“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг суллахыг уриаллаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гомдлоор, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл /“илт худал мэдээлэл тараах”/ ангиар буруутган, энэ сарын 4-ний өдөр баривчлан хорьсон юм. Н.Өнөрцэцэг гадуур шалгах хүсэлтийг удаа дараа гаргасан ч хамгийн сүүлд энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс түүний хүсэлтэд дөрөв дэх удаагаа татгалзсан билээ.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын Ази, Номхон далайн салбарын захирал Седрик Алвиани “Монгол Улс эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургалч үзлийн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэхэд сүүлийн 30 жилийн турш тодорхой хүчин чармайлт гаргаж ирсэн тул гэнэтийн хэрэг боллоо. Сошиал хуудсаараа дамжуулан шүүхийн тогтолцоог шүүмжилснийх нь төлөө сэтгүүлчийг “Худал мэдээлэлтэй тэмцэж байна” гэх нэрийдлээр эрх чөлөөг нь хасаж байгаа нь илт хүчирхийлэл юм. Бид Н.Өнөрцэцэгт холбоотой хэргийг зогсоож, нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалж байна” гэжээ.
Дээрх мэдэгдэлд “Монгол Улс 2023 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст өнгөрсөн жилийнхээс хоёр байр урагшилж, 180 орноос 88-д жагсаж байгаа” болон “1990 оноос ардчиллын замаар замнаж, мэдээлэл олж авах эрх, мөн хэвлэл мэдээллийн олон ургалч үзэл, хараат бус байдлыг дэмжиж ирсэн” болохыг онцолсон байна.
"Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллага нь олон улсад нэр хүндтэй, хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлоход нөлөөлөхүйц байр суурьтай хүчирхэг байгууллага юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна