээр хориг тавьчихаж байгаа юм. Мэдээж хориг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосны төлбөрийг монголчууд засаглалаараа эрх чөлөөгөөрөө төлж болохгүй. Бүр яаасан ч болохгүй. Үүндээ тулах юм бол жинхэнэ утгаараа Ерөнхийлөгчийн албанаас нь харин огцруулахын тулд үзэл санаа үнэт зүйлээ нэгтгэх ёстой.
Яагаад гэхээр тэрбээр хэзээ ч улстөрч байгаагүй. Зөвхөн бизнесмэн л байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн хамгийн их хожсон монгол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр үнэ цэнтэй үйлдвэр,зочид буудлыг өөрийн болгосон. Тэр хөрөнгөтөн болж чадсан.
Харамсалтай нь, тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө монголчуудад өртэй бус харин өөрт нь Монгол Улс өртэй мэтээр бодож сэтгэж яваа. Угтаа бол Монгол Улс түүний хувьчлалаар авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал нь биш юм. Бүр цаашилбал ард түмний хандив тусламжийг авч босгосон Чингисийн хөшөө, одоо босгох гээд байгаа Майдар цогцолбор нь ч бүр биш юм.
Монгол Улс бол гурван сая гаруй хүний эрх ашиг, амь амьдралын үнэ цэн, хүсэл тэмүүллээр бичигдэх ёстой тусгаар тогносон ардчилсан улс орон. Ийм байхад УИХ-ын нуран унаж буй нэр хүндээр барьцаалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлуулахын төлөө Монголоо барьцаалахаа болино уу, Ерөнхийлөгч өө.
Бизнесийн шуналаа улс төрөөс татаж, Үндсэн хуулийн олгогдсон бэлгэ тэмдэг байх ёстой албан үүргийнхээ буулганд захирагдаж ажиллахыг хүсье. Чихэр өгөхгүй бол нулимсаараа айлгаж аав ээжийгээ дарладаг айлын эрх хүүхэд шиг аашлахаа больчих. Монголын ардчиллаас олж авсан хувь хүнийхээ эдийн засгийн эрх чөлөөндөө баярла. Хэн хүний хүсээд ч олж авч чадахгүй эдийн засгийн эрх чөлөөг танд олгосон Монголын ардчилалд таларх. Эс бөгөөс нийгмийн зөрчил хагарал таны атгаг санаанд зангидагдаж, задрахад бэлэн болчихлоо.
Харамсалтай нь, энэ дунд төрийн хамгаалалтад багтсан та тайван үлдэж, харин жирийн иргэд амьд золиос болж амьдралаараа хохирно. Долоон сарын 1-нд дарга нар зугтаж, харин шударга бус улстөрчдийн шударга ёсны урианд итгэж хөөрсөн залуус эндэж, алдаж хоцорсон байдаг юм. Иймд ганц удаа Үндэсний эв нэгдлийн тэргүүн гэдэг энэ том хүндлэлд эзэн болчих.
Үгүй ядах нь ээ, ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн улс орнуудаас ямар дарангуйлагчид төрж, яаж улсаа сүйтгэж байгааг олж уншихыг бод. Хавь ойрын тань хөгжөөн дэмжигчид нүдийг тань хаасан байж магадгүй юм. Иймд танд тус болох үүднээс цөөн ч болов хэдэн жишээг үргэлжлүүлэн тоочин дурдая. Алдаа гаргахаас тань сэргийлсэндээ шүү.
“Ялагч бүгдийг авна” гэдэг ганц зарчим ерөнхийлөгчийн засаглалд үйлчилдгийн дээр нэг хүний алдаа нийт улс орны алдаа эндэгдэл болон буудгаараа харгис хатуу авторитар дэглэмийг үүсгэсэн байх нь элбэг. Жишээ нь, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Азербайжан зэрэг улс орныг хар. Үл буулгах, үл өөрчлөх гэдэг эрх мэдлийн зарчим үйлчилдэг эдгээр улс орны Ерөнхийлөгчид өнгөрсөн 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж буй. Тэр хэрээр, авлига хээл хахуул, эрх мэдлийн төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн алдаатай бодлого ноёлж, иргэдийн хяналт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэгч нь байхгүй болчихсон.
Мөн тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан энэхүү эрх мэдлээ олж авсан байх бөгөөд Албанийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулан өөртөө хэмжээгүй эрх мэдлийг олж авсан байдаг. Армен улс ч мөн ялгаагүй. Эцэг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нь өөрт ашигтайгаар хувиргаж дөнгөсөн. Кыргизстанд хууль тогтоох засаглал гэж байгаа ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чаддаггүй тийм л сул дорой парламенттай болчихсон.
Хэрэв бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ял авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хаанчилсан он жилүүдийнхээ төлөөсөнд эрх чөлөө, эд хөрөнгөө хураалгасан дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын тухай мэдээ мэдээллийг сөхөж үз.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жилийн хорих ял, Бразилийн Ерөнхийлөгч асан Луйс ИнасиоЛула ДаСилва 10 жил, Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав долоон жил, Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил, Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 25 жилийн хорих ял авсан гээд Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлсэн улс орнуудын удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн эдэлснийхээ төлбөрийг хэрхэн төлж байгааг хар, унш, судла.
Тэгээд өөрийнхөө алхах гишгэгдэл, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн шуналаа хязгаарла, Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгчийн дутуу хагас эрх мэдэлд хэрхэн дарангуйлж байгааг тань харах тусам эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монголын ард түмэн тантай хариуцлага тооцно гэдэгт улам бүр итгэж байна.
Учир нь, монголчууд бол эрх чөлөөний мэдрэмжээрээ нэг хүнийг тахин шүтэх бурханчлалаас ангид үнэт зүйлтэй ард түмэн юм шүү. Тэд таныг өөрийн шунал хүслийн төлөө арга саам ашиглаж бойкотлох тусам тэд, бид эсэргүүцэх болно. Учир нь, эрх чөлөөний мэдрэмж хэзээд бурханчлалаас, хувь улстөрчийг тахин шүтэх хандлагаас ангид байдаг нь өөрөө гайхмаар том давуу тал юм, Ерөнхийлөгч өө.
Л.ПҮРЭВ
Сэтгэгдэл бичигдээгүй байна