Өрөөсгөл журмыг өөрчлөх сураг

Х.Батсайхан
5 цаг 20 минутын өмнө

-Хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн өвчний оношид тулгуурлаж тогтоодог байдлыг өөрчилнө-

Азийн хөгжлийн банкны Төв болон Баруун, Зүүн Өмнөд Азийн бүсийн Хүний болон нийгмийн хөгжлийн захирал София Шакил, Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин нар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай уулзах үеэр хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох аргыг өөрчлөх асуудал яригджээ. Тодруулбал, хөгжингүй улсууд хөгжлийн бэрхшээлийг тогтоохдоо хэрэглэдэг ICF ангиллыг нэвтрүүлэх асуудал хөндөгдсөн байна. Саналыг манай талаас тавьж, харилцагч тал дэмжихээ илэрхийлсэн аж.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг Олон улсын өвчний ангилал (ICD) ба Олон улсын Үйл ажиллагааны ангилалаар тогтоодог. Тодруулбал, ICD-10 нь өвчний оношоор , ICF нь өвчтөний үйл ажиллагааны алдагдлаар ангилдаг гэж ойлгож болно.

ДЭМБ-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ ICD болон ICF-ыг хослуулан ашиглахыг зөвлөдөг бөгөөд манай улсад энэ зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг ICD болон ICF-ыг хослуулсан ашиглахыг зөвшөөрсөн боловч одоогоор зөвхөн өвчний оношинд суурилж үнэлгээг хийж байгаа юм.

ICF-ийн давуу тал нь өвчтний нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн байдлыг цогцоор үнэлж хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоодог. Тухайлбал, биеийн бүтэц, биеийн үйл ажиллагааны өөрчлөлт, өвчтөний өдөр тутмын амьдралын нөхцөл байдал, түүнд оролцох чадвар, хүрээлэн буй орчин, хувь хүний хүчин зүйлсийн нөлөөллийг багтаасан байдаг юм.

ICF нь бүхэлдээ 1400 гаруй категориос бүрддэг бөгөөд эмнэлзүйн практикт практикт ашиглахад хялбар болгох үүднээс ICF гол багцыг боловсруулсан байдаг. Үүнээс гадна олон улсын судлаачид ICF-ын үнэлгээг тухайн үндэстэн улс орны онцлогт тохируулах зорилгоор нарийвчлан үнэлэхийг зөвлөдөг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна