“Монгол тамхи СО”-гийн залгамжлагч Монголын тариаланчдыг атгана гэв үү

Zuv.mn
2024/04/01

-Тариаланчдын "тэргүүнээр" тариаланч бус хүн сонгогдож, холбоо нь хагаралдахдаа тулжээ-

Сонгууль дөхөнгүүт энд тэндхийн холбоо, нийгэмлэгийн нэрийг барьж бужигнуулдаг, улс төрийн бохир тоглоомын золиос болгодог “заншил” тариаланчдын сенсациар үргэлжлэх нь. 

Улс төрд санаархсан нэгэн аль нэг холбоог өмчлөн авч, худал үнэн, хурал цуглаан хийж холбооны тэргүүн, ерөнхийлөгч сэтэр зүүж, тамга тэмдэгний маргаан болон сунжирдаг түүх Монголдоо л анхны томоохон холбооны нэг Тариаланчдын үндэсний холбооныхонд бас тохиов бололтой. Учир нь чамгүй олон жилийн түүхтэй тус холбооны хурал өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд UB palace-д болж, УИХ-ын гишүүн, сайд асан, “Монгол тамхи Со” компанийн эзэн Ц.Дашдорж агсны хүү Д.Нарантэмүүжинг шөнө дөл болтол бужигнуулсаар сонгосон юм байх. 

Гэтэл энэ нь албан ёсны хурал ч болж чадаагүй. Одоо албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ эзэмшигчид нь эсэргүүцэж, тэмцэхдээ тулаад байгаа юм байна. Сураг сонсох нь ээ, хэсэг бүлэг этгээд ийм “тоглоом”-ын хурал зохиохоор аль өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш фракцалсан гэнэ. “Зохион байгуулагч” нь Төв аймагт хэсэг газар худалдаад авчихсанаас бус тариаланч биш, цаашилбал сонгуульд нэр дэвших санаатай ашиг сонирхлын зөрчилтөн учраас Сэлэнгэ, Дарханы жинхэнэ акул тариаланчид “Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ” гэгчээр одоо албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж, жинхэнэ албан ёсны хурлаа хийх сурагтай байна. 

Таван үг олигтой эвлүүлж хэлэх чадваргүй, “Тариаланч” хэмээх хуурамч багны залиар “Сонгуульд 88,6 хувьтай ялсан” хэмээн онгирогч Д.Нарантэмүүжин тамга тэмдгээ ч авч албажаагүй байж олон нийтэд худал мэдээлэл тараан, Төрийн ордонд тариаланчдыг төлөөлөн бараалхаж явааг Д.Амарбаясгалан ах нь мэдээгүй л хүлээж авсан байх даа!

Мөнөөхөн Төв аймгаа мөнгөөр далайлгасан хуурамч, тамгагүй тэргүүн төрд ойрхон ажлаа эхэлж байна хэмээн тариаланчдынхаа эсрэг яриад явж байдаг шүү.

Тариаланч биш, тийм ч болохоор тариаланчдын төлөө ажиллаж чадахгүйгээ эхнээсээ харуулж байгаа тэрээр Сэлэнгэ, Дарханы жинхэнэ тариаланчдын хилэнг ийн төрүүлсэн болохоор нэлээд том дуулиан дэгдэх нь тодорхой болсон гэнэ.

Сонгууль болохоор ямар ч хамаагүй “Малгай” олж өмсөж, “Сэтэр” олж зүүхээр энд тэндхийн холбоод, нийгэмлэгийг самардаг түүх давтагдсаар, дахиад нэг холбооны тамга, тэмдгийн дажин дэгдэх нь ээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна