Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильва нар өчигдөр утсаар ярьж, АНУ-ын зүгээс үзүүлэх гэж буй татварын дарамтын талаар саналаа солилцжээ.
"Бид худалдаа, эрчим хүч, технологи, батлан хамгаалах, эрүүл мэнд болон бусад салбарт стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхийг зорьж байна” гэж Н.Моди өнөөдөр X платформд бичжээ.
Харин Лула да Сильва мөн өнөөдөр Х платформд "Хоёр удирдагч Ерөнхий сайд Н.Модигийн өнгөрсөн долдугаар сарын 8-нд Бразилд хийсэн төрийн айлчлалын чухал үр дүнг эргэн дурсаж, олон улсын эдийн засгийн хувилбар болон нэг талын тариф ногдуулах талаар ярилцлаа. Бразил, Энэтхэг бол хамгийн их хохирол амссан хоёр орон юм. Бид олон талт үзлийг хамгаалахын чухлыг дахин нотолж, өнөөгийн нөхцөл байдлын сорилтыг шийдвэрлэхийн зэрэгцээ хоёр орны хооронд илүү их интеграцчлах боломжийг судлах шаардлагатай байна" гэж бичжээ.
Энэ асуудлын хүрээнд хоёр тал 2026 оны эхээр Бразилаас Энэтхэгт төрийн айлчлал хийхээр тохиролцсон байна.
Бразилийн удирдагч Н.Модитой утсаар ярихаасаа өмнө буюу уржигдар Ройтерс агентлагийн сурвалжлагчид “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвартай тэмцэх асуудлаар БРИКС-ийн бүлгийн орнуудын хооронд яриа хэлэлцээ эхлүүлнэ” гэж ярьж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт “ОХУ-аас газрын тос авахаа болихгүй байгаа учир Энэтхэгийн бараанд ногдуулсан 25 хувийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, 50 хувьд хүргэнэ” гэж мэдэгдсэнийг бид тухайн үед нь мэдээлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна