Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 2.6 дахин, экспорт 4.3 дахин нэмэгджээ

Т.Отгонсувд
2023/12/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-т тогтоолыг өнгөрөгч 2022 оны Хаврын чуулганаар баталсан билээ. 

Уг тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэж байгаа юм.

Тэгвэл тогтоол батлагдсанаас хойш ил гаруйн хугацаанд махны экспортын чиглэлд тодорхой үр дүн гарч эхэлжээ. Манай улс өнгөрөгч 2022 онд 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспорт хийсэн. 

Харин энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 260 сая ам доллароор экспортолсон байна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 2.6 дахин нэмэгджээ.


Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг цахимаар экспорт хийх боломжийг судлан “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэн энэ оны 7-н сараас махны экспортын гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн.

 Цахим болсноор 99 аж ахуй нэгжийн 265 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлээд байна. Экспортын нэг цонхны системээр энэ оны 7-н сарын 1-ээс хойш гурван сарын хугацаанд 11,384 тонн махыг экспорт хийжээ.

Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд хөнгөлттэй зээлд хамрагдсанаар шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талаар бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. 

Энэ онд мах экспортлогч 25 аж ахуй нэгжид 57.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг олгоод байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна