Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин буюу цахим платформуудын өрсөлдөөн чинээндээ тулж, олон нийтийг хэн нь дагуулах вэ гэдэг өрсөлдөөн ид өрнөж байна.
Шилжилтийн үе угаас хаос байдаг тул төөрөгдөл, цаг зуурын ялагчид гарна. Ямар чиг баримжаатай, уламжлалтай нам эрх барьж байгаагаас шалтгаалаад цаг зуурын өрсөлдөөнд хөлөө олох гэж тэвдэж яваад гаргасан алдааг нь хэт дөвийлгөж, хуулийг чангалах замаар хэвлэлийн эрх чөлөөг боомилох оролдлого гаргах нь ч байна. Ганц нэг сэтгүүлчийн гаргасан алдаа, ёс зүйгүй үйлдэл тэдний хувьд сайхан далим болдог.
Тэр ч бүү хэл хуульгүйгээр халдах явдал ч гарч болдгийг бид өнгөрсөн долоо хоногт харлаа. Прокурорын байгууллагаас хэвлэл мэдээллийн сайтыг хуульд байхгүй үндэслэлээр хаасан тохиолдол энэ сарын 29-ний өдөр гарч, дөрөв хоногийн дараа залруулагдсан. Эрх баригч МАН-ын бүлгээс дээрх шийдвэр нь хуулийн цоорхой байсныг хүлээн зөвшөөрч, нөхнө гэдгээ амалсан нь сайн хэрэг.
Товчхондоо, өнгөрсөн найман жилд хэвлэл нэрээр зарим сэтгүүлч ч их дургилаа, төр ч сайхан дураар нь дургиулж байгаад хууль эрхзүйн орчноо хангалттай чангалж авсан байна. Одоо харин энэ бүхнийг эргэн харж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа чамбайхан баталж авах цаг ирсэн байна.
Шинээр гарах хууль нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Басхүү үндсэн хуулийн шинжийг агуулсан буюу бусад хуульд энэ хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг оруулах, шинээр гарах холбоотой бусад хууль тогтоомжийг энэ хуульдаа нийцүүлдэг байх шаардлагатай байна.
Н.Учрал /Цахим хөгжлийн сайд/
МСНЭ-ээс Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 14 хууль хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн байна, эргэж хараач” гэсэн. Гэтэл гарчихсан хуулиудыг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үүрэг. Хууль гарахаас өмнө тухайн батлагдаж байгаа хууль нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай байж болохгүй шүү гэдгийг хуулиар зохицуулчихсан мөртлөө л батлагдчихдаг. Нэгэнт гарчихсан хуулийг бол Прокурор нь ч хэрэглэнэ, Зохицуулах хороо ч хэрэглэнэ шүү дээ. Тиймээс асуудлыг өргөн утгаар нь харж, МОНГОЛ ХҮНИЙ ҮГЭЭ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА АЖИЛЛАХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ МАНАЙ ГИШҮҮД ДЭМЖИЖ БАЙГАА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН.
Эрх баригч намын бүлэг нэгэнтээ ингэж амалсан бол одоо хэлсэндээ хүрэх ёстой. Тэгэхээр, яг одоо боловсруулагдаж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний хуульд төвлөрцгөөе гэж нийт сэтгүүлчдэдээ уриалж байна.
Гэхдээ энэ хуульд редакцийн ажилтны тоо гэх мэт хэмжигдэх боломжтой зүйл заалт тусгаж огт болохгүй гэдгээ хувийн зүгээс илэрхийлж байна. Редакц сэтгүүлчдийн нуруун дээр явдаг, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг тоогоор илэрхийлэх боломжгүй.
Нэг хүнтэй редакц байсан ч 20 хүнтэй редакцийн хараагүй өнцөг, хөндөөгүй агуулгыг гаргаж болдог. Тиймээс “Тэдэн хүнээс дээш редакцитай байгууллагыг редакцид тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж хамтарч ажиллах эрхийг нь нээж өгнө” гэх мэт явцуу ашиг сонирхлоо тулгахгүй байхыг зөв гэж үзнэ.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАТАЙ ХОЛБООТОЙ
Тэгэхээр, өнөөдөр манай салбарт өрнөж байгаа үйл явц бол цаг зуурын юм. Алдаа, оноо аль, аль нь байна. Гагцхүү цаашид зөв замаар урагшлах нь л гол. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад манай улс ОХУ, БНХАУ-тай илүү ойртож байгаа.
Гэтэл энэ хоёр их гүрэн хөрш орнуудаа улс төрийн дэглэмийн хувьд өөрсөдтэйгээ илүү төстэй байлгах сонирхолтой. Ийм хүнд нөхцөлд бид 30 жилийн ололтоо хадгалж үлдье гэвэл хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалж үлдэх нь гол.
Үүний тулд том алдаа гаргаж эрх баригчдад шалтаг шатгаан өгөхгүй байх хэрэгтэй байна. Бас, аливаа асуудал дээр бидэнд чиг шугамаа болгочих, хараад үлгэр дуурайлал болчих тулхтай уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, чадварлаг, олон нийтэд танигдаагүй ч хүндлэгдсэн сэтгүүлчид байна. Тэднийгээ юу хэлж, ямар санаа илэрхийлж байгааг сайн сонсох хэрэгтэй болов уу.
Учир нь, эхэнд өгүүлсэн шилжилтийн үе тэдний нуруун дээр явж байгаа юм. Эцэст нь, сошиал медиа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн өрсөлдөөний чиг хандлага бидний талд байгаа гэдгийг баттай харуулах мэдээлэл хүргэе.
УЛАМЖЛАЛТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЗҮЙ МООДНООС ГАРАХГҮЙ
Тоон технологи хөгжиж, хүмүүс “гар утас” хэмээх жижигхэн “шидтэн”-г гартаа атгаснаар сонин захиалж, телевизийн дэлгэц ширтэж суух шаардлагагүй болсон. Сошиал медиад зарцуулдаг маркетингийн зардал жилээс жилд өсөж байгаа.
Гэхдээ тэглээ гээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрсөлдөөнөөс арчигдана гэсэн үг биш. Тэр тусмаа Монголтой төстэй пост коммунист орнуудад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэ цэнээ удаан хадгалах боломж бусдаас илүү өндөр байна.
Үүнд гурван шалтгаан байна гэж эх сурвалж үзжээ. Үүнд:
Нэгд, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сэтгүүлчдийн хувьд мэргэжилдээ өсч дэгжих хамгийн боломжтой газар хэвээр байна. Иргэний сэтгүүлзүй, блог, видео блогерууд олноор бий болж, тоон мэдээллийн тэсрэлт болж байгаа өнөө үед ч мэргэжлийн редакц нь сэтгүүлчийн карьераа өсгөх хамгийн боломжтой газар хэвээр бөгөөд цаашид ч энэ чигээр үлдэх нь тодорхой байна.
Хоёрт, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хөрөнгө мөнгө их шаардах эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдийг санхүүжүүлэх боломж нь бусдаас илүү хэвээр байна.
Тэгвэл сэтгүүл зүйн энэ төрөл өдгөө нийгэмд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, ирээдүйд ч үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байх төлөв байгаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн аз болж байна. Интернэт мэдээлэл бэлтгэгчид нь хурдад илүү төвлөрч, гүн гүнзгий судалгаанд цаг гаргаж чадахгүй нь ойлгомжтой.
Гуравт, интернэтэд нэвтрэх, тоон технологийн төхөөрөмж ашиглах боломж улс орон бүрд ялгаатай байна. Интернэт болон дижитал төхөөрөмжийн хэрэглээ багатай улсад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл давуу талтай, илүү удаан ноёрхох нь мэдээжийн хэрэг юм.
Эцэст нь, УХМХ-д хамгийн чухал нь, үнэн бодит мэдээлэл түгээх давуу тал байна.
Тэгэхээр, хэдийгээр хүмүүс сошиал орчноос мэдээлэл авах нь түгээмэл болж буй хэдий ч нөгөө талаар УХМХ доройтох биш, харин технологийн асар хурдацтай хөгжилтэй зэрэгцэн хөгжиж яваа гэвэл үнэнд илүү нийцнэ.
Манайд хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн сайтууд сонин, телевизээс гадна өөр олон, олон боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож буй.
Жирийн иргэд ч, албаны хүмүүс ч үнэн бодит, ёс зүйтэй, хурдан шуурхай мэдээллийг хүсдэг. Тиймээс УХМХ-ийг рестораны хоолны цэсэнд байх хамгийн түгээмэл хоолтой зүйрлэж болох юм.
Зочид юу ч захиалж идсэн бай, хамгийн сүүлд УХМХ-ээс л үнэн худлыг нь шалгадаг хэвээр байх болно. Ийм байлгах хамгийн гол хүчин зүйл бол редакцийн бодлого, үнэн бодит мэдээлэл, сэтгүүлчийн ур чадвар, мэдээний өрөөний соёл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.112
Ugee heleh erch chine neelttei Harin huulid zaasnii daguu shalguulah mon ugee heleh erhee edelne
Хариулах