Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтны тоо ихсэж үүнийг хэт давсан эзэнгүй муур нохойн тоо ч мөн мянга мянгаар өссөөр байна. Гэр хорооллын айлуудын 54 хувь, орон сууцанд амьдардаг иргэдийн 12 хувь гэрийн тэжээвэр амьтантай.
Тэжээвэр амьтны тоо хэдий чинээ ихсэнэ, төдий чинээ тэдний эрх зөрчигдөж байна. Учир нь амьтдын эрхийг хамгаалах хууль байдаггүй ба хүн зодсон тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хариу арга хэмжээ авч шийтгэл оноодог бол амьтдыг хэрцгийгээр зодож, цаашлаад аминд нь хүрсэн тохиолдолд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дэлхий дээр ганц хүн амьдардаггүй, амьтад ч мөн амьдрах гэж, хайр энэрэлийг хүртэх гэж ирдэг.
Амьтны эрх асар их зөрчигдөж байгаа өнөөдрийн нийгэмд амьтны төлөө ажилладаг “Азтай савар” ТББ “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг батлуулахаар зорьж байгаа юм.
Дэлхий дээр нийт 195 улс байгаагийн 129 нь гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай. Иргэдээ болон амьтдаа боддог улс бүр тэжээвэр амьтны хуультай. Тэгвэл манай улс энэхүү хуулийг заавал батлуулах шаардлагатай баримтыг доор дурдлаа.
1.Монгол улсад гэртээ амьтан тэжээдэг 220-250 мянган айл өрх байдаг бол эзэнгүй муур, нохойн тоо 300-320 мянга орчим байна.
Гэр хорооллын айлууд хашаагаа хамгаалуулах нэрийдлээр нохойг насаар нь хүнд төмөр гинжээр уяж, хашааны мануухай болгодог. Мөн эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй хоолны үлдэгдэл болон хоносон хоолоо өгнө. Зарим нь нялх байхад нь өхөөрдөх, хүүхдээ эрхлүүлэх зорилгоор авч тэжээн томронгуут нь хаях тохиолдол манай улсын хувьд жирийн үзэгдэл болсон. Хариуцлагагүй эздийн хараа хяналтгүй байдлаас болж гэрийн тэжээвэр амьтан ч гудамжинд гарах тохиолдол байдаг.
Гудамжинд гарсан амьтад хоорондоо үржилд орсноор эзэнгүй муур, нохойн тоог нэмэх нэгэн том шалтгаан болж байгаа юм. Замбараагүй үржүүлэг, хариуцлагагүй эздээс болж хаягдсан хэдэн мянган амьтны эрх ноцтойгоор зөрчигдөж заримынх нь амьдрал харгис үхлээр төгсөнө. Уг нь тэжээвэр амьтны хуультай улсад тэжээвэр амьтнаа хаясан, зодож гэмтээсэн тохиолдолд хариуцлага хүлээж, торгуул төлдөг. Харин манай улсад ямар ч хариуцлага хүлээх нөхцөлгүй учир дуртай бүхэн нь амьтан авч тэжээж байгаа юм.
2. Тэгвэл энэ хууль нь дан ганц амьтны биш хүний эрхийн асуудалтай шууд хамааралтай юм. “Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэх заалттай шууд холбогдоно. Анх 1995 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохой устгах” гэсэн журмаас эхлэлтэй энэхүү устгал нь одоо хүчээ авч жил бүр 80-90 мянган муур нохойг устгалд оруулдаг бөгөөд устгасан хэдэн мянган амьтныг хөрсөнд шууд булдаг.
Үер усаар дамжин ялзарсан сэг зэм нь хотод орж ирснээр хөрсний бохирдол болоод халдвар тархах үндсэн шалтгааны хоёр дахь том хүчин зүйл болдог байна. Үүнээс үзвэл устгалд оруулах нь тийм ч үр дүнтэй арга биш бөгөөд манай улсын сүүлийн 100 жилийн үзүүлэлтээс харвал устгалд оруулаад ч дийлэхээргүй хэмжээнд хүрчээ. Учир нь хос хоёр нохой 6 жилийн хугацаанд 16000 болтлоо үрждэг бол хос хоёр муур 2 сая болтлоо үрждэг байна.
3.Түүнчлэн эзэнгүй муур нохойн устгалд жилд дунджаар 1,2-1,8 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулдаг. Энэ бол бага тоо биш. Энэ хэмжээний өртгөөр 20 ортой эрүүл мэндийн төвийн барилга, 8000-12000 тооны үржил хаах мэс ажилбар хийх боломжтой юм.
Монгол улсад байгаа бүх эзэнгүй муур нохойг устгалд оруулна гэдэг мэдээж боломжгүй зүйл. Жилд 80-90 мянган амьтныг устгалд оруулсан ч цаана нь үлдсэн хэдэн мянган амьтан ахин хоорондоо үржилд орж энэ тоо жил ирэх тусам ихсэх юм. Тэгвэл устгалд оруулдаг мөнгөөрөө үржил хаах мэс ажилбарыг жил бүр эрчимтэй зохион байгуулж, хэрэгжүүлснээр эзэнгүй муур нохой үржилд орох нь багасаж тоо толгой нь ч мэдэгдэхүйц буурах юм. Хэрвээ эзэнгүй муур нохойн тоо жил бүр багассаар хангалттай хэмжээнд хүрвэл жил бүр төсвийн мөнгөнөөс 1,2-1,8 тэрбум төгрөг хоосон үрэгдэхгүй нь ойлгомжтой. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль-д амьтдын үржил хаах мэс ажилбарын тухай заалт ч багтсан байгаа юм.
Ийнхүү “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг баталснаар амьтад эрхээ хамгаалуулж, амьтан тэжээх чадамжтай, хариуцлагатай эздийн гарт очих бөгөөд жил бүр хэдэн мянгаараа хядуулах нь зогсож, амьтай бүхнийг боддог улс болоход нэг алхам ойртно.
“Азтай савар” ТББ-с жил бүр “Be pawsitive” өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд тус өдөрлөгөөр гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг батлуулахаар зорьж байна.
Иргэд тус хуулийн талаар ийн ярьж байна.
https://www.facebook.com/watch...
Be pawsitive өдөрлөгөөр амьтанд хайртай залуусын тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрөөж буй мөчийг хуваалцлаа.
Тэгвэл 2022.06.19-ний тус өдөрлөгөөр хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд ажиллаж байсан бол Хуулийн санаачлагч УИХ-ын гишүүн Энхбаяр нь энэ оны дөрөвдүгээр сард тус хуулийг өргөн барьсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна