Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.12.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийв.
Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009-2017 онуудад Мал хамгаалах сангаас, 2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилд 3-4 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй 20-50 аж ахуйн нэгжүүдэд олгож, 100-180 ажлын байрыг шинээр бий болгож ажиллаж байна. УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 132 тэрбум төгрөг байхаар тусган 109 аж ахуйн нэгж, иргэнд 40.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 41 аж ахуй нэгж, иргэний 46 тэрбум төгрөгийн зээл банканд судлагдаж байна. Сүүлийн 5 жилд үржлийн адуу 1754, цэвэр үүлдрийн үхэр 3932, үржлийн гахай 797, мах, ноосны болон ихэрлэдэг удмын хонь 3000, сүү, ноолуурын ямаа 286, үржлийн өндөг 12.0 сая ширхэг, гүн хөлдөөсөн үр 200.0 мянгыг тус тус улсын хилээр нэвтрүүлсэн байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх малын гений санг хамгаалах, сайжруулах, малын үржүүлэг, био технологийн ажил, үйлчилгээг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулан ашиглалтад оруулсан. Тус төв нь өндөр ашиг шимт импортын бухны 38.9 мянга, Монгол Улсад баталгаажсан дотоодын бухны 2.7 мянга, импортын хуц, ухны 1.3 мянга, дотоодын хуц, ухны 21.8 мянга, нийт 64.7 мянган тун үрийг Монгол Улсын малын генийн санд хадгалж байааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид урамшуулыг 2020-2022 онд нэг литр сүү тутамд 500 төгрөг буюу 20 мянган иргэн, аж ахуйн нэгжид 10.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол 2023 оны 11 дүгээр сараас эхлэн нэг литр сүү тутамд 1000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь сүүний аж ахуй эрхлэгчдэд бодит дэмжлэг боллоо гэв.
Мөн тэрбээр, махны чиглэлийн өндөр ашиг шимт хонины үржлийн аж ахуй байгуулах зорилгоор 2018 онд Франц улсаас 657 хонийг импортолж, тэдгээрийг нутагшуулан үржүүлснээр 4000 толгойд хүрээд байна. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2018 оноос эхлэн махны чиглэлийн герефорд, Сэлэнгэ үйлдвэрийн үржлийн бух, баяд, дархад үйлдвэрийн үржлийн өсвөр хуцыг орон нутагт олгож байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Франц, Герман, Словак зэрэг орнуудаас махны чиглэлийн лимузин, ангус, герефорд, сүү-махны хосолмол ашиг шимт монтебиллъярд, швицийн бор, сүүний чиглэлийн хар тарлан, голштейн зэрэг 2000 гаруй цэвэр үүлдрийн үхрийг импортолсон. Өсвөр үхэр, хонь бордох аж ахуй байгуулах өргөтгөх сонирхол малчид, фермерүүд дунд өргөн дэлгэрч, үхэр бордох, “Метагро”, “Газар, агро”, “Нүүдэлчин” зэрэг томоохон аж аж ахуйн нэгжүүд хонь бордож, гадаад зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжүүд Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймгуудад байгуулагдан энэ жилээс булангийн орнуудад махны нийлүүлэлт хийж байна гэв.
Мэдээлэлд, тэжээлийн ургамал тариалалтыг эрүүлжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тариалалтыг 2018 онд 46 мянна, 2019 онд 43.8 мянга, 2020 онд 84 мянга, 2022 онд 64.2 мянга, 2023 онд 110 мянган га хүртэл нэмэгдүүлсэн. УИХ-аас 2020 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаан буудайн үр зэргийг импортлоход 88 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 28.8 тэрбум төгрөгийн 42.3 мянган тонн бүх төрлийн малын тэжээл импортолсон бөгөөд бүх төрлийн малын тэжээл импортлоход нийт 4.5 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах малын тэжээлийн таримал тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор "100 сум, 100 га" арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө, төслийн тооцоог гаргаж, 2024 онд тэжээлийн таримлыг нэмэгдүүлэхээр 1.9 тэрбум төгрөгийг төсөвт суулган дэмжлэг үзүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор өвсний экспортыг 2024 онд 04 дүгээр сарын 01-ний өдөр, хивэг, тэжээлийн экспортыг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлах чиглэлийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн гэдгийг дурдав.
Мал, амьтны олон янз байдлын олон улсын мэдээллийн санд Монгол Улсад баталгаажсан унаган үүлдэр, омгийн малын мэдээллийг оруулж НҮБ-ын ХХААБ-ын Генетик нөөцийн үндэсний хороонд бүртгүүлээд байна. Мөн таван төрлийн малын үржлийн ажлын стратегийг боловсруулан бүх шатны мэргэжлийн байгууллагад хүргүүлэн мөрдөж ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу 2018-2023 онд улсын төсвийн 976 сая төгрөгийн санхүүжилтээр 934 мянган мал, орон нутгийн төсвийн 110 сая төгрөгийн санхүүжилтээр 223 мянган малд үзлэг хийж гүйцэтгэсэн. 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 22 аймаг, нийслэлийн 114, сум, дүүрэгт 184 мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулж байгааг тодотголоо.
Монгол Улс нь Дэлхийн тогтвортой хөгжпийн зорилт 2030, Биологийн олон янз байдлын тухай конвенци, Малын генетик нөөцийн талаарх Интерлакены тунхаг болон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон улсад хүлээсэн үүргийн дагуу Биологийн олон янз байдал, Малын генетик нөөцийн төлөв байдлын талаарх 3 дахь удаагийн үндэсний тайланг Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, хуралдааны 19 дүгээр тэмдэглэлээр даалгасны дагуу Монгол Улсын Их Хурал, Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгчийн газарт тус тус хүргүүлээд байна. Энэхүү тайлан нь Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц боломж, генетик судалгаа, үржил, селекцийн стратеги, цаашдын хөгжлийн чиг хандлага, тодорхойлох, хариу арга хэмжээ авах, төлөвлөх үндэслэлийг нарийвчлан тогтоох, олон улсын тайланд үндэсний тайланг нэгтгэх, баталгаажуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, баяжилт нөхөн бүрдүүлэлтийг давтамжтай хийх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэв.
Улсын хэмжээнд 21 аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 330 сум, мал бүхий зургаан дүүрэгт 174 мал зүйч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага хувийн хэвшилд, 257 мал зүйч, мэргэжилтэн төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Хөдөө аж аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, био технологийн сургуультай хамт дөрвөн шатлалаар мал зүйч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, жил бүр 25-45 мал зүйч мэргэжилтэн бэлтгэж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ одоогийн байдлаар мэргэжилтэй боловсон хүчин 126 мал зүйч шаардлагатай байна гэж байлаа.
Малыг бүртгэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журмыг баталж, мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэглэх, малын бүртгэл мэдээллийн нэгдсэн программ хангамжийг туршин суурилуулах, нэвтрүүлэх ажлыг 21 аймгийн 330 суманд эхлүүлснийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ төрийн өмчит 11 цөм сүргийн үржлийн төвд үржүүлж буй 10.5 мянган малыг үзлэг ангилалд хамруулж, бүртгэлгүй 92 мянган малыг ялган тэмдэглэн бүртгэлжүүлсэн гэв.
Түүнчлэн тэрбээр, Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, бүртгэх, мэдээллийг нэгдсэн санг бүрдүүлэхэд төрөөс анхаарч Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд жил бүр хоёр тэрбум төгрөгийг тусган хэрэгжүүлээд байна. Тухайлбал, 2023 онд анх удаа бог малын бүх хээлтүүлэгчийг үзлэг, ангилалд хамруулан бүртгэлжүүлэхэд зориулж 500 сая төгрөгийн санхүүжилтийг гарган 330 мянган хээлтүүлэгчийг хамруулсан гэж байлаа.
Мэдээллийн төгсгөлд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулав. Тухайлбал, малын генетик нөөц, байдлын үнэлгээнд тулгуурлан монгол малын удмын санг алдагдуулалгүй зорилтот зах зээлд чиглүүлэн ашиг, шимийг тогтвортой нэмэгдүүлэх үржлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангах, малын чанар, бүтээмж нь тооны өсөлтөөс хоцорч байгаад анхаарч, мал сүргийг өсгөх талаар ялгавартай бодлого баримталж, адуу, хонь, ямааны өсөлтийг зохистой түвшинд тогтвортой хадгалах, үхэр, тэмээний тоог өсгөхөд чиглэсэн үржил селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллана гэж байлаа.
Мөн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, бүх шатанд уялдаа холбоог сайжруулах зорилгоор хоршоогоор дамжин түүхий эд бэлтгэл, ангилан, ялгалтын ажлыг зохион байгуулж, түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийхэд анхаарах, малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд эрчимжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл шилжилт хөдөлгөөний хянах тогтолцоог сайжруулна.
Түүнчлэн бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх замаар бэлчээрийн малын чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлж, сум бүрд мал үржүүлэгч технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 1-2 загвар нэгжийг бий болгож үр дүнг тооцох, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн батлагдсан орон тоонд мэргэжлийн мал зүйч ажиллуулах, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, мэргэжилтэй болгосон хүчний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд төрийн зардлаар сургах, малын генетик нөөцийн төлөв байдлыг гурван жил тутамд тодорхойлж тайлагнадаг үндэсний тайланг таван жил тутамд олон улсад тайлагнах ажлыг тогтмолжуулна гэж байлаа.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дахь Гэрийн тэжээвэр амьтдын олон янз байдлын мэдээллийн системд өмнө нь бүртгэгдсэн үүлдэр, омгийн малын тоон мэдээллийг шинэчлэх, нэмж бүртгэж, баяжуулах ажлыг эрчимжүүлэх, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, малын генетик нөөцийг ашиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмших иргэн, хуулийн этгээдийн үүрэг, ажиллах үр өгөөжийг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бэлчээр, тэжээлийн нөөц боломжид суурилан үр ашигтай эрхлэх бодлого хэрэгжүүлэх, малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, бүртгэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг зохион байгуулах төрийн бодлогоор тууштай дэмжин ажиллана гэдгийг салбарын сайд Х.Болорчулуун мэдээлэлээ дурдаж байв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, Г.Ганболд нар асуулт асууж, санал хэлэв.
Мэдээллийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, гишүүдийн зүгээс Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулж, цаашид малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийхэд анхаарч энэхүү асуулгыг хоёр жилийн өмнө Монгол Улсын Засгийн газарт хандаж тавьсныг тодотгоод Монгол Улсын эдийн засгийг мал аж ахуйн салбаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд тулгуур нь болсон малын үржил, мал эмнэлгийн асуудлыг төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай гэж байлаа. Мөн тэрбээр, "Өнөөдөр малын тоо толгой нэмэгдсэн ч малчдын амьжиргаа дээшлэхгүйн зэрэгцээ байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлын давтамж нэмэгдсэн. Ийм цаг үед эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд ордог, байгаль цаг ууртаа дасан зохицсон чанартай мал сүрэгтэй болох шаардлагатай байна. Салбарын алдаа оноогоо дүгнэж цаашдаа эл салбарт бодлогын өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь зүйтэй. Иймд 2017 онд баталсан Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Засгийн газар, салбарын яам анхаарах, улмаар дээрх хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна" гэж байлаа.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар асуулгатай холбогдуулан үг хэлсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Д.Ганбат, Ж.Батжаргал нараас мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн харилцаанд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна гэсэн санал гаргасныг онцлоод УИХ дээр мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар хэд хэдэн удаа ярилцаж, дунд, урт хугацаанд бодлогоо шинэчлэх нь зүйтэй гэж үзэн Ажлын хэсэг байгуулсныг дурдсан. Мөн мал аж ахуйн салбарын мал, малчин, бэлчээр нь харилцан хамааралтай, салгаж үл болох тулгын гурван чулуу бөгөөд үүнийг тус тусад салгаж ярих бус дээрх гурван асуудлыг холбодог зах зээлийн институц байх ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аж ахуйн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, хуваарилалт, түүхий эд бэлтгэл, солилцоо хэрэглээний тогтолцооноос бүрддэг ийм асуудлыг цогцоор нь авч үзэхгүйгээр дангаар салгаж ярилцаад байвал үр дүнд хүрэхгүй хэвээр үлдэнэ. Улсын түвшинд малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалдаг байгууллага байхгүй байна. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж, хамтарч ажиллахаас өөр аргагүй гэдгийг дэлхийн нийтийн туршлага харуулж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, мал аж ахуйн салбар системийн хямралд ороод буй тул дорвитой өөрчлөлт хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам манлайлж ажиллах ёстойг анхааруулаад цаашид мал аж ахуйн салбарын уламжлал дээр тулгуурласан шинжлэх ухаан, олон улсын туршлага дээр үндэслэсэн шинэчлэлт, өөрчлөлтийг хийх бодлого боловсруулж танилцуулах үүргийг салбарын яаманд чиглэл болгосноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.45
Болорчулууны оронд тэр Булган аймгийн Хутаг Өндөр суманд байгаа канад нөхрийг сайд болгочихвол их юм хийнэ дээ
Хариулах202.126.89.178
Tegvel suunii une 2500 davah uchirguj
Хариулах