"Шинь Шинь" ХХК хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажилласан цаг дээр нэг цагийн нэмэгдлийг олгож байна

Zuv.mn
2023/12/08

“Шинь Шинь” ХХК нь Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уулзалт, өдөрлөг зохион байгууллаа. 

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан. 

"Шинь Шинь" компани нийгмийн хариуцлагын хүрээнд  сүүлийн жилүүдэд энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа хүлээн авч, уулзалт ярилцлага зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудал, дэмжих хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар санал солилцож ирсэн.

Уулзалтын үеэр ажилчид "Ажилтнуудаа дэмжих зорилгоор 2023 онд Хэнтий аймгийн Дадал суманд аялал, амралтыг зохион байгуулсан ба уулзалтын үеэр ажилтнууд маш сэтгэл хангалуун сайхан аялаад ирсэн" хэмээгээд компанидаа талархаж буйгаа илэрхийлэв. 

Тус компани нь хөдөлмөрийнхөө дотоод журмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтны өдөр бүрийн ажилласан цаг дээр 1 цагийн нэмэгдлийг олгодог байна.

Компанийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулан, ажил үүргээ хариуцлагатайгаар биелүүлж буй ажилтнууддаа компанийн удирдлагууд талархал илэрхийлж, цаашид ч дэмжих арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аялал, амралтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн өрнүүлэх болно гэдгийг дурдаад уулзалтын төгсгөлд гарын бэлэг гардууллаа. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.