Хувцас хунар, бензин шатахуун, хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг бид шууд л мэддэг, мэдэрдэг. Харин эмийн тал дээр бол тийм биш, эсрэгээрээ. Гаднаас чухам ямар үнээр орж ирээд иргэдийн гар дээр ямар үнээр хүрч байгааг нь мэддэггүй учраас элдэв хардлага тээж, эмийн бизнес эрхлэгчдээ нүгэлтнүүд, шуналтнууд хэмээн элдвээр зүхэх нь л дийлэнх. Арга ч үгүй юм. Энэ талын мэдлэг, мэдээлэл дутмагийн л гор л доо.
Бид эмийн санд ороод, өөрт шаардлагатай эм, тариаг эм зүйчийнх нь хэлсэн үнээр торохгүй л авчихдаг хүмүүс. Гэхдээ хамгийн халагламаар нь тэр үнэдээ дүйхүйц чанартай эм мөн үү гэдэг дээр огт анхаардаггүй. Эм, вакцин, аминдэм, эмнэлгийн хэрэгслийн чанарын асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болжээ. Чадалтай зарим нь хэрэглээний эм, бэлдмэл, амин дэмийн аль чанартайг нь гадны улс, орноос боломжийн өртгөөр худалдаж аваад хэрэглэнэ. Тийм чадамжгүй нөгөө хэсэг нь харин аптекаас бус арай өөр газраас чанартайг эрэлхийлэх нэрийдлээр цахим худалдааны “золиос” болж, эрүүл мэндээрээ хохироод үлддэг найдвэргүй цаг үе иржээ.
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчлөлийг эдгээх нь эмийн бизнес эрхлэгчдийн бизнесийн гол зарчим нь юм. Тиймээс тэд нарийн судалж, чамгүй судалгаа хийхийн зэрэгцээ тухайн эмийн үйлдвэр дээр нь очиж, үйлдвэрлэлийн явцтай нь танилцсаны дараа л түүнийг эх орондоо авчирч борлуулах эсэхээ шийдвэрлэдэг байж таарна. Дээр нь эмийн бизнес маш хатуу хуультай. Бүртгэлийн үйл явц нь нарийн, олон арван бичиг баримт бүрдүүлнэ. Давхар хяналт, шалгалт гэх мэтчилэн шат дамжлагыг давж байж сая нийтэд худалдан борлуулах эрхтэй болно. Тэгэхээр энэхүү бизнесийг эрхэлдэг компаниуд хуурамч эм, бэлдмэл нийлүүлдэг гэдэгт басхүү эргэлзмээр. Өдгөө цаг үе өөр болсон. Хэрэглэгчдийн мэдлэг маш сайжирч, мэдээ, мэдээллээр хангагддаг болсон учраас ямар өвчинд аль эм, тариа илүү үйлчлэл сайн, түргэн эдгээдэг вэ гэдгийг мэддэг болжээ. Тиймээс одоо эмийн бизнес хийж буй хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хариуцлага нь илүү өндөрссөн гэсэн үг юм.
Манай улсад жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн эм, бэлдмэл импортлогдож, борлуулагддаг гэсэн статистик тоо бий. Энэ бол албан ёсны тоо, баримт юм. Өөрөөр хэлбэл, улсын хилээр зохих ёсны зөвшөөрлийн дагуу хууль ёсоор, гааль, НӨАТ-аа төлөөд оруулж ирсэн эм, эмийн бүтээгдэхүүний нийт үнийн дүн билээ. Эдгээр эм, бэлдмэлээс 250 орчим тэрбум төгрөгийн буюу 35 хувийг нь төр, засаг өөрийн шугамаар худалдан авч байгаа аж. Үлдсэн 65 хувийг нь буюу 450 тэрбум төгрөгийн эм, бэлдмэлийг хувийн хэвшлийнхэн оруулж ирээд эмийн сангуудаар борлуулдаг, хувийн эмнэлэг, байгууллагууд хэрэглэдэг байна. Үндэсний эмийн бүртгэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж үзвэл, Монгол Улс 1279 нэршлийн эмийг 47 улсаас импортлодог, ингэхдээ нэг эмийг 1-42 хүртэл янз, хэлбэрээр оруулж ирдэг аж. Тухайлбал, ард иргэд 13 улсын 42 янзын Ципрофлоксацин буюу өргөн хүрээний үйлдэлтэй хүчтэй антибиотик, 12 улсын 39 янзын Диклофенак өвдөлт намдаах, 12 улсын 32 янзын Флуконазол мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэж байна.
Өнөөдөр Монгол Улсад 44 эм үйлдвэрлэгч, 500 гаруй эм ханган нийлүүлэгч байгууллага дотоодод 180 гаруй нэр төрлийн 900 орчим төрлийн эм худалдаалж буй аж. 2022 онд тэд дэлхийн 58 улс, орноос 143 сая ам.долларын үнэ бүхий эмийг импортлон оруулж ирсэн мэдээ бий. Тэгвэл энэ тоо 2023 онд тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь гарцаагүй. Эм хангамжийн салбар манайд үүсэж, бий болоод даруй 100 жилийг ардаа орхисон бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэнээр тус байгууллага хувьчлагдан задарч, үүнээс үүдэн бид хэсэгтээ л ганзагын наймаачдын оруулж ирдэг янз бүрийн чанар, стандарт нь баталгаагүй эм, тариаг дур мэдэн хэрэглэж, дэлхий даяар онцгой салбарт тооцогддог эм хангамжийн байгууллагууд хэсэгтээ л яах учраа олохгүй баларсан юм. Зах зээлийн цоо шинэ шаардлага, нөхцөл байдалд уялдуулан төр, засгаас холбогдох дүрэм, журам, стандартад гадны дэвшилтэт туршлагуудаас судлан нэмэлт, өөрчлөлтүүд оруулж ирсэн ч тэр нь хангалттай хэмжээнийх байж чадсангүй.
Тухайлбал, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Тендерийн тухай хуульд гадны ижил төрлийн бүтээгдэхүүнээс дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах зарчим үйлчилдэг байна. Тэгэхээр эмийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдэд GMP гэх өндөр стандарт тавигдана. Хямд үнэтэй, чанар муутай эмийг эмнэлгүүдийн хэрэглээнээс шахна. Товчхондоо эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын стандарт дээшилснээр дотоодын үйлдвэрийн болон импортын эм, тарианы чанарын хэмжүүр чангарна. Одоогоор хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай дархлаажуулалтад шаардагдах вакциныг үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно зэрэг зохицуулалтуудыг холбогдох хуульд нь оруулжээ.
Эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хямдыг бус чанартайг нь сонгодог болохын тулд Тендерийн хуулийн зохицуулалтаар ерөнхий зарчмаа хараад Эрүүл мэндийн яам чанарын стандартаа дээшлүүлэх хэрэгтэй юм. Дагаад дотоодын эмийн үйлдвэрүүд болон импортлогчид чанарын стандартаа сайжруулна хэмээн төсөөлбөл бодит ахиц гарч мэдэхээр байгаа юм. Төсвийн боломждоо тааруулаад өнгөрсөн 33 жил хямд эм, вакцин авч хэрэглэсэн явдал нь үнэхээр үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Үүнийг бид эртхэн засах байсан аж. Одоо өөрчлөлт хийгээд эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих стандарт, чанар онооны үнэлгээгээ өөрчилж, бүртгэлтэй эмийн чанар, үр нөлөөг өргөн хүрээнд судлах ажил хийх шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон ярьдаг болжээ. Цаашилбал, чанартай эмийг хямдхан үнээр яаж авах вэ гэдэг тогтолцоогоо сайжруулах асуудал яригдана.
Ямартай ч Монголын төр, засаг эмийн чанар, үнийн асуудлыг эргэж харах ёстой. Бодитой өөрчлөлт хийж, ядаж улсын эмнэлгүүддээ төрийн худалдан авалтаар хямдыг бус чанартайг хэрэглэх тогтолцоог нэвтрүүлж, эмийн чанарын стандартыг нэмэгдүүлэх тал дээр анхаарвал дагаад импортын болон дотоодын үйлдвэрийн эмийн чанар сайжирна гэж олон нийт горьдон харж буй нь нууц биш. Хатуухан хэлэхэд, үеийн үед эрүүл мэндийн салбарынхны төрийн худалдан авалтаар дамжуулж мөнгө олдог арга хэрэгсэл болсон эмийн худалдааг мөнгөний төлөө бус хүний төлөө чиглүүлэхийн тулд тодорхой зохицуулалтуудыг хийж, хяналт шалгалтыг чангатгах нь зөв юм. Ядаж л дээр дурдсанчлан улсын эмнэлгүүдээ яаж чанартай эм, тариагаар хангах вэ гэх асудлыг нэн түрүүнд бодох нь зүйтэй юм.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бол хүн амын эрүүл, аюулгүй амьдрах баталгааг хангах явдал. Үүнд, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал онцгой нөлөөтэй. Гэхдээ хямд үнийг эм, эмнэлгийн хэрэгсэл дээр гол шалгуур болгож болохгүй учраас эмэнд тавигдах стандартыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Улсын эмнэлгийн эмч нарын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 81.3 хувь нь “Эм, тарианы чанар хангалтгүй” гэсэн хариулт өгсөн бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд антибиотикийн үйлчилгээ сул болсныг онцолжээ. Тэгвэл Тендерийн хуульд харьцуулах үнэ, ашиглалтын хугацааны өртөг гээд үнэтэй холбоотой шалгуур гол байр эзэлдэг аж. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хямдыг биш чанартайг сонгох ямар тогтолцоо бүрдүүлэх вэ гэдэг дээр голлон анхаарч байна. Төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэх бүтээгдэхүүний тендер зарлахдаа хамгийн бага үнийн санал буюу хэмнэлтийн зарчмыг мөрдөх боломжгүй. Чанартай эм худалдан авснаар иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Угаасаа ижил төрлийн эм атлаа бидний хэрэглэж байгаа нь яагаад чанаргүй байдаг вэ гэвэл үнэтэй холбоотой. Хямд үнэтэйг нь авч ирээд бидэнд өгдөг, бид түүнийг нь хэрэглэдэг л гэсэн үг. Ядаж эмнэлгүүдэд чанартайг нь хэрэглэдэг болгохын тулд хямд үнийг чухалчлахгүй чанарын шаардлагыг тавих хэрэгтэй.
Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тултал дэмжих нь маш зөв. Гэхдээ эмийн хувьд тэр үйлдвэрлэгч нь GMP чанарын стандарт хангасан сертификаттай байх нь чухал. Эмийн хуулиараа GMP сертификатгүй бол болохгүй гэсэн хэрнээ энэ шаардлагыг хангаагүй үйлдвэрүүд Монгол Улсад өнөө хэр үйл ажиллагаа явуулсаар л байгаа юм. Тэгээд үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулахгүй болохоор өртөг зардал нь нэмэгдэхгүй, хямдхан үнэ өгдөг. Хямдхан үнэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарыг хянах тогтолцоог байхгүй болгочихсон аж. Дотоодын үйлдвэрийн нийт 553 эмийн 267 буюу 48.3 хувь нь европ эм, 286 буюу 51.7 хувь нь уламжлалт эм байгаа нь дотоодын эм үйлдвэрлэлээ дэмжих бодлого дутмаг байгааг харуулдаг байна. 3391 төрлийн эмийг Монгол Улс импортлож байгаагийн дотор Европын улсууд зонхилж байгаа юм. Ямар ч тендерт хямд үнэ, хямд ажиллах хүч, хугацааны үзүүлэлтүүд голлодог. Энэ байдлыг эрүүл мэндийн салбарт халахын тулд Тендерийн хуульд зарим зохицуулалтыг тусгаад эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Эм гэдэг дур зоргоор, хяналтгүй, хариуцлагагүй хэрэглэвэл хор болох зүйл гэдгийг хүн бүр мэднэ. Эмчлэгч эмчийн бичиж өгсөн жорын дагуу баталгаатай газраас авч, заасан тунг цаг хугацаанд нь хэрэглэвэл өвчин, эмгэгээсээ ангижрах нигууртай нь тодорхой. Тэгвэл эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага гэдэг энэхүү хариуцлагатай албанд өдгөө манай улсад нийтдээ 15 мянган хүн ажиллаж байгаа гэсэн тоо, мэдээ байна. Энэ нь дүүрэг, хороо, аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй хэдэн мянган эмийн санд ажиллаж буй эмийн санч нарыг багтаасан тоо юм.
Олон дотор сайн нь ч бий, саар нь ч бий.. Зарим нэг шуналтай нөхдүүд эм, тариаг бөөндөж аваад, дээр нь санаандаа орсон үнийг нэмж, борлуулж буй үзэгдлийг үгүйсгэшгүй. Харин энэ тал дээр ШӨХТГ бодит анхаарал хандуулж, иймэрхүү зөрчлүүдийг цаг тухайд нь илрүүлж, тогтоон арга хэмжээ авах нь зүйтэй. Хэсэгхэн бурангуй нөхдийн балгаар хүн ардыг өвчин, эмгэгээс нь ангижруулах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа эмийн салбарынхныг бүхэлд нь харлуулж, нүгэлтэн мэтээр давшлах нь туйлын утгагүй. Харин ч эсрэгээрээ тэднийг эмч, эмнэлгийн ажилтнуудын адилаар буянтай ажил хийж буй хүмүүс гэж ойлгож, хүлээн авах нь зүйтэй бөгөөд үүнийг нийгмээрээ ухааран, сэнхрэх нь л үнэнхүү чухаг болов уу...
О.Ялгуун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.121
Ahhha
Хариулах103.212.119.191
Хэ хэ Нүгэлтэн мөн үү гэж үү бараг л 99% нь мөн л болсон харагдах юм бүр Салбараараа гэхэд дэгстэхгүй биз цагаан зөв сэтгэлтэй Буянтай эмч гэж ч өдрийн одноос цөөхөн байх мөнгө ашиг л болж хардаг болсон юм шиг
Хариулах202.72.240.53
нөгөө хэдэн хулгайч нарын бизнес шүү дээ ханаж цадахаа болисон лаларууд
Хариулах139.5.219.117
Нэг тв ээр Эрүүл мэндийн сайд асан Мөнхсайхан Гэмтлийн дарга байхдаа тендерт ялсан газрын материалыг хууль бус болгоод хувийн танилынхаа өвдөгний хиймэл үеийг авч шахаж хэрүүл болоод л хэл болж байсныг сайн санаж байна.
Хариулах139.5.217.96
УИХ ын гишүүд ялаа шиг шавчихсан байхыг бодоход эзэд нь илрэхгүй ээ, тэд сонгуулийн мөнгөндөө нэмэр аваад л болоо...Энэ удаа мафи аврагдана гэсэн үг. Дараа нь тэнгэрийн гэсгээл хүртэцгээгээд дуусах байх
Хариулах