Биднээс алсарч буй сэтгэл зүй, бие бялдрын ХҮМҮҮЖИЛ буюу нийтээрээ "цэрэгжих" ШААРДЛАГА

Х.Батсайхан
2024/03/18

Хэдэн жилийн өмнө дөө, “Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цэрэгжлийн хичээлийг оруулъя” гэж бичиж байж билээ.  Олон улсын нөхцөл байдал одоо үетэй зүйрлэшгүй тайван байсан ч тухайн үедээ мэдрэмж төрж, үндэстнийхээ тэмцэх, тэсэх чадварыг сайжруулах ёстой юм байна гэсэн мэдрэмж төрөөд л байсан хэрэг. Тэгвэл өдгөө энэ хэрэгцээ шаардла бүр л өсжээ.

Одоо Европын улсуудад иргэд нь дор бүрнээ тэмцэх, тэсэж үлдэх дадалд суралцаж байна. Эрсдэлтэй нөхцөл үүслээ гэхэд айхтар байлдаж баатарладаггүй юм гэхэд нүүн шилжих, зугтаан зайлах сэтгэлзүйн болоод бие бялдрын чадавхийг суулгах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж үзэж байна.

Төвийг сахисан байр сууринд хэдэн үеэ өнгөрөөж, дайн тулаанаас төсөөрчихсөн Швед гэхэд иргэдэдээ бие бялдрын хүмүүжил олгох тал дээр онцгой ажиллаж ирсэн. Одоо тус улсад иргэд дайны нөхцөл үүсэхэд хэрхэх талаар дор бүрнээ бэлтгэж байна. 

Төрийн зүгээс сургалтыг агуулгаар хангаж, эмэгтэйчүүд нь юмхнаар юм хийх, эрчүүд нь зэвсэгтэй харьцах, ажиллах чадвараа өсгөх ажил хийж буй.

Тэгвэл, хэдий тусгаар тогтнолоо дипломат аргаар хамгаалах бодлого хэрэгжүүлдэг ч гэсэн манай улс энэ жишгээр явах цаг нь иржээ. Дайн байлдаан талаасаа ч гэлтгүй, өнгөрсөн хугацаанд манай хүн амын бие бялдрын хүмүүжил, ялангуяа эрчүүдийн байдал мэдэгдэхүйц муудсан байна. 

 Цэргийн албанд тэнцэх залуус ховордсон, цэрэгт оччихоод шөнө гарч бие засахаас айдаг ч гэх шиг чихэнд чимэггүй яриа дуулддаг болсон.

Өнгөрсөн жил ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахаа зарласан. Шалтгаан болсон судалгаанд нь

-Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний дутагдалтай

-52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй

-Хүн амын дундах нас баралтын зургаан хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байдаг

-Хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3-4 цаг зарцуулдаг

15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай зэрэг ноцтой тоо баримтыг "Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлагатай,  15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна" гэсэн зүүсгэлтэйгээр нийтэлсэн байсан юм. 

Тиймээс одоо бүгд дор бүрнээ цэрэгжиж, сэтгэлзүй болоод бие бялдрын хувьд цэгцрэх цаг иржээ. Бие бялдрын хүмүүжил, сэтгэлзүйн бэлтгэлжилтгүй хүн дайн тулаанд хамгийн түрүүнд үхдэг. Тэгээд эх орноосоо урвадаг. Монгол улс эх орноосоо урвах магадлалтай эрсээр дүүрэн байна...  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна