ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "НҮБ-ын задралыг эхлүүлнэ" гэгдэж буй БРИКС-ийн чуулган маргааш эхэлнэ

Х.Батсайхан
2024/10/21

Одоогоос сарын өмнө НҮБ-ын "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт" АНУ-ын Нью Йорк хотноо болох үед бид чуулганы гол зорилго нь барууны орнуудын нэг туйлт хэвээрээ байх хүслийг биелүүлэх "Ирээдүйн гэрээ" болох тухай, энэ нь олон талт ертөнцийг бүтээх хүсэлтэй улс орнуудын хүсэл сонирхолтой хэрхэн зөрчилдөж, НҮБ-ыг задалж болох асуудлыг хөндөж, "Энэхүү чуулганы үр дагвар ирээдүйд байна" гэж дүгнэж байсан билээ / https://zuv.mn/n/15lx /. Тэгвэл тэрхүү ирээдүйд байгаа үр дагаврыг мэдэх эхний боломж энэ долоо хоногт гарах гэж байна. 

Тодруулбал, Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ тэргүүтэй есөн улсыг нэгтгэдэг БРИКС-ийн дээд түвшний уулзалт маргааш ОХУ-ын Казань хотноо эхэлнэ. Бид энэхүү хурал, гарч болох үр дүн, цаашдын үр дагаврын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Энэ долоо хоногт "БРИКС НҮБ-ыг орлоно" гэдэг суртал ухуулга хүчтэй явна

Барууныхан ШХАБ-ыг "Цэргийн эвсэл болж хувирах эрсдэлтэй" гэж дүгнэсэн шигээ БРИКС-т аль эртнээс анхаарал хандуулж, илүү томрохоос сэргийлж байсныг хэлэх хэрэгтэй. АНУ-БНХАУ, АНУ-Бразил, АНУ-ОХУ, АНУ-Энэтхэг, АНУ-ӨАБНУ-ын сүүлийн 15 жилийн худалдаа эдийн засаг, улс төрийн харилцааг харвал  бүхэлдээ эдгээр улсуудыг нэг, нэгээр нь талдаа татах гэсэн, болохгүй болохоор нь дайсагнасан, шахалтад оруулсан түүх байх бөгөөд энэ нь хүчний төв баруунаас алгуурхан шилжиж байгааг эрт мэдэрсэн, зогсоох гэж оролдож байсныг тодорхой харуулдаг. 

Украины дайн эхэлснээс хойш НҮБ дээр явагдсан "Дайныг дэмжих үү" гэх мэт хэт ерөнхий, битүү хатуу утга агуулгатай санал асуулгууд дээр түдгэлзсэн гишүүд олон байдаг байсан. Тэдэн дотор манайх шиг  "ОХУ, БНХАУ-аас хэтэрхий хараат" улсууд, аль, алинаас нь бага нөлөөлөлтэй гуравдагчуудаас гадна барууны орнуудын зээл мөнгөний бодлогод дарлуулж, тэндээс гарах гэсэн эрмэлзэлтэй улсууд ч байдаг байсан нь БРИКС-ийн нөлөөгөө ил гарч, эхнээсээ нэгдэж байна гэж хэлж болох юм.  
БРИКС нь 2006 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятадын бүрэлдэхүүнтэй анх байгуулагдаж /БРИК нэрээр/, дараа нь ӨАБНУ-ыг нэгтгэсэн бол энэ оны эхээр Иран, Египет, Этиоф, Арабын нэгдсэн Эмират улсыг элсүүлэн есөн гишүүнтэй болоод байна. 


Энэ нэгдэл НҮБ-ыг орлох асуудал хөндөгдөж байгаагийн гол шалтгаан нь тэд бүгд одоо үйлчилж байгаа дэг журам, баялгийн хуваарилалтад дургүйцсэн гэдгээс гадна эдийн засгийн хүчин чадал, өсөлтийн хурдацтай нь холбоотой.  

БРИКС-ийн орнуудын газар нутаг 43,556,873 км, хүн ам 3.53 тэрбум байгаа нь нийт хуурай газрын 26.7 хувь, хүн амын 43.5 хувь болж буй. 

Байнгуулагдсан цагаас нь хойш янз бүрийн цаг хугацаанд 40 орчим улс элсэх хүсэлтээ төрийн тэргүүний түвшинд илэрхийлж байсан бөгөөд 20 гаруй нь одоо ч энэ байр суурин дээрээ зогсож буй. Харин бусад нь ямар нэг шалтгаанаар буцсан байдаг нь дээрх хальт дурдсан, БРИКС-ийг тогтоон барих АНУ-ын хариу арга хэмжээтэй холбоотой нь ойлгомжтой. 

БРИКС-ийн гишүүн улсууд, элсэх хүсэлтээ илэрхийлж байсан улсуудыг ерөнхийд нь нэгтгэж харвал бүгд дэлхийн түүхий эдийн томоохон нөөц эзэмшигчид болохыг мэдэж болно. Энэ нь мөн нэгийг хэлэх бөгөөд том сэдэв учир бид энэ долоо хоногтоо багтаад тусад нь нэг нийтлэл болгон хүргэх болно. 
Казаньд болох хурал өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болно гэж байгаа бөгөөд есөн гишүүнээс гадна гишүүнээр элсэх хүсэлтэй 20 гаруй улсыг оролцуулж байгаагаараа онцлогтой. 


Тэр ч утгаараа "БРИКС +" уулзалт гэж байгаа бөгөөд шууд утгаараа сая НҮБ-ын чуулган дээр илрэн гарсан ОХУ-ыг ганцаардуулах гэсэн АНУ тэргүүтнүүдийн эсрэг авч байгаа хариул үйлдэл, ганцаардахгүй гэдгээ харуулах үйл явдал гэж тодотгож байгаа юм.  

Гэхдээ энэ бол гадна агуулга бөгөөд барууны сүр хүчний гол баталгаа болсон ам.долларын эсрэг мөнгөний шинэ бодлого явуулах ажил илүү биежих нь гол хүлээлтийн нэг болоод байгаа юм.  Хурлын талаар бид уншигчдадаа цаг тухайд нь мэдээлэл хүргэх болно. 


БРИКС-ийн гишүүн орнууд 

Бразил- Дэлхийн 11 дэхь эдийн засаг, байгалийн баялгийн томоохон нөөцийг хадгалагч. 
ОХУ- Дэлхийн 11 дэхь эдийн засаг, байгалийн баялгийн хамгийн том нөөцийг эзэмшигч. Газар нутгийн хэмжээ, зэвсэглэлээр дэлхийд тэргүүлэгч. 
Энэтхэг- Дэлхийн тав дахь том эдийн засаг. Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн хямд ажиллах хүчний нөөц. 
БНХАУ-Дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Дэлхийн хамгийн том экспортлогч, ажиллах хүч, хүн амын тал дээр Энэтхэгийн дараа л орно. 
ӨАБНУ- Дэлхийн 38 дахь эдийн засаг. Байгалийн нөөц баялгаар дэлхийд 32 дахь том эдийн засаг. 
Иран-Дэлхийн 41 дэхь эдийн засаг, байгалийн баялгийн асар их нөөцтэй. 
Египет- Дэлхийн 31 дэхь эдийн засаг. Стратегийн ашигтай байршилтай, байгалийн нөөц баялгийн эзспортоор 18 дугаарт эрэмбэлэгдэнэ. 
Этиоп- Дэлхийн 61 дэхь эдийн засаг. Байгалийн нөөц баялгийн ДНБ-ээр дэлхийд 56 дугаарт бичигдэнэ. Хүн амын тоогоор Африктаа хоёрдугаарт бичигддэг. 
Арабын нэгдсэн Эмират- Дэлхийн 29 дэхь эдийн засаг. 

Гишүүн болох хүсэлтэй улсууд 

Турк, Алжир, Тайланд, Малайз, Индонези, Нигери, Бангладеш... зэрэг болно.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    7 цагийн өмнө

    DANDAA DAMPUU ULS BNA DAA HUURHIII

    Хариулах