"Андын илч” уурхайг зэвсэглэн дээрэмдсэн этгээдүүдийн шүүх хуралтай зэрэгцэн захиалагч БНХАУ-ын иргэн нь Монголд иржээ

Zuv.mn
2024/04/03

-“Андын илч” уурхайг дээрэмдсэн хүмүүсийн шүүх хуралтай зэрэгцэн захиалагч, санхүүжүүлэгч БНХАУ-ын иргэн Жанчуан Монголын хилээр нэвтэрлээ-

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дуулиан 2023 оны гуравдугаар сард олны анхааралд орсон.

Уг дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан төд удалгүй саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Өмнө нь нэг бус удаа танхай, дээрмийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хулнаа" хочтой Б.Хулансамбуу тэргүүтэй хүмүүсийг эл хэрэгт буруутгасан юм. Тэд хэдэн залуутай нийлж “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болсон юм. 

Тэгвэл энэ хэргийн захиалагч, санхүүжүүлэгч гэх БНХАУ-ын иргэн Жан Чуан нь өнөө өглөө “Бичигт боомт”-оор манай улсад орж ирсэн байна. Жан Чуан нь Хятад улсдаа залилангын хэргээр шалгагдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж буй. Гэтэл дээрх шүүх хуралтай давхцан манай улсад ирсэн нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна