Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс үерийн эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна. Уг төсөлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өнөөдөр Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай уулзалт хийв.
Дэлхийн банкны зүгээс төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна