“Монзол” группын Ерөнхийлөгч Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам нар “УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдөр /2024.04.04/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт танилцууллаа.
Олон улсын чанар, стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн энэ шинэ үйлдвэр 2023 оны арваннэгдүгээр сард үүдээ нээж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Энд БНСУ-ын "Dae Lim chemical" компанийн хүнсний зориулалттай, HDPE 5502 буюу нэн өндөр нягтралтай, хэт ягаан туяа, чийг, химийн бодист тэсвэртэй, хөнгөн түүхий эд ашиглан 60-100 литрийн багтаамжтай шингэн хүнсний савыг үйлдвэрлэж байна.
“Монголд үйлдвэрлэв” шошготой шинэ бүтээгдэхүүн нь химийн хорт бодис ялгаруулдаггүй, хүнсний чанарыг муутгахгүйгээр удаан хадгалдаг онцгой давуу талтай. Ус, сүү, айраг, цагаан идээ зэрэг шингэн хүнс хадгалахад химийн урвалд орохгүй, элдэв амт, үнэр шингэхгүй, хөгц, мөөгөнцөр үүсэхгүй, зэвэрдэггүй, хөнгөн, бат бөх шинж чанартай, -80ºС+180ºС хэмд тэсвэртэй. Битүүмжлэл сайтай, том амсартай тул угааж цэвэрлэх, ариутгах, хатаахад хялбар. Нэмэлтээр суурилуулдаг цорго нь саван дахь шингэнийг юүлэхэд хялбар, өөрт нь буй ховил суваг нь эвдэрч гэмтэхгүй, ачаалал даах чадварыг нь нэмдэг. Мөн үйлдвэрлэх, дахин боловсруулахад эрчим хүч, ус ашиглалт, хаягдал багатай, байгальд ээлтэй, хөгжингүй орнуудын стандартад нийцсэн эко бүтээгдэхүүний давуу талуудыг онцлон танилцуулсан байна.
“Усны эко сав” ХХК нь 60, 80, 100 литрийн усны савнуудаа “Номин”, “Сансар”, “Миний сүлжээ” дэлгүүрүүдээр худалдаалж буй. 60 литрийн сав155,000 төгрөг, 80 литрийнх нь 160000 төгрөг, 100 литрийнх нь 165,000 төгрөгийн үнэтэй. Харин хүний эрүүл мэнд, амь нас үнэлж баршгүй үнэ цэнтэй.
Манай улс сав баглаа боодлынхоо 70 хувийг импортоор авч, 30 хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Импортын сав баглаа боодлын 97 хувийг урд хөршөөс авдаг. Нийт сав баглаа боодлын 60 хувийг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд дийлэнх нь аюул дагуулах 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй байдаг.
“УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэр нь хортой хоргүй хавдар, олон төрлийн өвчний голомт болсон хуванцар савны буруу хэрэглээг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагатай бүтээн байгуулалт юм.
-Буруу зуршлаас зөв хэвшилд буюу хортой савыг эко саваар солих аян-
“Монзол” группийн Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Чинбат хуванцар савны хорт зуршлыг эко савны эрүүл хэвшлээр солих аян санаачлан өрнүүлж байна. Тэрбээр, сольж авсан хүнсний зориулалтын бус хортой савыг цуглуулан авч, дахин боловсруулж хайлуулаад хашаа, сандал, замын хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэх боломжийг судалж, бодитой ажил болгохоор төлөвлөөд байгаа юм.
Олон улсад хуванцар савны тэмдэглэгээ, хүнсэнд удаан хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэлийг нь нарийн тогтоож мөрддөг. Жишээ нь: "1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй бол "2", "4" нь хор хөнөөл багатай, зарим нь нэг удаа хэрэглээд хаях зориулалттай. Харин "3", "6", "7" тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд хортой, хоол хүнсэнд хэрэглэх нь аюултай. Гэтэл ийм тэмдэглэгээтэй цэнхэр савыг хүнс хадгалах, шар, цагаан хуванцар савыг нь ус зөөхөд ашиглаж байгаа нь ноцтой аюул дагуулдаг. Хуванцар савны буруу хэрэглээ нь нэг хүний эрүүл мэндийг сүйтгэх бус өрх бүлээрээ, өргөн хүрээгээр өдөр тутамд эрсдэлд ордгоороо илүү хор урхагтай.
“Хүнс эрүүл бол хүн эрүүл"
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах багц бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, ‘’Хүнсний хувьсгал” “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтаар хэрэгжиж буй хүн амыг өргөнөөр хамарсан эрт илрүүлэг, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, хуванцар савны хэрэглээг бууруулах, органик хүнс үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрүүд нь хөрс, хүнс, хүний эрүүл мэндийн харилцан шүтэлцээнд тулгуурласан багц бодлого, хууль, хөтөлбөрүүд юм.
Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан. УИХ-ын 2023 оны Намрын чуулганаар Ч.Ундрам нарын 6 гишүүн санаачилж, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Өнөөдөр монголчуудын өдөр тутмын хүнсний ердөө 1 хувь нь органик баталгаатай байгааг тав дахин өсгөхөөр хуульчилсан юм. Хоол хүнс чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байхыг илэрхийлдэг байна.
Хүнсний зориулалтын бус хуванцар саван дахь химийн хортой аюултай бодисууд хүний биед нэвчиж, олон төрлийн өвчин, хорт хавдар үүсгэдэг тул дэлхий нийтээр ахуйн хэрэглээнд бүрмөсөн хориглосон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хуванцар савны буруу хэрэглээ, хоол хүнс, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй хавдрын өвчлөл сүүлийн 30 жилд хурдтай өсч, залуужиж байгааг улс орнууд, хүн төрөлхтөнд хандан анхааруулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна