-Гаалийн бүртгэлгүй 1.7 сая тонн нүүрсний дуулиан-
Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл энэ тоо хэмжээ 6.9 сая тонн байсан бөгөөд шалгалтын хүрээ хумигдаж, зөвхөн Тавантолгойг хэлэлцэх болсонтой холбоотойгоор 1.7 сая тонн нь хасагджээ.
Монгол Улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжих бодлого баримтлах болсноосоо хойш анх удаа “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулсан. Сонсголын хамрах хүрээ бага /Зөвхөн Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хамруулсан/ ч жишиг тогтоосон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ ихтэй гэдгээрээ энэ сонсголын ач холбогдол яах аргагүй өндөр байсан. Өөрөөр хэлбэл, сонсголууд цаашдаа дахиж болох замыг нээсэн бөгөөд сэдэв нь өмнөх Түр хорооны цуглуулсан ч саяын сонсголоос орхиж гээгдсэн баримтууд байх нь тодорхой байна.
Тодруулбал, сая Гашуунсухайт боомт, Тавантолгойн уурхайг шалгасан шиг Булган буюу Ярантын боомт, түүгээр нүүрсээ экспортолдог Хөшөөтийн уурхай буюу “МоЭнКо” ХХК-ийг, тэрний дараа Бичигтийн боомт, хяналтгүй уул уурхай цэцэглэж байгаа Сүхбаатар аймгийн уурхайнуудыг гэх мэтчилэн сонсголыг үргэлжлүүлээд явах боломж, гарцыг нээж өглөө.
Нүүрсний хулгай ганц Тавантолгой, Гашуунсухайт дээр явагдаагүй. Энэ бол Монголын уул уурхайн баялгийг урагшаа гаргадаг олон ААН, олон боомтын зөвхөн нэг нь.
Хянан шалгах түр хорооны шалгалтын тайлангаас...
УИХ-аас байгуулсан анхны Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт Ханги, Мандал, Байтаг, Замын-Үүд, Гашуусухайт, Ярант, Бичигт, Шивээхүрэн боомтууд болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал багтсан бөгөөд нотлох баримтуудыг цуглуулж, зөрчлийг баталгаажуулсан асуудлууд ч байсан.
Тэдгээрээс хамгийн ноцтой нь Ховд аймагт байх Булган буюу Ярантын боомт, тус боомтоор нүүрсээ гаргадаг Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудал байсан юм.
Эшлэл
Б.БЕЙСЕН /УИХ-аас анх байгуулсан Хянан шалгах түр хорооны гишүүн/
“Ховд, Цагааннуурын боомтоор явсан. Хөшөөтийн уурхайг шалгасан. Булган боомттой холбоотой тодорхой баримт шинжээчид өгсөн. Маш их хэмжээний баялаг алдагдаж байхад шинжээч тухайн үед ажлыг сайн хийнэ гэсэн хэрнээ хариуцлагагүй ажилласан. Тайланг нь сонсмоор байх юм. Ядахдаа тайлангаа ажлын хэсэгт өгч болно шүү дээ. 50-60 сая долларын нүүрс хилээр гарсан, хулгайгаар.
...Том ордоо гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгчихсөн байтлаа бид нарыг шахдаг. Хөрс хуулалтаар зовоож байна гээд ярьж байна”
УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” УИХ-ын Түр хорооны хуралдаанд /2023.06.27/ хэлсэн үгээс.
“МоЭнКо” нь “Баруун хязгаарын Тавантолгой” гэгддэг, Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг, салбарын томоохон ААН-үүдийн нэг. Гэхдээ Монгол Улс бүртгэлгүй гараад явчихсан 1.7 сая тонн нүүрснийхээ араас явах ёстой. Нэгбүрчлэн хөөж, дахиж гаргах арга замыг нь таслан зогсоох учиртай.
Б.Бейсен гишүүний хэлснээс үзэхэд, хулгайлагдсан 1.7 сая тонн нүүрсний лавтай 50-60 сая ам.долларт ногдох хувь нь Булган боомт, Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг “МоЭнКо” компанитай холбоотой болохыг УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо олж тогтоожээ.
Тиймээс дараагийн сонсголыг энэ асуудлаар хийх санаачилгыг гаргаж байна. Хөшөөтийн орд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, анхны нөөц нь тогтоогдсон, нөөцийн хувьд Тавантолгойтой ойролцоо буюу шинээр тогтоогдох боломжтой нөөцийг тооцож үзвэл илүү гарч ч мэдэх орд. Энэ аварга ордын хувийн хэвшилд шилжсэн үйл явц, улс төрийн хамаарлын талаар бид мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна