Ясыг нь худалдан боруулахыг завдсан иргэн хэрэгт орсон савагт хирсний тухай

Х.Батсайхан
2023/11/08

Зоорь ухаж байсан иргэн үл мэдэгдэх эртний амьтны яс олж, улмаар худалдан борлуулахыг завдсан хэрэгт шалгалт хийж байгаа талаар ЦЕГ өнөөдөр мэдээлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон 

Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдсон нь Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болсныг ЦЕГ мэдээлэлдээ дурдсан байсан. 

Тэгвэл энэхүү савагт хирс гэгч ямар амьтан байсан талаар чөлөөт нэвтэрхий тольд дараах мэдээллийг байршуулжээ. 

Савагт хирс (лат. Coelodonta antiquitatisАнгли: Woolly rhinoceros) нь Евразийн эх газрын хойд хэсгийн тал нутагт Плейстоцен эриний сүүл үе хүртэл амьдарч байсан, хирсний устсан зүйл юм.

Сэрвээний өндөр 4 метр, 3-4 тонн жинтэй байсан гэж үздэг. Хамар дээрээ хоёр эвэртэй бөгөөд урд талынх нь илүү том, урт байв. Хөгшин эрэгчингүүдийн зарим нь 1 метр гаруй урттай эвэртэй байжээ. Савагт хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр байдаг.

Одоогийн Их Британиас Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн уудам нутагт тархаж, тундрын бүст амьдардаг байсан. Арьс нь зузаан үс ноосоор хучигдаж, дулаан бага алдахын тулд жижиг чихтэй байсан нь хүйтэн уур амьсгалд зохицсон амьтан байсныг нь илтгэнэ. Шүд нь ч тундрт ургах хатуу өвс ургамалыг идэхэд зохицолдсон байдаг. Ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь Хойд Америк тивээс чулуужсан яс нь олддоггүй бөгөөд 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ.

Дашрамд, Соёлын өвийн тухай хуулийн иргэнд хамаатай зохицуулалтаас уншигчдадаа хүргэж байна. 

Соёлын өвийг хамгаалах тухай хууль

30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

30.4 дэх хэсэгт зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

40.1.Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.

40.2.Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг төрөөс алдаршуулж, урамшуулна.

40.3.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг. “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”

25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх

25.7 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна