Торгох ялын доод хэмжээ зургаа дахин өсөж, хорих ялын доод хэмжээ зургаан сараар нэмэгджээ

Х.Батсайхан
2024/01/03

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 27 дугаар бүлэгт орсон өөрчлөлт энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иргэдэд хамгийн их хамаатай, хэрэглээний практик өндөр энэхүү бүлэгт ямар өөрчлөлт орсныг өмнөхтэй нь харьцуулан хүргэж байна.  

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчиж хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол өмнөх хуулиар

-450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох

-240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх 

-Нэг сараас 1 жил зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг байсан. 

Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд:

-Жолоодох эрхийг нь 1-3 жилийн хугацаанд хязгаарлах

-2 сая 700 мянган төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгох 

-240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх

-6 сараас 3 жил зорчих эрхийг нь хязгаарлах зохицуулалт орж байна. 

Тодруулбал, торгох ялын доод хэмжээ зургаа, дээд хэмжээ гурав дахин нэмэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр өсөн чангарчээ. 

Үүнээс гадна, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсвэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол эрх хасах ялын доод хэмжээ хоёр жилээр, зорчих эрх хязгаарлах, хорих ялын доод хэмжээ зургаан сараар нэмэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна