Б.Энхбаяр: Зэвсэгт хүчний ангид удаа дараа гарсан харамсалтай үйл явдлуудыг шалгана

Х.Есү
2023/11/15

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: "Зэвсэгт хүчний ...-р ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар болсон үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонслоо. Монгол улсын Ерөнхий сайдаас ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаа асуудал дээр хүний эрхийн үндэсний комиссын оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах, засгийн газрын хуралдаанд оролцуулж шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгуулсан. 

Зэвсэгт хүчний ангид удаа дараа болж байгаа асуудлыг урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хэлэлцэж тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг авч үзнэ. Салбарын хүрээнд авч үзэж дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. 

Хүний эрхийн үүднээс, хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөлөөр цоо шинээр холбогдох хууль тогтоомж дүрэм журам, ахуйн нөхцөл гээд бүх хүрээнд судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. 

Монгол улсын иргэн эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй. Үндсэн үүргийг ямар байдлаар зохицуулж байна. Ямар байдлаар цэрэг татлагаас эхлээд хүний эрхийн хязгаарлалт явагдаж байна гэдэг дээр дотор нь биш хөндлөнгөөс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаа нь ийм учиртай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна