Хууль vs Даргын тушаал: Мэдээлэл авах эрх сэтгүүлч төдийгүй иргэнд ч бий

Х.Батсайхан
2023/11/08

Сэтгүүлчид албан тушаалтнуудын өрөөнд орж, тулгаж асуудаг байдлаас болж "Албан тушаалтан ярилцлага өгөхгүй байх эрхтэй" гэсэн ойлголт нийгэмд хүчтэй түгж байгаа билээ. Энэ нэг талаараа үнэн, гэхдээ  ярилцлага бол мэдээлэл бөгөөд олон нийтийн сонирхол явж байгаа мэдээллийг сэтгүүлч төдийгүй иргэн ч олж авах эрхтэй. 

Сүүлийн үед илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа газрууд хамгаалагч хөлсөлж, мэдээлэл авах эрхэд халдах явдал түгээмэл гарч байгаа учраас энэ сэдвийг хөндөж байна. Хэрвээ мэдээлэл олж авах гэж байгаад хүч хэрэглүүлсэн бол цаад этгээд хариуцлага хүлээнэ. 

Доорх заалтыг бүгд цээжээр мэдэж байх ёстой. Хуульд мэдээлэл өгөх субъектийг ч /төрийн байгууллага, хувийн байгууллага гэх мэт/, мэдээлэл олж авагчийг ч /сэтгүүлч, иргэн/ огт заагаагүй, гагцхүү "өөрийн болон олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээлэл" гэсэн байгааг анхаараарай. 

Зөвхөн сэтгүүлч биш, иргэд ч албан ёсоор хүсэлт гаргаад ёс зүйн хувьд алдаа гаргалгүйгээр аль ч байгууллагаас мэдээлэл гаргуулж авах эрхтэй, харин хэн нэгний, эсвэл олон нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулдаг бусад нь /дахин хэлэхэд, иргэн, хуулийн этгээд, төрийн,  төрийн бус байгууллага/ мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах эрх сэтгүүлч төдийгүй иргэнд ч бий. Энэ эрхийг бүдүүлгээр зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг хуультай. 

Эцэст нь, доорх заалтууд бол хүч хэрэглэж мэдэх эрхэд саад учруулахтай холбоотой заалтууд бөгөөд энэ нь хүч хэрэглэхгүйгээр мэдээлэл олж авах үйл ажиллагаанд саад учруулж болно гэсэн үг биш, өөр бусад хуульд заасан байгаа гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.   

Монгол Улсын Эрүүгийн хууль

14.2 Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах

Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

14.2 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна