“Андын илч”-ийн уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Zuv.mn
22 цаг 33 минутын өмнө

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 49 хувийн өмчлөлтэй ч орон нутагт ногдол ашиг хуваарилж байгаагүй “Андын илч” ХХК-ийн асуудлаар манай редакциас цуврал мэдээ, сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Ингээд Зөв.мн сайтын нийтлэл, сурвалжлагын мөрөөр Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Андын илч”-ийн уурхайг олборлосон нүүрсний хамт битүүмжлэх, хэрэг эцэслэн шийдэгдтэл БНХАУ руу нүүрс экспортлохыг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл тус уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж, уайн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр тус уурхайн БНХАУ-ын талын эзэмшигч “Жиньжөү Байхуй” ХХК-ийн төлөөлөл Жан Чуан урд хөршид хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд орон нутагт учруулсан хохирлын асуудал ч эргэн сөхөгдөж буй аж.

Үүнтэй зэрэгцээд "УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын сонгуулийн мөнгийг өгөх гээд өнөөдрийн байдалд хүрчихлээ" гэх агуулга бүхий иргэний яриа сошиал орчинд нийтлэгдсэн нь ч анхаарал татаж байна.

Мөн Вү.Туяа нарын оролцогчид мөнгөө нэхэмжилсэн гэх ч өнөөдрийн байдлаар хохирлоо барагдуулж чадаагүй гэх мэдээлэл байгаа юм.

Хэргийг сануулбал, “Андын илч” нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын нүүрсний орд, Цагаан Овоо уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 51 хувийг БНХАУ-ын “Жиньжөү Байхуй” ХХК, 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг ААН юм.

Тус уурхайн БНХАУ-ын талын эзэмшигч “Жиньжөү Байхуй” ХХК-ийн төлөөлөл Жан Чуан, Э.Лутбаяр, Монгол талын эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөл Ж.Цээсүрэн нар үгсэн хуйвалдаж, өмнөх гүйцэтгэх захирлаас их хэмжээний хөрөнгө оруулалт татсаныхаа дараа хугацаанаас нь өмнө хууль бусаар огцруулж, энэ маргаан нь хуулийн байгууллагад шалгагдаж байх үед зэвсэглэсэн рецидив гэмт этгээдүүдийг хөлслөн уурхайг олборлосон нүүрсний овоолгын хамт дээрэмдэж, улмаар нүүрсийг нь БНХАУ руу гаргаж байсан юм.

 Эх сурвалжийн мэдээлснээр, “Андын илч” ХХК-тай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газар дээр “Хувь нийлүүлэгч талтай үгсэн хуйвалдаж улсад хохирол учруулсан” гэх орон нутгийн дарга нарт холбогдох хэрэг, “Хилийн бүсэд үйлдэгдсэн зэвсэгт дээрмийн хэрэг” зэрэг гурван хэрэг шалгагдаж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна.

 Бүхэл бүтэн орд яагаад 17 жилийн турш аймаг орон нутагт ашиггүй ажиллаж байсныг тогтоох шалгалт ийнхүү зөв эхэлж байна. 

Цаашдаа орон нутгийн дарга нараас гадна тэдэнтэй үгсэн хуйвалдаж, хуульгүй мэт аашилж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулагч гэх “Жиньжөү Бай Хуй” ХХК, түүний эзэд гэх Жан Чуан, Шинвейндун нарын хятад иргэдээс хохирлыг барагдуулж, хэргийг мухарлах учиртай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна