-Иргэн архидвал амьдралаа алдана, эрх баригчид архидвал улсаа алдана-
Монгол Улс өмнө нь архидалттай олон удаа тэмцэж тухай бүрт ялагдаж байсан гашуун түүхтэй. Энэ удаа ч архидалттай ээлжит удаагаа тэмцэж байна. Улс орноо өөд нь татахгүйгээр ялах магадлал бага, гэхдээ архидалтын шалтгаантай нь зөв тэмцэж чадвал эерэг нөлөө нь үлдэх бололцоо бий. Архидалттай тэмцэх явцад дараах сөрөг нөлөө гардаг бөгөөд бидэнд тойрох боломж нь байгаа. Ямар ямар сөрөг үзэгдэл гардгийг дурдаад явья.
Хүний эрх зөрчигдөх вий
Архидалт нь гэмт хэрэг биш. Гэвч тэмцэл, хөдөлгөөн, аян зарлагдсан үед архидан согтуурахыг гэмт хэрэг гэж үзэн албадлагын механизм ажилуулах явдал түгээмэл байдаг. Энэ нь сайн үр дагаварт хүргэдэггүй болох нь туршлагаар нотлогдсон. Тухайлбал, 1964 онд Казахстан ЗСБНХУ-д анхны эмнэлэг- хөдөлмөрийн диспансер гэгчийг нээж, байнга архидан согтуурсан олон мянган хүнээр албадан ажил хийлгэсэн байдаг. 1974 онд "Архаг архичинг албадан эмчлэх, хөдөлмөрийн боловсрол олгох тухай" ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлиг гарч, хөдөлмөрийн сахилга бат, ЗХУ-ын иргэний нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын хэв маягийг зөрчиж байсан хүн бүрийг хоёр жил хүртэлх хугацаагаар дээрх эмнэлэг-хөдөлмөрийн диспансерт “цөлдөг” байв. Энэ нь тухайн нийгэмдээ л тохирсон арга байсан бөгөөд өөрчлөн байгуулалтын дараа алга болсон түүхтэй /Хамгийн сүүлийн эмнэлэг-хөдөлмөрийн диспансер 1994 онд татан буугджээ/. Үүний нотолгоо нь, дарангуйллын тогтолцоо бүрэлдэж эхлэхтэй зэрэг Беларусь, Туркменистан зэрэг улсуудад ийм байгууллага дахин “мэндэлсэн” явдал юм. Зан авир түрэмгий, гэмт хэрэг өдүүлэх магадлал өндөр хүмүүсийг энд байлгадаг гэх боловч бодит үр дүн гарсан талаар баталгаа нотолгоотой судалгаа байдаггүй аж.
Хориг хаалтнаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарах вий
Архины худалдааг хязгаарлах нь нийгэмд сөрөг үр дагавар үүсгэдэг. Татварын аргаар үнэ өсгөх нь хууль бус спиртийн наймааг цэцэглүүлж, дагнасан бүлэглэлд асар их хөрөнгө мөнгө цуглаах эрсдэлтэй. 1920-иод онд АНУ “Хуурай хууль” баталснаар олон тооны гэмт бүлэглэлийг хүчирхэгжүүлж, тэд улс төрд хүртэл нөлөөгөө тогтоох шахсан. Эрх баригчид энэ байдлаас “Хуурай хууль”-ийг цуцалж байж л гарсан түүхтэй. Цаг хугацаа, орон зайн хувьд Монголыг эс тооцвол хамгийн ойр хэмээн ЗХУ-ыг жишээлье. ЗСБНХУ 1985 оны тавдугаар сард "Архидан согтуурахтай тэмцэх арга хэмжээний тухай" тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолын дагуу архи, согтууруулах ундаа худалдаалдаг ихэнх цэгүүд хаагдсан байдаг. Архи согтууруулах ундаа агуулсан шингэн зүйл зарах эрхтэй газрууд нь 14.00-19.00 цагийн хооронд багасгасан горимоор ажилласан байна. Тогтоол хэрэгжиж эхэлсний дараа иргэд ажлаасаа чөлөө авч, ядаж нэг шил архи гартаа авахын тулд оюутнууд ээлжлэн хичээлээ таслах болжээ. Тогтоолоор мөн олон нийтийн газар болон холын галт тэргэнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, олон дарсны үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргасан. Үр дүнд нь “Өрх бүр үйлдвэрлэгч” болж, дарс, самогоны хэрэглээ хяналтаас гарсан юм. Тогтоосон цагт, олон нийтийн газар соёлтойгоор хүртдэг байсан “идээ”-гээ иргэд гэр орондоо үйлдвэрлээд цагийн хязгааргүй хэрэглэх болжээ. “Хуурай”, “Хуурайдуу” хуулийн аль нь ч чанар муутай архи хийдэг жижиг цехүүдийн үйл ажиллагааг дэмждэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Хүмүүс чанаргүй архи, эмнэлгийн спирт, одеколон, лосьон хүртэл хэрэглэж, чанаргүй архинаас болж амиа алдсан хүний тоо ердийн үеийнхээс нэмэгдсэн байдаг. Хүмүүс дарс исгээд эхлэхээр усан үзэмтэй тэмцэж, тариалангийн талбайг сүйтгэснээр энэхүү тансаг жимсний олон сорт эгнэгт алга болсон явдал ч гарсан байна.
Эцэст нь...
Энэ удаагийн тэмцэл Ерөнхийлөгчийн зарлигаар явагдаж байгаа. Зарлигийг харвал, өндөр хатуулагтай архийг хориглож, ажлын байр нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах зэрэг маш зөв, алсыг харсан заалтууд байна лээ. Гэхдээ аливаа өөрчлөлтийг хийхдээ төр нь өөрсдөө эхэлж үлгэрлэх, нийгмийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүй байх гэсэн чиг баримжаагаа харах шаардлагатай.
Улаанбаатар хотод шинээр төрсөн хоёр хүүхдийн нэг нь энддэг, хүүхдийн цээжний тойрог багасч байгаа гэх аймшигтай мэдээг эрх баригчид ч ард иргэд ч утаатай холбож тайлбарладаг байсан. Хөдөө орон нутаг, ялангуяа зүүн аймгуудыг бэлгийн замын халдварт өвчин нэрвэснийг тархвар судлаач эмчийн орон тоо дутагдалтай, иргэдийн ариун цэвэр, мэдлэг мэдээлэлгүй байдалтай холбоотой гэж тайлбарлахыг ч сонсож явлаа. Монгол хүний генийг доройтуулж буй гол аюулын нэг бол архи гэдэг ч үнэн.
Гэхдээ архийг хориод үр дүн гарна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тиймээс арга замаа сайтар бодох ёстой. Архитай тэмцэнэ гэдэг бол нэг талаараа иргэдтэйгээ тулж ажиллана гэсэн үг. Тиймээс ялгаварласан хандлага гаргахаас аль болох зайлсхийх ёстой. 1990-ээд оны тэмцлийн үеэр спиртийн наймаа цэцэглэхэд, 2000-аад оны эх, 2010-аад оны дундуур болсон жижиг тэмцлүүдийн үеэр ч архины үйлдвэрүүдийн лобби хуулийг гууль болгож байсныг мартаж болохгүй. Эрх баригчид аруун гараараа иргэдийнхээ архи уух эрхийг хязгаарлаж, зүүн гараараа архи өгч байсан л гэсэн үг. Гэхдээ мэдээж өөрсдөдөө ашиг гаргасан байж таарна. Тэгэхээр, иргэнээ бодсон уу, өөрсдийгөө бодсон уу гэдэг эргэлзээтэй. Иргэн архидвал амьдралаа алдана, эрх баригчид архидвал улсаа, тусгаар тогтнолоо алдана...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна