Наадмын маргааш намар...

Zuv.mn
4 цаг 37 минутын өмнө

Ажил ярьсан хүн тэнэг болж харагддаг найр наадмын үе ашгүй "Их хурд Х"-аар шувтарлаа. 

Наадмын дараа хэвлэлийнхэнд “Наадмын маргааш намар” гэж нэг тогтсон сэдэв гарч ирдэг юм. Хэдэн ч сэтгүүлч бичсэн хоорондоо нэг их ялгардаггүй, “Одоо наадам хэсэж наргиж цэнгэхээ боль оо, зуны сар зургаа биш, ажилдаа оръё, өвөл хаяанд ирлээ, намрын ургац хураалт, хадлан тэжээл нь юу болж байна та минь” гэх агуулгатай нийтлэг сэдэв л дээ. Энэ жил харин УИХ наадмын өмнө төсөв тодотгож, маргааш нь Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Гэхдээ бичих зүйл үлджээ.

2025-2026 оны өвөл  бол бидний хувьд жирийн биш. Дэлхий дахинаа цагийн байдал түгшүүртэй, эргэн тойронд улс орнууд үнийн өсөлт, хүнсний дутагдал, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдээд байна. Монгол Улс ч хэмнэлтийн горимд шилжиж, төсөв зардлаа танаж, дээр доргүй л бужигнасан. Гэсэн ч наадмын төсвийг хангалттай гаргаж цацлаа. 

Энэ жилийн наадмын амралт найм хоног үргэлжиллээ. Том жижиг наадмуудаа багтааж амжуулсныг бодолцож, амралтын өдрүүдийг наадамласан гэж тооцвол бараг хагас сар  баярлаж асан социализмын эхэн үе рүү бараг дөхөж очив. Одоо наадам дуусаж, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажил тулсан, өргөн хэрэглээний үнийн өсөлт өнөө маргаашгүй болсон бодит байдалтай тулгарч байна.   

Европт ард иргэд хоёр жилийн өмнөөөс зоорины соёлоо сэргээж, хүнс нөөцөлж эхэлсэн. Дайн дажинтай үед төвийг сахисан улсуудад ч хүнсний хангамж эмзэг сэдэв болдог. Ер нь ажиглаад байх нь ээ, “Юм үзсэн” улс орнуудад ард иргэд нь гэртээ зоорьтой, хүнсний хэрэгцээгээ нөөцөлдөг, айл өрх бүр өөрсдийн нөөц боломжоороо хүнсний үйлдвэрлэл явуулж, хоолны чанар, нэр төрлөө нэмэгдүүлдэг соёлтой байдаг юм билээ.

Хашаатай айлууд тахиа шувуу тэжээж, төмс ногоо тарих, байрны айлууд цонхны тавцан дээрээ ногоон сонгино, яншуй тарих ч үүнд хамаатай. Манайд энэ соёл төдий суугаагүй тул одоохондоо “Сүх далайтал үхэр амар” гэдэг зарчмаар амьдарч байна. Энэ соёлыг гэхдээ заавал зовлон үзэж байж суулгах албагүй. Нэн даруй судалж, амьдралдаа хэвшүүлэхийг иргэдэдээ уриалья.  

Төрийн тэргүүн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр зарлаж хэлсэн үгэндээ “Аль юм болгонд бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ” гэсэн нь хүнс тэжээлийнхээ ихэнхийг импортоор авч байгаа байдлыг хэлсэн. Үүнийг гэр бүлийн түвшинд “Аль юм болгоныг мөнгөөр худалдаж авах вэ” гэж буулгаж болно. Гэр бүл, айл өрх өөрсдөө хүнсний аюулгүй байдал, баталгаагаа хангах, сайжруулах чиглэлд санаачлагатай байх цаг үе ирээд байна.

Ургацын тухайд, нар хур тэгширсэн сайхан цаг агаар энэ хэвээр үргэлжилбэл бид ирэх жилд хэрэгцээгээ дотоодоосоо хангахуйц ургац авах найдвар байна. Тариаланчид маань өнгөрсөн жил  ахиу ургац авсан байтлаа тариалалт хийх мөнгөгүй балрах дөхсөн гээд шүүмжлэх өнцөг бий ч төрөөс дэмждэгээрээ дэмжээд, бас ч гэж урам зоригтой, БНХАУ-д экспорт хийх том зорилго тавиад зүтгэж байгаа болохоор ингээд тогтъё. Дээр бичсэн зүйлс нь бололцоогоо ашиглан хүнсний нэр төрлөө олшруулах тухайд болохоос мах, төмс гэсэн стратегийн хүнсээ бид дотоодоосоо 100 хувь хангадаг гэдгийг бас тодотгоё.

Харин энх тайван цаг ирдэггүй л юм бол төр засгийн анхаарал, иргэдийн хичээл зүтгэлийг ч үнэгүйдүүлэх нэг том бэрхшээл бидэнд алхам алхмаар дөтөлж буй нь ирэх өвөл нүүрлэх нь бараг гарцаагүй болчихоод байгаа эрчим хүчний хомсдол.    

Төр төсвөө хэмнэж, иргэд хэрэгцээгээ нөөцөлж болно. Харин цахилгаан эрчим хүчийг хадгалж болдоггүй. Болдог байсан бол, тэр аргыг нь нээсэн хүн лавтай манай эриний баатар болох байсан нь дамжиггүй. Чухам тийм учраас ирэх жил бид хөлдөж магадгүй.

Өдгөө дэлхий нийтийн хараалыг идэж, сөрөн зогсож чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ОХУ-аас бид эрчим хүчний хамааралтай байдаг билээ. Муу амалъя ч гэсэнгүй, ОХУ-аас эрчим хүчний хараат Европын олон улс хүндхэн өвөлд бэлтгэж байна. Ялангуяа Зүүн Европын улс орнууд маш хүнд байдалд орох нь тодорхой байгаа. Монголд бол өвөл цахилгаан их тасарна гэж Эрчим хүчний сайд хэлсэн. ОХУ ДЦС 3-ыг үнэтэй шинэчлэхээр болж, тэрийг нь иргэд эсэргүүцэхээр дараалан дэлбэрэлт, осол болдог нь ч юу вэ.  

2025-2026 оны өвөл жирийн биш гээд байгаа нь чухам үүнтэй холбоотой. Цахилгааны хязгаарлалт хийлээ гэхэд иргэд хамгийн их хохирно. Иргэдээ бодох уу, үйлдвэрлэлээ, эдийн засгаа бодох уу гэдэг сонголт нь төрд бий. Төр уул уурхай, үйлдвэрүүдээ юун түрүүнд хангахыг чухалчилна. Тэр нь ч зөв. Ингээд эцсийн эцэст иргэд, тэр дундаа хөдөө орон нутаг, төвийн гэр хороолол л цахилгааны хязгаарлалтад илүүтэй өртөнө. Нэгэнт байдал ийм хүнд байхад бид ч гэсэн асуудалд бодитой хандаж, орон сууцны айлууд ядаж л цахилгаангүй үед хоолоо хийгээд идчих хийн зуухаа аваад тавьчих хэрэгтэй гэсэн санаа юм.  

Утаа бууруулах кампанит ажлын хүрээнд нийслэлд цахилгаан халаалттай байшингууд олноороо баригдсан. Энэ байшингууд ирэх өвөл хамгийн их эрсдэлд орно. Тиймээс иргэд ирэх өвлийн бэлтгэлдээ одооноос орж, цахилгаан, галлагаа хосолмол болгох, гэр, байшингаа дулаалах зэргээр бэлтгэх шаардлага байна. Адаглаад л хүйтрэхээс урьтаж халаагууртаа ус биш, хөлддөггүй шингэн гүйлгэх нь маш ухаалаг алхам болох нь.

Мөн нар салхинаас эрчим хүч гаргах, нарны тусгалаас дулаан үйлдвэрлэх зардал багатай, хялбар технологиудыг зундаа багтаан аажуу уужуу туршиж, орон гэртээ суурилуулахыг бодох хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, техник технологийн чиглэлийн их дээд сургуулиудыг бодлогоор дэмжиж, энэ талын энгийн тоног төхөөрөмжийг яаралтай үйлдвэрлэн иргэдээ хангах нь эрсдэлээс зайлсхийх нэг арга мөн. Ер нь улс орон хүнсний ч бай, эрчим хүчний ч бай хямралд өртөхөд иргэд нь хашир, алсын хараатай байвал хохирол багатай давж чадна.

Эцэст нь хэлэхэд, улс орноос айл өрх хүртлээ бие даах, хараат бусаар орших зорилгодоо хүрэхийн тулд иргэн хүн ажилтай, тодорхой хэмжээний орлоготой байх хамгийн чухал. Тиймээс эхний салхинд уначихгүй шиг суурьтай байгууллага олж бараадах, боломжгүй бол шоргоолж шиг хөдөлмөрч байж, ямар ч ажил голохгүй хийх сонголт л бидэнд үлдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна