Ойрхи Дорнодын хямрал болон Хормузын хоолойн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор дэлхийн томоохон гүрнүүд өөр өөрийн онцлогт тохирсон багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
БНХАУ: Үнийн өсөлтийг "зөөлрүүлэх" тактик
Хятад улс бол дэлхийн хамгийн том түүхий тос импортлогч тул дотоодын зах зээлээ хамгаалахын тулд шууд зохицуулалтын аргыг хэрэглэж байна.
- Үнийн хязгаарлалт: 2026 оны 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн Олон улсын хөгжил, шинэчлэлийн хороо (NDRC) бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэд "түр зуурын хяналт" тогтоов. Олон улсын зах зээл дээрх үнийн өсөлтөөс шалтгаалан тонн тутамд 2200 юаниар нэмэгдэх ёстой байсан ч Хятадын засгийн газар үүнийг 1160 юань болгож "тал хувиар" бууруулж тогтоолоо. Ингэснээр сүүлийн 3 сарын хугацаанд 5 удаа нэмэгдээд байсан шатахууны үнэ төрөл тус бүр дээр дахин 1,65 юаниар нэмэгдэх хүлээлттэй байсан боловч 0,91-1,11 юаниар нэмэгдсэн байна. 2026 оны 01 сарын 10-нд 6,37 юань (3275₮/л) байсан Аи-92 автобензиний дундаж үнэ 8,57 юань буюу (4400₮/л) болсон байна.
АНУ: Стратегийн нөөцийн "интервенц"
АНУ эрчим хүчний бие даасан байдал харьцангуй өндөр ч дэлхийн үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд нөөцийн хүчээ ашиглаж байна. 2026 оны эхний хоёр сард АНУ-ын шатахууны үнэ сүүлийн хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ байв. 1-р сард тус улсын дундаж үнэ нэг галлон нь $2.81 (3.78 литр)орчим байсан нь 2021 оноос хойших хамгийн хямд үзүүлэлт болсон. 2-р сард болсон өвлийн шуурга болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээтэй холбоотойгоор үнэ бага зэрэг өсөж, $2.91-д хүрч байсан байна. 3-р сарын эхээр Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн эхэлж, Хормузын хоолой хаагдсанаар АНУ-ын шатахуун түгээх станцуудын үнэ өдөр бүр 5-10 центээр нэмэгдэж эхэлсэн бөгөөд 3-р сарын дунд үе гэхэд үндэсний дундаж үнэ $3.72-д хүрч, зарим мужуудад (жишээ нь Калифорнид) $5.50-аас давсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх төлөвлөгөөгөө 5 хоногоор хойшлуулж, яриа хэлцэл хийхээр оролдож байгаа нь зах зээлийг бага зэрэг тайвшруулж, шатахууны фьючерс үнэ 10 орчим хувиар буурч, нэг галлон нь $2.91 - $2.97 орчимд хэлбэлзэж байна. Гэсэн хэдий ч энэ нь оны эхэн үетэй харьцуулахад хэрэглэгчдэд хүнд туссан хэвээр байна.
- SPR (Стратегийн нөөц) гаргах: Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрчим хүчний агентлагтай (IEA) зөвшилцөн 172 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлж эхэлсэн.
- Дотоодын олборлолтыг дэмжих: АНУ-ын дотоодын занарын тос, байгалийн хийн олборлолтыг эрчимжүүлж, Ойрхи Дорнодоос хамааралтай байдлыг бууруулах бодлого баримталж байна.
Япон: Хамгийн том "хамгаалалтын бүс"
- Япон улс эрчим хүчнийхээ 85 гаруй хувийг импортоор авдаг, тэр дундаа 93%-ийг Ойрхи Дорнодоос авдаг тул хамгийн их эрсдэлтэй байгаа юм. 1-р сараас 2-р сар буюу оны эхээр шатахууны үнэ литр тутамд дунджаар 154-160 иен орчим байв. Энэ нь өмнөх оны сүүлээс хэрэгжсэн зарим татварын хөнгөлөлтийн үр дүнд сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшинд очоод байсан үе юм. Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн болон Хормузын хоолойн саатлаас шалтгаалан үнэ 5 долоо хоног дараалан өсөв. 3-р сарын 11 гэхэд 161.8 иенд хүрч, өсөлт эрчимжсэн. 3-р сарын 16-ны байдлаар Японы шатахууны дундаж үнэ литр тутамд 190.8 иен (4,216₮/л-$1.20) хүрч, 1990 оноос хойших түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэв. Зарим мужуудад (жишээ нь Ямагата) үнэ 198.5 иен-д хүрсэн байна.
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн засаг захиргаа үнийн өсөлтийг зогсоохын тулд дараах "онцгой" алхмуудыг хийж байна:
- Шатахууны татаас (Subsidies) дахин сэргээв: 2025 оны сүүлээр зогсоосон байсан шатахууны татаасыг 3-р сарын 19-нөөс эхлэн яаралтай дахин хэрэгжүүлж эхлэв. Засгийн газраас шатахуун нийлүүлэгч компаниудад литр тутамд 30.2 иен-ийн татаас олгож, жижиглэнгийн үнийг 170 иен орчимд барихыг зорьж байна.
- Стратегийн нөөц гаргах: Нийлүүлэлтийн хомсдолоос сэргийлэхийн тулд хувийн хэвшлийн нөөцөөс 15 хоногийн хэрэглээ, төрийн нөөцөөс 30 хоногийн хэрэглээний газрын тосыг зах зээлд үе шаттайгаар гаргаж эхлээд байна.
- Төсвийн зарцуулалт: Зөвхөн 3-р сард шатахууны үнийг тогтворжуулахад сард 300 тэрбум иен ($2.8 тэрбум) зарцуулахаар тооцоолж байна. Нийтдээ 2.2 их наяд иенийг шатахууны үнийг тогтворжуулах багцад төсөвлөжээ.
- Асар их нөөц: Япон улс дэлхийд тэргүүлэх хэмжээний буюу 254 хоногийн хэрэглээний нөөцтэй. Үүнээсээ 80 сая баррелийг (45 хоногийн хэрэглээ) зах зээлд гаргаж, үнийн хөөсрөлийг дарахыг оролдож байна.
- Дипломат арга: Хормузын хоолойг нээлттэй байлгахын тулд АНУ тэргүүтэй холбоотнуудтай хамтран ажиллахын зэрэгцээ өөрсдийн иргэдийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлж байна.
Европын Холбоо: Системийн шинэчлэл ба хэмнэлт
Европт эрчим хүчний үнэ өссөнөөр Герман, Итали зэрэг орнууд эдийн засгийн хүндрэлд (stagflation) орох аюул тулгараад байна. Европын Холбооны (ЕХ) улсуудын шатахууны зах зээл 2026 оны 3-р сард Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үнийн өсөлттэй нүүр тулаад байна. Олон улсын Brent төрлийн газрын тосны үнэ 100-119 ам.долларт хэлбэлзэж байгаа нь Европ даяар шатахууны үнийг литр тутамд дунджаар 1.71 - 2.26 евро (ойролцоогоор 6400 - 8500 төгрөг) болгон өсгөжээ.
Европ нь дизель түлшнийхээ тодорхой хувийг импортоор авдаг тул нийлүүлэлтийн саатал нь тээвэр, логистикийн зардлыг огцом өсгөж, инфляцыг 0.4 - 0.5 нэгж хувиар нэмэгдүүлээд байна. Хийн үнэ 3-р сард 67%-иар өссөн нь цахилгаан эрчим хүчний үнэд шууд нөлөөлж, иргэдийн амьжиргааны зардлыг хүндрүүлж байна. 2026 оны эхэнд Европын хийн нөөц өмнөх жилүүдээс бага (46 тэрбум шоо метр) байгаа нь эрчим хүчний аюулгүй байдалд түгшүүр төрүүлж байна.
- Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө: IEA-ийн зөвлөмжийн дагуу хурдны зам дээрх хурдны хязгаарыг 10 км/цагаар бууруулах, гэрээсээ ажиллахыг дэмжих зэрэг 10 алхамт төлөвлөгөөг гишүүн орнууддаа санал болгож байна.
- Татварын реформ: Шатахууны татварыг бууруулж, оронд нь сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд 30 тэрбум еврогийн санхүүжилт олгох шийдвэр гаргав.
- Нөөц гаргах: Европын орнууд IEA-ийн нэгдсэн шийдвэрээр нийт 400 сая баррель нөөц гаргах ажилд хувь нэмэр оруулж байна.
5. Зүүн өмнөд Ази (Вьетнам, Лаос):
- Вьетнам: Ерөнхий сайд Фам Минь Чинь улсын төсвөөс "Шатахууны үнийг тогтворжуулах сан"-д нэмэлт хөрөнгө төвлөрүүлж, үнийн өсөлтийг төрөөс даах шийдвэр гаргасан.
- Лаос: 95 октантай бензиний татварыг 91 октантай бензиний хэмжээнд хүртэл бууруулж, импортын зардлыг багасгах арга хэмжээ авч байна.
Ойрхи Дорнодын хямрал болон Хормузын хоолойн бүслэлт нь дэлхийн эдийн засагт 1970-аад оны эрчим хүчний хямралаас хойш тохиолдож буй хамгийн хүнд цохилт болоод байна. Олон улсын байгууллагуудын дүгнэлтээр дараах улс орнууд хамгийн их хохирол амсаж, "гал дээр" байна:
Өмнөд Азийн эмзэг эдийн засагтай орнууд (Нийгмийн хямрал)
Эдийн засгийн чадавх сул, гадаад валютын нөөц багатай улсуудад шатахууны үнэ өссөн нь хүнсний хомсдол, үймээн самуунд хүргэж байна.
- Шри-Ланка: Шатахууны хомсдолоос үүдэж сургуулиудаа хааж, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт зогссоноор "хүнсний онц байдал" зарласан.
- Пакистан ба Балба: Шатахуун болон хийн үнэ нэг шөнийн дотор 10-20%-иар өсөж, иргэд ШТС-ууд дээр урт дараалал үүсгэн дугаарлаж байна. Балба улс хийн түлшний (LNG) хар зах зээл үүсэхээс сэргийлж хатуу хяналт тогтоолоо.
Европын Холбоо (Аж үйлдвэрийн уналт)
Европын орнууд Оросын хийнээс хамааралтай байдлаа бууруулах гэж хичээж байх үед Ойрхи Дорнодын хямрал давхацсан нь "давхар цохилт" болов.
- Герман ба Итали: Эрчим хүч ихээр шаарддаг ган, химийн үйлдвэрүүд зардлаа дийлэхээ больж, үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн. Европын Төв банк Герман, Италийг "техникийн рецесс" буюу эдийн засгийн уналтад орж болзошгүйг анхааруулж байна.
Ойрхи Дорнодын импортлогч орнууд (Хүнсний аюулгүй байдал)
Хэдийгээр тус бүс нутаг нь эрчим хүч экспортлогч боловч хүнснийхээ 80-аас илүү хувийг Хормузын хоолойгоор импортолдог.
- GCC (Булангийн орнууд): Кувейт, Бахрейн, Катар зэрэг улсууд эрчим хүчээр баян ч Хормузын хоолой хаагдсанаар хүнсний нийлүүлэлт нь тасарч, "хүнсний шуурхай тусламж" авах хэмжээнд хүрээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна