М.Сайнбаяр: Нүүрсний сонсгол боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй

Х.Есү
2023/12/22

Энэ өдрүүдэд УИХ-ын Хяналтын сонсгол жүжгийн 3-р үзэгдэл “Нүүрсний сонсгол-2” нэртэйгээр үргэлжилж байна. Өмнөх 2 үзэгдлээр нийгэмд шуугиан тарьж, ард түмнийг бухимдуулж, талцуулж хэрэлдүүлснээс өөр ямар үр дүн гарав?

Одоо бараг мартагдсан. Жүжгийн 1-р үзэгдэл болох Хөгжлийн банкны Хяналтын сонсголын үр дүн юу болов гээд асуувал мэдэх, хариулах хүн бараг гарахгүй дээ. 2-р үзэгдэл саяхан гарсан учир Ханбогд сум газраа Хятадуудад өгчихсөн юм байна гэдгийг л мэддэг боллоо. Үүнийг сүүлийн 7 жил тасралтгүй эрх барьж байгаа нөхдүүд мэдэхгүй байсан гэдэгт хэн ч итгэхгүй. Гэтэл тэр хэрэг нь 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байсан. Энэ хэрэгт нийт 11 хүн яллагдагчаар татагдсан байжээ. Энэ 11 хүний толгойлогч гэх маягаар сумын Засаг даргыг сүр дуулиантай зарлалаа. Яллагдагчаар татагдсан байсан Ажнайн Д.Бат-эрдэнийг байцаалаа. Өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад шийдэж байсан асуудлыг олны өмнө байцааж жүжиг тоглолоо. Сөрөг хүчнээ идээчин угаачнаар нь цоллолоо, өөр юу болов. С.Ганбаатар намайг гүтгэлээ гээд гомдол гаргаж байна. 10 хоноход бүгд мартагдаж байна. Мартуулах ажлыг ч шатахуун, тог цахилгаан, сэтгүүлчийн асуудлаар сайн булж дарагдууллаа. Үүндээ ч гаршсан.

Одоо эрх баригч намаа намнах юм гэнэ. Хөгжлийн банкны сонсголоор ямар хохирол барагдуулав. Нэг сэтгүүлч л би энэ асуудлыг сөхөөд хэдэн их наядын хохирол барагдууллаа гээд байсан. Б.Энхбаяр ямар өр барагдуулав. Хэнд хариуцлага тооцов. Энэ сонсгол ямар ач холбогдолтой юм. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадаж байна уу? Ач холбогдол нь юу юм бэ? Тэр газрын наймаа, хоосон машин, мөргөцгийн хулгай, 44 их наядын хулгайг хууль хүчний байгууллагууд илрүүлж чадахгүй дорой байдалд ороод, УИХ-аас тусламж хүслээ гэж үү? Энд нэг л шалтгаан байгаа гэж харагдаж байна. Энэ бүх хулгай луйварт эрх баригчид, ҮАБЗ, УИХ-ын гишүүд, цагдаа, тагнуул нийлээд нэг сүлжээнд орж энэ хэргийг үйлдсэн тул аль ч шатандаа хэрэг замхрах гээд, за сайндаа ч биш дээ үнэндээ бол мөнгөний авдарны түлхүүрийг хэн атгах вэ, хэн улс төрийн эрх мэдлийг атгах вэ гэсэн далд тэмцэлдээ ард түмнийг, хэвлэл мэдээллийг ашиглан хуурамч дүр эсгэн сайн хүн болж харагдах гэсэн арчаагүй тоглолт хийж байгаа юм.

Ард түмэн бол хармааны хулгай, жижиг залилан, дээрэм, хоорондын зодоон цохион хийгээд түүнийхээ горыг амсаад шүүхээс зохих ял шийтгэлээ хуулийн хүрээнд сайн хүртдэг. Харин энэ том луйвар булхай хулгайг эрх мэдэлтэй нөхдүүд өөрсдийн гар хөл, бөгс долоогч нараараа дамжуулан хийнэ. Банк дампууруулна, сангуудыг хоосолно, орд газрыг өөрсдөө авч алга дарам цаасаар хэдэн зуун сая доллараар наймаална, Монгол Улсын газрыг хэдэн зуун га газраар нь зарна, барьцаална, элдэв тендер төсөл хусна, авлига нэхнэ, гэмт хэрэгтээ хэнийг ч хамаагүй золиослно.

Энэ бүгдэд хэн буруутай вэ? Шуудхан хэлэхэд, үүнд манай 1992 оны Үндсэн хууль буруутай. Үндсэн хуулиар бий болгосон төрийн тогтолцоо буруутай. Үндсэн хуулиар төрийн өмчийг баталгаажуулж өгсөн Үндсэн хууль буруутай. УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага болгож өгсөн Үндсэн хууль буруутай.

УИХ бол хууль баталдаг байгууллага болохоос төр барьдаг, гүйцэтгэх засаглалын байгууллага биш. Төрийг шүтэх, төрийг бэхжүүлэх, төрийг өмч хөрөнгөтэй байлгах тогтолцоог бий болгож өгсөн Үндсэн хуулийн буруу. Яагаад гэж үү?

Төрийн өмч, төрийн нийтийн өмч гэдэг бол яг үнэндээ хэний ч өмч биш гэдгийг л бид сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм. Хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоор төр гэдэг субъект огт байдаггүйг бид ойлгох хэрэгтэй. Төрийг шүтэж 100 жил амьдарлаа. Төр гэж хэн юм бэ? Төр гэж төрийн тэргүүн үү? Засгийн газрын тэргүүн үү? УИХ-ын дарга уу, төрийн цагдаа юм уу? Ийм эзэн биегүй зүйлийг өмчийн эзэн болгохоор юу ч хийхээс буцахгүй амар хялбар аргаар баяжихыг хүсэгчдийн арми төрийн өмч нэртэй хэний ч биш өмч хөрөнгийг яаж ийгээд хулгайлж, завшиж байгаа юм. Энэ талаар бидний нөхдийн туурвисан “Үндсэн хуулийн тайлбар философи”,  “Шинэ хувьсгал” номуудаас тодруулж унших боломжтой тул ингэсгээд орхиё.

Үндсэн хуулиар тогтолцоо нь буруу байхад эрх мэдлээ хэтрүүлсэн, өмч хөрөнгө завшсан гээд хэн нэгнийг буруутгаад байхын оронд хувь хүн албан тушаалд очоод эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах боломжийг нь олгодоггүй Үндсэн хуультай болох талаар бид ярих ёстой. Хяналтын сонсголоор ярьж байгаа мөнгөн дүн өндөр боловч цаашид дахин ийм хулгай гарахгүй байх нөхцөл боломжийг бий болгоно гэсэн итгэл үнэмшил байхгүй. Ингэж хэлснээрээ хэн нэгнийг өмөөрөх гэсэн юм биш. Хэн нэгнийг өөрчилж солиод юу ч өөрчлөгддөггүй гэдгийг бид мэддэг болсон. Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, М.Энхболдыг өөрчилчихвөл Монгол шударга гоё болох гээд байна гэсэн нь худал байсныг бид мэддэг болсон. Монголчууд бид сүүлийн 30 жил бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа ямар нэгэн шалтгаанаар мууллаа, халлаа, солилоо. Тэгээд Монгол Улс хөгждөггүйг бид хангалттай харлаа шүү дээ. Ойлголт буруу бол шийдвэр, үр дүн буруу л гардаг. Иймд энэ бүхнийг засах, зөв голдиролд оруулах ганц зам бол буруу бүхний үндэс болсон Үндсэн хуулиа шинэчлэх юм.

2023.12.20

Үргэлжлэл бий. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.121
    2023/12/22

    Hen ni hen be gedgiig medej bh shig. Barimt tai bolhoor ul shiitgel ugj bolnoo

    Хариулах