Э.Батшугар: Иргэдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд уян хатан зохицуулалт хэрэгтэй

Х.Есү
2024/03/20

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван,  болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монголбанкны мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаар танилцуулав.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “ Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал бөгөөд одоогийн үйлчилж байгаа банкны  системд  иргэн хэрэглээний зээлээ хугацаандаа төлөөгүй байж байгаад эргэж төлсний дараа иргэн санхүүгийн  харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр дахиж банкнаас зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын  бусаар ашигласан иргэн,  аж, ахуй нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн  салбарт   харилцаа үүсгэхгүй байх  систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн сангийн хуулийг  шинэчлэх ажлын хэсэг гарсан байна.  Ажлын хэсэг энэ асуудлыг хуулийн төсөлд  заавал тусгах хэрэгтэй. Ер нь бусад улсад иргэд хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй хэрэглээний зээлээ  төлсөн тохиолдолд хар жагсаалтаас хасаж, муу зээлдэгч гэсэн ангиллаас гардаг жишиг байдаг, бид иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ажиллах шаардлагатай” гэлээ.

Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн албаны  үйл ажиллагааг зохицуулах хууль дээр  учруулсан хор хохирол, үр нөлөө харилцан ялгаатай байдлаар бүртгэгдэж, хадгалагддаг байхаар саналаа оруулна”  гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна