Хармагтайн ордод санаархсан харийнхны "Гар хөл"

2023/12/06

                            Хоёр дахь "Оюутолгой"

ХАРМАГТАЙН ОРД. Харьцангуй сүүлд олны анхаарлын төвд орсон ч "Хоёр дахь Оюутолгой" гэх нэрээрээ нэрд гарч буй тус ордны нөөц тун их гэнэ. Тэр ч утгаараа ХАРМАГТАЙН ОРД дэлхийд гайхагдаад байгаа. Тэгвэл энэ ордны нөөц баялаг хэдий хэр юм бол.  

ЖОРК /Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг/-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАРМАГТАЙН ОРД нь алдарт Оюутолгойгоос дутахааргүй нөөц баялагтай нь баталгаажжээ.

                                ХАРМАГТАЙН ОРД хаана байрладаг вэ?

Тус орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг аж. Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ. Тухайн үедээ Техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа  гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын  тусгай зөвшөөрлийг 6647.05 га талбайд  Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ. Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38.436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2015 онд ТЭЗҮ  батлуулсан байна. 

                  “Занаду майнз”-ын далд санаа!!!

 ХАРМАГТАЙН ОРД Австралийн хөрөн­гийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын “Занаду майнз”  компанийн эзэмшилд  буй. Тус компани нь  2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий “Монгол металс” компанитай хамтран  “Туркойз Хилл Ресурс” компаниас  энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлжээ. Гэхдээ “Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдгийг Авст­ралийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Эдгээр компаниуд нь ийнхүү дамжуулан худалдаж байгаа шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Хармагтайн ордод Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр зэхэж буй. Өөрөөр хэлбэл, “Туркойз Хилл Ресурс” компани өмнө нь Оюутолгойн орд дээр энэхүү гэрээг байгуулсан. Одоо Хармагтайн орд дээр энэ гэрээг байгуулах юм бол нэлээд хэл ам гарч мэднэ. Тиймээс өөрийн хөрөнгө оруулалттай охин компанийнхаа нэр дээр гэрээг үзэглэх зорилгоор ийнхүү зарсан нэр зүүсэн хэрэг “ хэмээн шинжээчид үзэж байгаа юм. “Занаду майнз” компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүрт­гүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны  байдлаар  “Гал шар” нүүрсний,   Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн  ордуудын  төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах “Жавхлант” кокс­жих нүүрсний хайгуулын төслийг эзэмшихээр гэрээг эцэслэж байсан аж. Одоо­гоор “Занаду майнз” Хармагтайн ордод хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй. Түүнчлэн Геологийн судалгааны төв ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна.

                                          ХАРМАГТАЙН ОРД-ны харамсалтай хувь тавилан 


Гадныхны гар дамжиж зарагдсанаас өөр ХАРМАГТАЙН ОРД-ны талаарх мэдээлэл тун хомс. Үйл ажиллагаа нь зог­сож, олборлолт хийхгүй, холбогдох байгууллагуудад нь тодорхой мэдээлэл нь байхгүй. Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлахын цаад учир шалтгаан нь юу вэ. Олны анхаарлын төвд оруулахыг хүсэхгүй, далд нууц байдлаар байлгаж байгаад хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хүсэлтэй эрх мэдэлтнүүдийн санаархал ХАРМАГТАЙН ОРД-од нуугдаж буйг үгүйсгэхгүй. Үгүйсгэхээр барахгүй үүнийг нотлох нэгэн шуум бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ ордыг албан тушаалаасаа буухаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө харийнханд зарчихсан гэсэн мэдээлэл байдаг. ХАРМАГТАЙН ОРД-ыг Ж.Эрдэнэбаттай холбоотой тухай мэдээлэл урьд нь ч гэсэн гарч байлаа.  Гэхдээ хайгуулын лиценз нь харийн компанид 30 жилийн хугацаатай олгогдсон байсан Хармагтайн ордыг 2020.12.30-ны өдөр Засгийн газар 100 хувь төрийн мэдэлд авсан гэх мэдээлэл байдаг ч гаднын хөрөнгө оруулагчдын  "гар хөл" Хармагтайн ордыг тайван орхих эь юу л бол. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.192
    2023/12/06

    Ene orduudaa uls irged ni hamtarch ezemshig hariltsan ashigtai ezemshtugai.

    Хариулах