Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар юу ярив

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 09 минут

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар юу ярив

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2024.09.23/-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө. Хуралд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг урин оролцуулж цаг үеийн мэдээлэл сонссон юм.

Энэ үеэр өмгөөлөгчдийн хэлсэн мэдээллийг ОНЦЛОН хүргэе. 

П.ЭРХЭМБАЯР: ТӨРИЙН НУУЦ ГЭДЭГ ЗҮЙЛ ХЭЭР ХЭВТЭЖ БАЙДАГ ЧУЛУУ БИШ, ХЭН ДУРТАЙ НЬ ХАДГАЛДАГ Ч ЮМ БИШ

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэгт холбогдсон бэ гэдэг талаар иргэд, олон нийт тодорхой мэдээлэлгүй байгаа нь хурлыг хаалттай хийсэнтэй холбоотой. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон нийтэд худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар мөн татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээр шалгагдаж байсан. Энэ кейсүүдийн хувьд захиргааны эрхзүйн маргааны хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Татварын ерөнхий газраас байцаагч нар томилж, акт гаргах  боломжтой юм. 

Хүний хувийн нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа. Үүн дээр Зариг.мн сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь цахим хуудаст нийтлэгдэхээс өмнө өөр сайт дээр мэдээлсэн мэдээллийг дамжуулсны төлөө мөн үндсэн эх сурвалж нь олдоогүйн төлөө сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс ял авсан. 

Төрийн нууц гэдэг нь эх орноосоо урвасан гэдэг ч юмуу гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэдэг ч юм уу ийм зүйлс огт байхгүй. Анхан шатны хурлыг өмгөөлөгчгүй,  хаалттай хийсэн учир өмгөөлөгч нарын хувьд эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа. Тиймээс ч давж заалдсан.  Төрийн нууц гэдэг зүйл хээр хэвтэж байдаг чулуу биш, хэн дуртай нь олж аваад хэрэглэдэг эсвэл хадгалдаг зүйл биш. Үүнийг хамгаалж байдаг төрийн тусгай албан хаагчид гэж бий. Логикоор нь аваад үзсэн ч тэр төрийн байгууллагад төрийн нууцыг хадгалж, хамгаалж байх үүрэгтэй тусгай ажилтан гэж бий. Энэ бүхнийг Давж заалдах шатны шүүх хянаж үзнэ гэж найдаж байна" гэлээ. 

Р.БУЛГАМАА: Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШҮҮХДЭЭ ХҮНИЙ ЭРХИЙГ ДОРДУУЛСАН, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ХУВЬД БОДИТОЙ ШИЙДЭЭГҮЙ

Өмгөөлөгч Р.Булгамаа: Анхан шатны шүүхийн шийдэр хүний эрхийг дордуулсан хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үед Н.Өнөрцэцэг нээлттэй шүүлгэмээр байгаа тухайгаа олон нийтэд төдийгүй шүүхэд гарсан. Шүүхээс уг асуудлыг хаалттай хийх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргүүдийг нээлттэй, улсын нууцтай холбоотой гэмт хэргийг хаалттай шийдэх байдлаар тусгаарлах бүрэн боломжтой байсан. Энэ мэтчилэн асуудлаас хүний эрх зөрчигдөх, тодорхой мэдээллийг олж авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсдэг. 

Н.Өнөрцэцэгийн зүгээс холбогдон шалгагдаж буй зарим зүйл дээр маргасан байр суурьтай байгаа учир өмгөөлөгч нараараа дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн шүүхийн тойм нэг талын байр сууринаас агуулсан мэдээллийг олон нийтэд гаргасан нь өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. 

Тухайлбал шүүхийн мэдээ буюу шүүхээс гаргасан тойм дээр эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс саад учруулсан гэж тодорхойлж бичиж тэмдэглэсэн байдаг. Н.Өнөрцэцэгийн эрхийг хангуулахаар ажиллаж байсан Б.Баатарсайхан өмгөөлөгчийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүхийн шүүх таслах ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн саад учруулаагүй гэдгийг та бүхэнд мэдээллээ. Анхан шатны шүүх хуралд Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчтэй байсан. Хөнгөн гэмт хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Д.Оросоо гэрээ байгуулсан. Шүүхийн зүгээс “Та гурван өмгөөлөгчтэй байна, нэг өмгөөлөгч ирсэн тул бусдыгаа төлөөлөн өмгөөлөх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжтой” хэмээн үзсэн. Харамсалтай нь хэрэгтэй бүхэлд нь танилцаагүй өмгөөлөгчийн тухайд зөвхөн Эрүүгийн хуулийн 13.14 зүйл ангитай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч бусад өмгөөлөгчөө орлож шүүх хуралдаанд хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тийм учраас Н.Өнөрцэцэг өмгөөлөгч нарынхаа хамт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 Гэвч энэхүү хүсэлтийг нь  шүүх  “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг дордуулсан шийдвэр байсан. Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 47 зүйлд заасан  энэ зохицуулалтын хүрээнд иргэний гэм буруутай эсэхийг гурван шатны шүүхээр эцэслэн магадлан шийдвэр гаргадаг. Өнөөдөр  Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийн тухайд зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэлээ. 

ӨМГӨӨЛӨГЧ Б.БААТАРСАЙХАН: АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: 2024 оны долдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил есөн сарын хорих ял оногдуулж шийдсэн. Тухайн өдөр Н.Өнөрцэцэгийн талаар шүүхээс мэдээ гаргахдаа өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх асуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хэвлэлийн хуралд өмгөөлөгч нар энэ хэрэгт аливаа хэлбэрээр саад учруулаагүй болохыг албан ёсоор хэлье.

Миний хувьд хоёр ч шүүх хурал байсан давхцсан тул шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч анх удаагаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууцтай холбоотой асуудлыг дагнан өмгөөлж байгаа. Д.Оросоо өмгөөлөгч намайг орлох боломжгүй, тийм практик ч байхгүй. Улмаар Н.Өнөрцэцэг болон шүүх хуралдаанд орсон нэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Ийнхүү татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшилдог хуулийн зохицуулалттай. Гэтэл хойшлоогүй. Иймд өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх асуудлаар бид холбогдох газарт гомдол гаргасан. 

Н.Өнөрцэцэгийн хувьд өнөөдөр 135 хоног хоригдож байна. Өмгөөлөгчдийнх нь зүгээс  2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан" гэв. 

Д.БАТБОЛД: ИРГЭН ХҮН ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛӨХ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОМЖГҮЙ

Өмгөөлөгч Д.Батболд: Бидний үйлчлүүлэгчийн хийж байсан ажил нь сэтгүүлч. Олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэдэг. Мөн төрийн бодлогын тодорхой үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх ажил хийдэг. Олон нийтийг мэдээллээр хангах ажлынхаа хүрээнд энэ хүн тодорхой үйлдлүүдээ шалгуулж анхан шатны шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч нар болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг зөвшөөрөхгүй байгаа учир бид давж заалдах шатны шүүхэд хандаад явж байна. Анхан шатны шүүх өмгөөлөгчдийг оролцуулалгүй шүүсэн нь ноцтой алдаа болсон гэж үзэж байгаа. Манай үйлчлүүлэгчийг таван зүйл ангиар прокурор буруутгасан.

 Энэ таван зүйл ангиар буруутгасан яллах процесийн эсрэг иргэн хүн дангаараа өөрөө өөрийгөө хамгаалах хууль зүйн бололцоо байхгүй. Үүнийг шүүх дүгнэж цэгнэж үзэлгүй иргэнээ шүүсэн нь алдаа байсан.

 Давж заалдах шатны шүүхээс залруулах байх гэж найдаж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэх тал дээр анхан шатны шүүх алдаа гаргаж хэт  "чанга" хариуцлага хүлээлгэсэн гэж өмгөөлөгч нарынх нь хувьд үзэж байна. Хэргийн хувьд төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой зүйлүүд яригдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй задлан ярих боломжгүй учир олон нийтийг ойлгоосой гэж хүсч байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд нийгэмд өндөр манлайлал үзүүлж ирсэн сэтгүүлч, сэтгүүлзүйн олон үр нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлсэн. Улс нийгэмд учирсан олон арван тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахад хувь нэмрээ оруулсан ийм сэтгүүлч. Та бүхэн мэдэж байгаа байх. 

Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гэх мэт нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, олон нийтийн талд шударга дуу хоолой нь болж ажиллаж байсан Монголын ард түмний хүндтэй, хайртай сэтгүүлч. Тиймээс Н.Өнөрцэцэгийн энэ үйлдлүүдийг шүүх олон талаар нь дүгнэж, цэгнэж, түүнийг гэм буруугүйд тооцсон шийдвэр гаргаач ээ гэдэг хүсэлт гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.86
    6 цагийн өмнө

    Дураараа янхнууд вэ гэдэг шиг та нарын бодлоор хуулийг тайлбарлах уу тэгээд?!?! Мөнгөтэй бяртай байх нь хууль шүүхээр тоглож болно гэсэн үг үү?!?! Өчнөөн өмгөөлөгч аваад тэднээс нэг нь л байхгүй байвал одоо тэгээд та нарын хүслээр хүлээгээд байж байх байсан уу...нэг л өмгөөлөгч байхад хангалттай байдаг...нийгэмд битгий ийм буруу юм сурталчилаад бай мөнгөний боолууд минь...

    Хариулах
    • 43.228.130.188
      3 цагийн өмнө

      Хүний эрх хэдэн өмгөөлөгчтэй шүүгдэх нь хуулийн дагуу л явж байгаа байх