ХЭҮК-ийн дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, хүсэлтийг ёсоор болгосон. Энэ талаар ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатараас тодруулахад" Ж.Хунан дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн байсан. Бид хүсэлтийг дэмжсэн. Өөр шалтгаан байхгүй" хэмээсэн юм. Тэгвэл УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг эцэслэхээр хэлэлцэж байна.
Ж.Хунангийн гаргасан хүсэлтэд “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” хэмээн дурьджээ. Гэвч ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн Ж.Хунан өөрийнх нь асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд ирсэнгүй. Энэ нь зарим нэгэн хүний хардлагыг төрүүлж, түүнд ямар нэгэн дарамт ирсэн байх вий гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргээд буй юм.
Ямартай ч ХЭҮК-ын дараагийн даргын тухай яриа гараад эхлэв. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "ХЭҮК-ийн дараагийн даргыг цөөнхөөс нэр дэвшүүлнэ гэсэн үг өгүүлбэр байхгүй. Хуулиараа комиссын гишүүд дотроос томилдог" хэмээгээд буй. Тэгэхээр одоо ажиллаж буй ХЭҮК-ын гишүүд болох Б.Энхболд, Д.Сүнжид, Я.Цэлмэн, Б.Нарантуяа, Х.Мөнхзул, С.Дондов нарын нэг нь болох нь тодорхой боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна