Дэлхийн банк группийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн хөрөнгө оруулалтаар ХААН Банк олон улсын зах зээлд Монгол Улсаас анх удаа Нийгмийн бонд гаргах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү бондын эх үүсвэрээр ХААН Банк эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц болон орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэрэг нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, зорилтот харилцагчдадаа илүүтэй хүрч үйлчлэх, тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих зорилготой. Мөн нийгмийн чиглэлээр олгох санхүүжилтийн багцаа тэлэх төдийгүй бичил болон жижиг дунд бизнест ажлын байр бий болгох, тэр дундаа эмэгтэй удирдлагатай жижиг дунд бизнесийг дэмжихэд тусгайлан зориулах юм.
Гурван жилийн хугацаатай, 1a30 сая ам.долларын дүнтэй, олон улсын хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгож буй уг Нийгмийн бондод ХААН Банкны урт хугацааны түнш ОУСК 100 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж буйн зэрэгцээ “Нийгмийн бондын санхүүжилтийн хүрээ” (Social Bond Framework “SBF”) баримт бичгийг ОУХЗН (ICMA)-ын “Нийгмийн бондын зарчим”-д уялдуулан боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан юм. Энэхүү баримт бичиг нь нийгмийн бондын зарчмын шаардлагуудыг хангаж буй эсэх хөндлөнгийн баталгаажуулалтыг (Second Party Opinion “SPO”) “Fitch Ratings”-ын харьяа “Sustainable Fitch байгууллагаас хянан баталгаажуулсан юм.