СУРВАЛЖИЛГА: Өөртөө хайртай хүн хорт хавдар тусдаггүй

Г.Хоролмаа
2 цаг 32 минутын өмнө

Монголд хорт хавдар нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй өвчин болжээ. Хорт хавдар гэсэн энэ өвчинтэй нүүр тулаагүй монгол айл өрх ховор болов уу.

 Хавдар судлалын үндэсний төвийн хашаагаар орох гэсэн машинуудыг харуул нь зогсоол дүүрсэн хэмээн буцаах нь харагдана. Дотогш орвол үүдэнд хоёр хөтөч хүмүүст иргэдийн асуусан зүйлсийг зааж өгөх ба ихэвчлэн хүмүүс “шинжилгээ хаана өгөх вэ, цаг авах гэсэн юм” гэх мэтчилэн асууна. 

Цааш явбал эмчийн өрөөрүү  орсон ар гэрийн хүнээ хүлээсэн хүмүүс хана налан зогсож хажуугаар нь үзүүлэх эмчийн өрөөгөө хайн зөрөх хүмүүсийн тоо 100 гаруй харагдана. Үзүүлэхээр ирсэн хүмүүсийн ихэнх хувь нь 50-аас дээш насны иргэд байв.

Эмчдээ үзүүлэхээр хүлээж буй иргэдээс эмнэлгийн нөхцөл байдал хэр байгааг тодрууллаа.

Иргэн С: Шинжилгээгээ өгж амжихын тулд өглөө хамгийн оройдоо 18:00 цаг гэж гарна. Шинжилгээний хариугаа хүлээгээд 4-5 цаг сууна. Хариу гарсны араас эмчдээ үзүүлэх цаг аваад хүлээж байтал тарах цаг нь болчихно. Ингээд л маргааш дахин ирэх хэрэг гарна. Зарим үед цаг олдохгүй 5-6 хоног хүлээлгэх тохиолдол ч бий. Өвчин нь бүр хүндэрсэн хүмүүст бол ингээд яваад байх цаг байхгүй нөхцөл байдал улам л хүндэрнэ.

Иргэн Х: өнгөрсөн 2023 онд хорт хавдартайгаа мэдээд улсын эмнэлэгтээ эмчлүүлэх гэсэн боловч дугаар оочер нь олдохгүй байсан тул байдгаа барж хувийн эмнэлгээр эмчлүүлсэн. одоо бол химийн эмчилгээ, дотор туяагаа ХӨСҮТ-д хийлгэж байгаа.

"Өвчтөн сэтгэл санаагаар тогтвортой байх үед биеийн дархлаа сайжирч, эмчилгээний үр дүн өндөр байдаг"

Хорт хавдрын шалтгаан хийгээд урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн эмч П.Болормаатай ярилцлаа.

-Эмнэлгийн ачаалал сүүлийн үед хэр байгаа вэ?

-Манай эмнэлэгт өдөрт 1000- 1300 гаруй хүн ирж үйлчлүүлдэг. Үүнээс 70 гаруй хувь нь тусламж үйлчилгээндээ хаирагдаад явдаг.

-Хорт хавдар гэсэн онош сонсож байгаа хүмүүсийг насны бүлгээр ангилвал?

-Энэ оношыг сонссон хүмүүсийн дийлэнх нь 45-аас дээш насныхан байдаг.

-Хорт хавдар үүсэх шалтгааныг иргэдэд энгийнээр тайлбарлавал?

-Хорт хавдар бол удамшиж ирэх магадлал их өндөр байдаг гэр бүлийн өвчлөл гэсэн үг. Мөн тамхи, согтууруулах ундааны хэрэглээг тасралтгүй олон жил хэрэглэсэн тохиолдолд бий болдог өвчин. Иргэдийн байнгын алддаг зүйл бол буруу хооллолт хөдөлгөөний дутагдал байдаг эдгээр нь аливаа хорт хавдрын бий болох шалтгаанууд байдаг.

-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргууд байдаг уу?

-Хүмүүс байнгын эрт илрүүлэгт орж байх хэрэгтэй. Нэмээд хувийн хичээл зүтгэлээс их шалтгаална. Жишээ нь, эрүүл хооллож илчлэг ихтэй биш тэжээллэг хоол хүнсийг сонгож хэрэглэх, тамхи согтууруулах ундаанаас зайлсхийх, вирусын эсрэг вакцин хийлгэх зэргээр өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй.

-Эмчилгээ хийлгэж байгаа хүнд эмчилгээнээс гадна сэтгэлийн дэм их хэрэгтэй байдаг байх эмнэлгийн зүгээс энэ тал дээр хэр анхаарал тавьдаг вэ?

-Мэдээж хорт хавдартай өвчтөнүүд сэтгэл санаагаар унасан үед биеийн дархлаа сулрах бөгөөд эмчилгээний үр дүн буурдаг. 

Тиймээс сэтгэл зүйч, дэмжих бүлгийн үйлчилгээ нь маш чухал. Өвчтөн сэтгэл санаагаар тогтвортой байх үед биеийн дархлаа сайжирч, эмчилгээний үр дүн өндөр байдаг. Гэр бүлийн зүгээс, эмнэлгийн зүгээс сэтгэл санааг маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй байдаг.

Эрт шатанд илэрсэн хавдар амархан эдгэрдэг бол хожуу шатанд эмчилгээ хүндрэлтэй, үр дүн багатай байх магадлал өндөр

Хорт хавдар нь биеийн эсүүдийн хяналтгүй хуваагдлаас үүсдэг өвчин бөгөөд эдийн бүтцийг гэмтээж, үйл ажиллагааг алдагдуулдаг. 

Энэ өвчин нь зөвхөн нэг эрхтэнд биш, цаашлаад биеийн бусад хэсэгт тархаж болно. Хавдрын эсүүдийн хурдан хуваагдал нь биеийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Хорт хавдар үүсэх түгээмэл шалтгаануудыг эмнэлгийн байгууллагаас:

            -Генетикийн нөлөө буюу гэр бүлийн өвчлөл

            -Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, химийн бодисд өртөх

            -Зарим вирус, бактери

            -Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг амьдралын хэв маяг

Эмч нарын зөвлөснөөр, эдгээр хүчин зүйлсийг бууруулах нь хорт хавдрын эрсдэлийг багасгахад тустай байдаг ба, хавдрын төрөл, шат, тархалт нь эмчилгээний арга сонгоход шууд нөлөөлдөг. 

Эрт шатанд илэрсэн хавдар амархан эдгэрдэг бол хожуу шатанд эмчилгээ хүндрэлтэй, үр дүн багатай байх магадлал өндөр. Тиймээс эрт илрүүлэгт орж өөрийн биеээ хайрлаарай гэж зөвлөж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна