МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо хийнэ

Zuv.mn
2024/04/09

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ. 

Энэ жилийн хувьд “Сэтгэлийн хөг” тоглолтоо дөрөвдүгээр 19-ний 19:00, 20-ны 17:00 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны “Концертын Их танхим”-д толилуулах гэж байна.

   Поп хатагтай Б.Сарантуяа 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил анхны бие даасан тоглолтынхоо 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан дахин “Сэтгэлийн Хөг” ижил нэрт тоглолтоо хийхээр болсноо онцоллоо.

   Энэ удаагийн тоглолт нь улс орныхоо баялаг өвийг хадгалж үлдэхэд уран бүтээлч хүний хувьд бодит хувь нэмэр оруулахаар хотынхоо үнэт өвийн барилгуудын нэг болох МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд бие даасан тоглолтоо зохион байгуулж байгаагаараа онцлог болж буй юм.

    МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд 1975 оноос хойш соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өдгөө 49 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй газар юм. Эх хотын маань өнгөрсөн үеийн гайхамшигт түүхийн гэрч, архитектурын ур шингэсэн тус газрын “төгс” акустик дуугаралт бүхий их танхимд гайхамшигт уран бүтээлчийнхээ аялгуугаар урласан хөг эгшгээр мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа бүтээх нь байна.

 “Сэтгэлийн хөг” тоглолтоороо дуучин Б.Сарантуяа үе үеийн шилдэг бүтээлүүдээ туурвих бөгөөд зочин уран бүтээлчдээр дуучин, продюсер Б.Ангирмаа, Киви хамтлаг, Болор хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Маргалжингоо, The Compass хамтлагийн дуучин А.Билгүүн нар хүрэлцэн ирнэ.

  Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран энгийн тасалбар 120,000₮, 160,000₮, 200,000₮, VIP тасалбар 500,000₮-ийн үнэтэйгээр тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг www.ticketx.mn-ээс захиалан авах боломжтой.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирч байжээ. Тэрбээр,

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон. 
  • Монголд хамгийн олон цомог, хамгийн олон бие даасан тоглолт гаргасан
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1991 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо зургаа удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Инээмтгий хүн” цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.
  • Монголоос анх удаа Сингапурт CD-гээ бичүүлж Зүүдний Говь, Инээмтгий хүн, Аргагүй амраг, Хайрын зөрлөг бүрэн хэмжээний цомгуудаа бичүүлж байсан.
  • 1998 онд ХБНГУлсад “Эгэл сэтгэл” цомгоо бичүүлж байсан.
  • 2002 он ОХУлсын Москва “Мартъя” цомгоо бичүүлж байсан.
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмын олон удаагийн шагналт.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна